Үйл явдал
Налайх, Багануур, Багахангай дүүрэгт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож байгаад иргэд баяртай байна
УИХ-ын сонгуулийн XIII тойрог Налайх, Багануур, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар иргэд, сонгогчидтойгоо хийх уулзалтаа үргэлжлүүлж байна. Уулзалтын мэдээллээс тоймлон хүргэе.
Багануур дүүргийн боловсролын салбарт 2020-2024 онд 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө орууллаа
Багануур дүүргийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид, сургуулийн өмнөх боловсролын салбарынхантай уулзаж, намын мөрийн хөтөлбөр, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн дөрвөн жилийн эхний тухайд эхний хоёр жилд нь ковидтой тэмцэж, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажилласан. Хэдийгээр тухайн үед эдийн засаг хүндхэн байсан ч ковидын дараах хоёр жилд Шинэ сэргэлтийн бодлого, Эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.8 хувьд хүргэлээ.
Багануур дүүрэгт төрийн захиргааны болон нийтлэг үйлчилгээний нийт 1499 албан хаагч ажилладаг. Тэдний ажиллах орчин, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд 20 хувиар орон нутгийн нэмэгдэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчдад 30 сарын үндсэн цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож эхэлсэн.
Багануур дүүрэгт сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад 368 багш, ажилтан ажиллаж байна. Багануур дүүргийн боловсролын салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Үүнээс товчхон дурдвал хоёр болон дөрөвдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орсон. Мөн 40 жилийн түүхтэй 132 дугаар цэцэрлэг шинэ байртай болсноор дөрвөн бүлэгт 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай болж өргөжлөө. Үүнээс гадна Замчин хэсэгт бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын 6.2 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгууллаа.
Багахангай дүүрэгт 2020-2024 онд нийт 26.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдлээ

Багахангай дүүрэгт Улаанбаатар төмөр замын харьяа байгууллагын албан хаагчид болон төрийн үйлчилгээний байгууллагын төлөөлөлтэй УИХ-ын ээлжит сонгуульд МАН-аас дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.
Багахангай дүүрэгт 2020-2024 онд улсын төсвөөс нийт 26.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн.
Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар дүүрэгт хийгдэж буй онцлох ажлуудаас дурдвал:
- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн барилга-2.7 тэрбум төгрөг
- Соёлын ордны барилга-5.1 тэрбум төгрөг
- Орон сууцын байруудын их засвар-3.8 тэрбум төгрөг
- Замчин нуурын гэр хорооллын “Дэд бүтцийн төв”-ийн гадна инженерийн хангамжийн шугам-14.3 тэрбум төгрөг
- 150 хүний суудалтай спорт цогцолборын барилга-2.4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил өрнөж байна.
Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт тусгагдсанаар ирээдүйн Багахангай “Зүүн бүсийн тээвэр ложистикийн түшиц газар, худалдаа үйлчилгээ, Үйлдвэрлэл технологийн парк, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих бүх салбартаа инновац нэвтрүүлж, мэдлэг шингээсэн шинэлэг хот” болон хөгжинө.
Налайхчууд орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээлд хамруулж байгаад талархалтай байгаагаа илэрхийллээ

Налайх дүүргийн иргэд, сонгогчидтойгоо уулзаж, өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажил, МАН-ын мөрийн хөтөлбөрийн тухай иргэд, сонгогчидтойгоо ярилцлаа. Мөн уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хүрэлцэн ирж, иргэдийн асуултад хариулт өглөө.
2020-2024 онд Налайх дүүргийн цэцэрлэгийн хүртээмжийг 100 хувьд хүргэж, шинэ сургууль, өргөтгөл, Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, Спорт цогцолбор, гэрэлтүүлэг, камержуулалт, зам, дэд бүтэц гээд бүхий л салбарт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил өрнөсөн.
Төр засгийн бодлогын түвшинд Налайх, Багануур, Багахангай дүүргийг алслагдсан гэх ойлголт, тодорхойлолтоос салгаж, хот, дагуул хот болгон тэлж хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэллээ. Иймдээ ч Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 20 хувийн орон нутгийн нэмэгдэл, ипотекийн 3 хувийн хүүтэй орон сууцын зээл зэргийг шийдвэрлэж, улмаар үр шимийг нь хүртэж байгаад налайхчууд талархалтай байгаагаа илэрхийллээ. Үүнээс гадна иргэдийн зүгээс түрээслээд өмчлөх орон сууцанд хамруулах, уурхайчдад нөхөн олговор олгох, тэтгэврийг нэмэгдүүлэх, багшийн урамшууллыг олгох гэхчлэн асуудлыг хөндөж байлаа.

Тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлого баримтална
Багануур дүүргийн 1, 3, 5 дугаар хорооны иргэд, сонгогчидтойгоо уулзлаа. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр хороонд 2609 өрх, гуравдугаар хороонд 2336 өрх, тавдугаар хороонд 1946 өрх амьдардаг. Эдгээр иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсрол, зам, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анхаарч ажиллалаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнгөрсөн хугацаанд авлигатай хийх тэмцэл идэвхэжсэнээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2023 онд 1.5 их наяд төгрөгөөр давж биелэсэн. Улмаар далд эдийн засаг ил болсноор ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, ахмад настны дундаж тэтгэврийг 787 мянган төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалинг 50 хүртэл хувиар нэмэгдүүлээд байгаа юм. “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” мөрийн хөтөлбөрт тусгасанчлан цаашид тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг баримтална гэдгийг энэ үеэр танилцуулсан юм.



Үйл явдал
Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм.
Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм.
Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
-
Үйл явдал2024/04/30
Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгу...
-
Дэлхий нийтээр..2024/07/03
“Парис-2024” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан тамирчдаас 9 нь Олимпын ...
-
Үйл явдал2021/12/21
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/03/14
Монгол, Польш Улс Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоолоо
