Дэлхий нийтээр..
ОХУ-аас орж ирсэн түймрийг унтраахаар ажиллаж байна
ОХУ-аас орж ирсэн түймрийн голомтод Үндэсний аврах бригадын бүлгийн даргаар ахлуулсан алба хаагчид ажиллаж байна.
Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг, Минжийн застав орчимд ОХУ-аас Монгол Улсын хил рүү ойн түймэр гарч байгаа тухай дуудлага ОБЕГ-т 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21:40 цагт ирсний дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Эрэн хайх салбарын бүлгийн дарга, ахмад Х.Ганхуягаар ахлуулсан алба хаагчид үүрэг гүйцэтгэхээр явсан талаар Шадар сайдад танилцуулав.

Өнөөдөр өглөө 07:36 цагт ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисгэгч, инженер болон Үндэсний аврах бригадын бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Түмэнбаяраар ахлуулсан 5 алба хаагч, нийт 7 алба хаагч түймрийн голомт руу нисээд байна.
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх багийнхан түймрийн голомтыг бүтэн тойрч тандалтын нислэг үйлдэж, Хилийн тэмдэгтийн чиглэлд нутгийн гүн рүү түймрийн өргөн 1 км, урт 700 м орчим, хилийн тэмдэгтээс 500 орчим метрийн зайтай, ОХУ талдаа шаталт их явагдаж байгаа, түймрийн зүүн урд болон урд хэсэгт уугьж байна, баруун хэсгээр намагт тулж унтарсан, нэмэлт хүч шаардлагагүй гэж мэдэгджээ.

Монгол Улсын Засгийн газар, БНФУ-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын онцгой байдлын албаны хамтран хэрэгжүүлж буй Агаараас эрэн хайх, аврах ажиллагааны анги нэгж байгуулах төслийн хүрээнд “Airbus EC-145 T-1” загварын 2 нисдэг тэрэг оруулж ирээд буй. Нисгэгчдийг сургаж дадлагажуулах ажил амжилттай үргэлжилж байгаа бөгөөд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисэх бүрэлдэхүүн Минжийн хангайн гал түймрийн голомт руу алба хаагчдыг нисдэг тэргээр хүргэлээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ой хээрийн 70 түймэр дэгдээд буй.
Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын талтай цаг тухай бүрт нь холбогдон түймрийн голомт, хамрах хүрээ ямар байгаа талаарх бодит мэдээллийг солилцож, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ уялдуулан төлөвлөж, бэлтгэлтэй байх нь чухал. Хамгийн гол нь түймрийн голомтод ажиллаж буй алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай хүн хүч, техник төхөөрөмж, хувцас хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг бүрдүүлэх ёстой. Хуурайшилт ихтэй байгаа энэ цаг үед иргэд, олон нийт агаар салхинд гарах, амарч зугаалахдаа ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээ мэдээллийг сайн хүргэх хэрэгтэй байна” хэмээн даалгасан юм гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2022/12/06
Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангахыг үүрэг болголоо...
-
Үйл явдал2024/06/18
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож байгаа...
-
Дэлхий нийтээр..2021/01/05
Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг ...
-
Үйл явдал2020/07/25
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
