Үйл явдал
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Улаанбаатар хотын хүн ам, суурьшлын бүс, үйлдвэрлэл болон дагуул хотуудын хөгжил нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн ундны болон үйлдвэрлэлийн усан хангамж газрын доорх усны нөөцөд түшиглэж байгаа бөгөөд 2040 он гэхэд усны хэрэглээ эрс нэмэгдэх тооцоо гарсан нь усны шинэ, найдвартай эх үүсвэр бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг баталгаажуулах, газрын доорх усны нөөцөд ирэх ачааллыг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025–2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд Туул голын урсацыг тохируулан гадаргын усыг хуримтлуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон ус дамжуулах дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулсанаар жилд 50–100 сая м.куб-аар усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компани боловсруулж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн ажлын явц 90 орчим хувьтай байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн усан хангамжийг дэмжих, Туул голын экологийн урсацыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах, усны нөөцийг хуримтлуулж, шаардлагатай үед зохицуулан ашиглах боломж бүрдэх юм.
Дэлхийн улс орнууд хотын усан хангамжийг зөвхөн нэг эх үүсвэрт түшиглүүлэхгүйгээр усан сан, гадаргын ус, газрын доорх ус, дахин боловсруулсан ус зэрэг олон эх үүсвэрийг хослуулан шийддэг. Тухайлбал, Япон, БНСУ зэрэг улс усан сан, олон зориулалттай далангаар дамжуулан ус хангамжийг хангахын зэрэгцээ үерийн эрсдэлийг бууруулж, усны нөөцийг улирлын байдлаар зохицуулдаг.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Үйл явдал2020/12/25
ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2020.12.25/
-
Дэлхий нийтээр..2024/11/04
“КОЙКА”-ийн суурин төлөөлөгч Жу Хэйннан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлэ...
-
Чөлөөт бүс2019/06/25
Эрчим хүчний салбарын спортын их наадам болно
-
Үйл явдал2026/07/29
НҮБ-ын зөвлөх Винстон Чан ОБЕГ-ын алба хаагчдад дэлхийн эрэн хайх, аврах ажиллаг...
