Үйл явдал
ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм.
Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ.
Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2021/04/30
Тавдугаар сард улсын хэмжээнд цэрэг татлага явагдахгүй
-
Дэлхий нийтээр..2024/05/14
Бүх боомтоор ХАА-н гаралтай бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ
-
Үйл явдал2020/05/13
Эрчим хүчний салбарт хуримтлуурын төсөл хэрэгжүүлнэ
-
Үйл явдал2026/08/11
COP17 хурлын үеэр дараах чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
