Дэлхий нийтээр..
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж 2026 оны хосрдугаар сарын 11-ний өдөр ОХУ-ын Зэвсэгт хүчний төв сүм бүхий “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэнд босгосон монгол эрсийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Москва хотын Одинцово дүүрэг, Минскийн хурдны замын 55 км-т 5500 га талбайд цогцолсон цэцэрлэгт хүрээлэнгийн энэ хэсэгт Дэлхийн хоёрдугаар дайны үед Зөвлөлт Холбоот Улсын холбоотон байсан ард түмнүүдийн хүндэтгэлийн уран барималт цогцолборыг бүтээсэн байна. Ингэхдээ тухайн ард түмний бодит хүмүүс, түүхэн үйл явдалд тулгуурлан урлажээ.
“Монгол цэргүүд” хэмээх хөшөөнд Ховд аймгийн Манхан сумын малчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гурван удаагийн Сүхбаатарын одонт Лувсангийн 18 настай байх үеийн цэл залуу дүр төрхийг мөнхөлжээ. Тэрбээр 1942 онд 1200 гаруй тэмээ бүхий жингийн цувааг ахлан, фронтод хүргэх бэлгийн ачааг Манхан сумаас Алтайн хязгаарын Бийск хотноо хүргэж өгчээ. Олон хоног, сар хүнд хэцүү замыг туулан асар урт тэмээн жингийн цувааг хөтөлж, монголчуудын чин сэтгэлийн тусламжийг Оросын ард түмэнд авчирсан энэ гайхалтай намтар түүхтэй хүн хэмээн Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж танилцуулаад, монгол хүний бодит дүрээр бүтээгдсэн хөшөө ОХУ-д цор ганц гэдгийг онцлов.
Хөшөөнд цэцэг өргөхөд Лувсан баатрын ач хүү Х.Дэлгэр оролцов. Тэрбээр монголчуудын бэлгийг Зөвлөлтийн ард түмэнд хүргэж, бага залуугийн дүр төрхөөрөө Москва хотноо мөнхрөн үлдсэн өвөөгөөрөө бахархаж байна гээд, өөрсдийн идэх хоол, өмсөх зүүхээс хагаслан байж дулаан хувцас, хоол хүнс цуглуулан цуваа цуваагаар бэлэглэж байсан Монголын ард түмний тус дэмийг Оросын ард түмэн өнөөдрийг хүртэл талархан хүндэтгэсээр байгаад баяртай байна гэлээ.
Хөшөөг уран барималч А.Д.Чебаненко бүтээж, 2022 онд цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
