Дэлхий нийтээр..
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын “Төрийн болон хувийн хэвшлийн малын эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа.
Зөвлөгөөнд мал эмнэлгийн төрийн болон төрийн бус байгууллагын 230 орчим төлөөлөгч оролцож, мал эмнэлгийн үйл ажиллагааны бодлого, чиглэл, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Зөвлөгөөний үеэр малын эм ханган нийлүүлэх байгууллага болон жижиг амьтны эмнэлгүүдийн бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн, худалдааг мөн зохион байгууллаа.
Нийслэлийн мал эмнэлгийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнөөс дараах зөвлөмжийг гаргаж, хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэв.
- Мал эмнэлгийн салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлэх
- Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн шуурхай, бие даасан, бэлэн байдлыг бүрдүүлэх
- Мал эмнэлгийн байгууллагуудын хүний нөөцийг бүрдүүлж, чадавхижуулах
- Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих
- Мэргэшүүлэх урт болон богино хугацааны сургалтад эмч, мэргэжилтнийг хамруулж чадавхижуулах
- Нийслэлд үйл ажиллгаа явуулж буй мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг шинэчилсэн бүртгэлд хамруулж, хяналтад бүрэн авах
- Мал эмнэлгийн яаралтай болон төлөвлөгөөт арга хэмжээг тархвар зүйн судалгааг үндэслэн боловсронгуй болгож, гүйцэтгэлийн хяналтыг сайжруулан үр дүнг тооцох
- Мал эмнэлгийн анхан шатны лабораторийн багаж тоног төхөөрөмж, хүний нөөцийг чадавхийг сайжруулж, нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг хамгаалах
- Мал эмнэлгийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэн, дүүрэг, хороодын Засаг дарга нарыг татан оролцуулахад анхааарах
- Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулж баталгаажуулан, хүн амын хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулахаар болсон юм гэж Нийслэлийн мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/01/27
ЗГ: Чингэлгийн тоог нэмэх талаар Хятадын талтай яриа хэлэлцээ хийж байна
-
Дэлхий нийтээр..2024/01/10
Зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана
-
Хэн юу хэлэв...2022/09/23
С.Бямбацогт: Цемент үйлдвэрлэгч үндэсний компаниуддаа баярлалаа
-
Үйл явдал2019/08/02
Олон улсын байгууллагын төлөөлөл Баяжуулсан хүнсний тухай хуулийн хэрэгжилтийн ө...
