Үйл явдал
Халаасанд шингэсэн 7.6 их наяд
З.Цэлмэг
Бид Оюутолгойн уурхайгаас улсын төсөвт хэдэн төгрөг орсон бэ гэдэгт анхаарлаа хандуулж иржээ. Харин төрийн авдарт оролгүйгээр ихэнхдээ компаниас компанийн хооронд, хүнээс хүний гарт хүрч шингэдэг үнэ цэнийн талаар тэр бүр ярихгүй өдий хүрчээ. Зах зээлийн амьд харилцаагаар дамждаг энэхүү мөнгөний урсгалыг эдийн засагт “давалгаалсан нөлөө” гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, томоохон төслүүдийн эдийн засгийг хөдөлгөдөг жинхэнэ хөдөлгүүр юм.
Судалгааны MMCG компани нээлттэй мэдээлэл ашиглан тооцоолсноор “Оюутолгой” компани 2024 онд эдийн засагт 7.6 их наяд төгрөгийн үнэ цэн буюу давалгаалсан нөлөөг бий болгожээ.
7.6 их наяд гэдэг алслагдмал тоо биш юм. Энэхүү мөнгө эдийн засагт хэрхэн яаж шингэснийг тайлбарлах аваас харин ч та бидний халаасанд, эзэгтэйн торонд, өрх гэрийн хэрэглээнд, үр хүүхдийн минь боловсролд зарцуулагдсаныг түвэггүйхэн ойлгоно. Шингэх шингэхдээ өсөж үрждэг. Яг л үр тариаг суулгаад арвин ургац хурааж, айл өрх бүрийн ширээн дээр очдог талхтай зүйрлэж болно.
“Оюутолгой” компанийн Монгол Улсын ДНБ-д үзүүлэх нөлөө нь зөвхөн өөрийн шууд бий болгосон нэмүү үнэ цэнээр тодорхойлогдохгүй. Уурхайн үйл ажиллагаа ханган нийлүүлэгчид, ажилчдын орлого, хэрэглээ болон бусад салббарт дамжин тархаж, нийт эдийн засагт илүү өргөн хүрээний нөлөө үзүүлдэг талаар MMCG компанийн гүйцэтгэх захирал Ч.Даваасүрэн тайлбарлав. ДНБ-г бүрдүүлсэн 7.6 их наяд төгрөг эдийн засагт үндсэн гурван сувгаар дамжжээ.
Шууд нөлөө: 2024 онд Оюутолгойн үйл ажиллагаанаас ДНБ-д шууд орж буй үнэ цэн нь 4.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус төсөл дээр 20 гаруй мянган монгол залуус дэлхийн түвшний техник технологийг удирдан ажиллаж, 215 мянган тонн зэс, 206 мянган унц алт үйлдвэрлэжээ. Тэдний авсан цалин хөлс, бүтээгдэхүүнээ борлуулаад улсад төлсөн 20 гаруй төрлийн татвар хураамж, ашиг зэрэг нь дотоодын эдийн засагт оруулж буй шууд хувь нэмэр юм.
Шууд бус нөлөө: Уурхай бол өөрөө эдийн засгийн хамгийн том хэрэглэгч юм. Тэнд ажиллаж буй 20 гаруй мянган хүний хоол хүнс, ажлын хувцас хэрэглэл, унаа тээвэр, уурхайд хэрэглэгдэх бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг бусад ханган нийлүүлэгчдээс авч, туслан гүйцэтгэгчдээр гүйцэтгүүлдэг. “Оюутолгой” компани 2024 онд үндэсний 642 аж ахуй нэгжээс 3.1 их наяд төгрөгийн бараа, үйлчилгээ худалдан авчээ. Тэдгээр ханган нийлүүлэгчдийн ажилчдадаа төлсөн цалин хөлс, улсад төлсөн татвар хураамж, өөрт үлдсэн ашиг зэрэг нь 1.4 их наяд төгрөгийн нэмүү өртгийг эдийн засагт бий болгосон байна. Дотоодын компаниуд өсөж хөгжиж, ажлын байр олноо бий болгож, сайжрах тусмаа том төслийн үр өгөөжийг ахиу хүртэж, эдийн засагт оруулах хувь нэмэр нь нэмэгддэг.
“Оюутолгой” компанийн 2024 оны үйл ажиллагааны жилийн тайлангаас харвал ханган нийлүүлэгчдийнх нь тоо 2023 онынхоос 8 хувиар, худалдан авалтын үнийн дүн 25 хувиар тус тус нэмэгджээ. Үндэсний ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь компаниуд “Оюутолгой”-н стандартыг хангахын тулд өсөж хөгжин шинэчлэл хийж, технологио сайжруулж, ажилчдаа сургаж байна. Тус уурхайгаас худалдан авалтдаа зарцуулсан нэг төгрөг бүр 0.296 дахин үржигдэж, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг тэтгэдэг.
Өдөөгдсөн нөлөө: Үүнийг товчхоноор хэрэглээнээс бий болсон эдийн засгийн үр өгөөж гэж ойлгож болно. Уурхайн ажилчид болон ханган нийлүүлэгч компаниудын ажилчид авсан цалингаараа орон сууц авч, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, үйлчилгээний салбарт мөнгөө зарцуулдаг. Байрны гадаах супермаркет, ресторан, үр хүүхдийнхээ сургалт хөгжилд зориулсан хэрэглээний төлбөрүүд нь ихэвчлэн эдийн засагт үй олноор ажлын байр бий болгодог жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дансанд шууд очдог мөнгө юм. Гараас гарт хүрч, иргэдийн халаасанд шингэдэг энэхүү мөнгөн урсгал 2024 онд эдийн засагт 1.5 их наяд төгрөгийг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ажилчдаар дамжин эдийн засагт шингэж буй 1 төгрөг бүр 0.32 дахин үржигдэж, нэмэгдэл өртгийг бий болгодог байна. Ажилчдын цалин хөлс, нийгмийн хангамж өндөр байх тусам хэрэглээгээр дамжсан энэхүү өдөөгдсөн нөлөө улам нэмэгддэг аж.
Дүгнэж хэлбэл, Оюутолгойн бий болгосон 1 төгрөг бүр зах зээлийн сувгаар дамжин компаниас компани, компаниас хүн, хүнээс хүнд дамжихдаа 1.6 дахин үржигдэн баялаг бүтээдэг бөгөөд 2024 онд 7.6 их наяд төгрөгийг Монгол Улсын ДНБ-д оруулжээ. Сонирхуулахад, улсын хэмжээнд уул уурхайн салбарын үржүүлэгчийн нөлөө 1.7 байдаг бол Канад улсад 1.6 байдаг юм байна.
Эдийн засагт шингэсэн 7.6 их наяд төгрөг бол зөвхөн статистик биш, бидний халаасанд шингэсэн асар их боломж юм. Хэрэв энэхүү мөнгө нэг дор бөөн байсан бол бид юу бүтээж болохыг төсөөлөөд үзье,
- Орон сууцны баталгаа: 50 мянга гаруй өрхөд тус бүр 150 сая төгрөгийн ипотекийн зээл олгож, шинэ сууцанд оруулах боломжтой.
- Боловсролын үнэмэмж: Бага, дунд боловсролын салбарт зүтгэж буй 40 мянган багшийн сарын цалинг 4.5 сая төгрөгт хүргэж, тэдний нийгмийн баталгааг бүрэн шийдэж болно. Цаана нь дахиад илүү гарна.
- Эрүүл мэнд ба эрчим хүч: Аймаг, хот бүрд "Бөөрөлжүүт"-ийнх шиг хүчирхэг цахилгаан станц эсвэл орчин үеийн Хавдрын төрөлжсөн эмнэлэг барих санхүүгийн чадамж юм.
- Хүүхэд бүрийн ирээдүй: Монголын хүүхэд бүрд 4.5 жилийн турш сар бүр 100 мянган төгрөгийн хадгаламж үүсгэх нөөц.
- Ногоон хөгжил: "Рио Парк" шиг олон улсын жишигт нийцсэн ногоон байгууламжийг Монголын бүх сумдад барьж, иргэд хаана ч ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх боломж юм.
Гэхдээ энэхүү 7.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бол төрөөс хуваарилдаг төсөв биш, харин таны бизнесийн захиалга, таны дэлгүүрийн борлуулалт, таны хүүхдийн сургалтын төлбөр болж буй зах зээлийн “амьд” урсгал гэдгийг ойлговол Оюутолгойн уурхай эдийн засагт хэр хэмжээний үр суулгасан нь тодорхой юм.
Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд эдийн засгийн араа улам эрчтэй эргэж, бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчид болон өрх гэр бүлүүдийн амьжиргаанд шинэ боломжуудыг тасралтгүй бий болгох нь ойлгомжтой. Бидний амьдралд үүссэн ийм хэмжээний бодит боломжийг ирээдүйн баталгаа болгох ухаан монголчууд биднээс хамаарах билээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2022/05/11
Европт амьдарч буй монголчууд сагсан бөмбөгөөр өрсөлдөв
-
Дэлхий нийтээр..2022/01/07
ЭМЯ: Монголын хоёр иргэнээс "омикрон" илэрсэн гэдэг нь ташаа мэдээлэл
-
Үйл явдал2021/12/24
Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн
-
Дэлхий нийтээр..2025/04/11
Монгол Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилох Ерөнхийлөгчийн санал...
