Хэн юу хэлэв...
Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хариуцлага чангатгах үүрэг өгөв
Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.06.09) болж, автозам, төмөр зам, иргэний нисэхийн салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх, НҮБ-ын "COP-17", “Дэлхийн адууны өдөр" зэрэг олон улсын томоохон арга хэмжээ, хурал уулзалтын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан харьяа байгууллагуудад хариуцлагыг чангатгах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр хэд хэдэн онцгой үүрэг даалгаварыг өглөө. Тухайлбал, сүүлийн үед нийслэл хотод скүтер, суррон, мопедтой холбоотой осол аваарын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, насанд хүрээгүй хүүхдээр цахилгаан тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хяналт шалгалтыг чангатгаж ажиллахыг үүрэг болголоо.
Мөн ЗТЯ-ны Автотээврийн бодлого зохицуулалтын газарт цахилгаан тээврийн хэрэгслийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзалтыг зохион байгуулж, хууль, дүрмийн хэрэгжилтийг хамтран сахиулах чиглэлээр нэгдсэн зохицуулалт хийж ажиллахыг санууллаа.
”Нээлттэй хаалганы өдөр”-өөр иргэд, олон нийтэд бүтээн байгуулалтын ажлуудаа танилцуулна
ЗТЯ-наас энэ сарын 15, 16,17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, бүх байгууллагуудыг идэвхтэй оролцохыг үүрэг болголоо. Мөн энэ үеэр зам тээврийн салбарт 2026 онд хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлууд, салбарын шинэчлэл, үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэж, төрийн үйлчилгээг газар дээр нь шуурхай хүргэж ажиллахыг чиглэл болголоо.
Нисэхийн салбарыг шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг сануулав
Мөн хурлаар олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефтийн үнийн өсөлттэй холбоотойгоор иргэний нисэхийн байгууллагуудад шатахууны нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа. Тухайлбал, ИНЕГ, ИНҮТ, “МИАТ” ТӨХК зэрэг байгууллагуудад гадаад дотоод нислэгийн тогтвортой үйл ажиллагааг хангаж ажиллах чиглэл өглөө.
Түүнчлэн иргэний нисэхийн салбарынханд олон улсын “DRONECON-2026” дрон болон агаарын шоу тэмцээнийг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, дараагийн чухал ажлуудад анхаарал хандуулж ажиллахыг сануулав.
Түүнчлэн энэ онд Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий 4 аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжийг бүрдүүлэх, үүнтэй холбоотойгоор орон нутгийн нислэгийн хуваарь, төлөвлөлтийг сайжруулах, жуулчдын аюулгүй байдал, тав тухыг бүрдүүлэх, шөнийн нислэгийн аюулгүй ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг анхаарууллаа.
Иргэний нисэхийн үндэсний төв (ИНҮТ)-д Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “цэнхэр барилга”-ын ажлыг эрчимжүүлж, тус барилгын дээвэр, гадна талын пасад зэргийг сольж шинэчлэхийг үүрэг болгоод, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулахыг дахин санууллаа.
ИНЕГ болон бусад байгууллагад олон улсын иргэний нисэхийн байгууллагын (ICAO) аюулгүй ажиллагааны шалгалтын комиссоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж, анхаарч ажиллах шаардлагатайг онцлов.
Зам, гүүрийн ажлын хяналтыг чангатгаж, үер, усны эрсдэлийг тооцоолж ажиллахыг анхаарууллаа
Төмөр зам болон авто замын байгууллагуудад урин дулааны улиралд үер усны эрсдэлийг урьдчилан тооцоолж, зам, гүүрийн ус зайлуулах байгууламж, хоолой, сувгийн бэлэн байдлыг хангаж ажиллах үүрэг өглөө. Ялангуяа говийн бүсэд хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдэд үерийн эрсдэлийг нарийн тооцоолж, барилга байгууламжийг хамгаалах шаардлагатайг онцгойлон анхаарууллаа. Мөн Замын-Үүд, Чойрын чиглэлд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслээс үүдэлтэй автозамын эвдрэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жин хэмжилтэд анхаарах, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах чиглэл өгөв.
”COP-17" хуралд тээврийн салбар онцгой үүрэг хариуцлагатай оролцоно
Хуралдаанаар хэлэлцсэн бас нэгэн чухал асуудал нь, Монгол Улсад ирэх наймдугаар сард зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу (COP17)-ын үеэр олон зочин төлөөлөгчид хүрэлцэн ирэх тул уг арга хэмжээний тээвэрлэлт, зохион байгуулалтын ажлуудад ЗТЯ болон харьяа байгууллагууд өндөр үүрэг хариуцлагатай оролцохыг салбарын сайд онцгойлон анхаарууллаа.
Мөн аялал жуулчлал, бүтээн байгуулалтын улирал идэвхжиж буйтай холбогдуулан ЗТЯ болон харьяа байгууллагуудын удирдлагууд хувийн ажлаар чөлөө зөвшөөрөл авах, гадаад руу томилолтоор явах, ээлжийн амралт авахгүй байх, баяр наадам, тэмдэглэлт өдрийг түр завсарлах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлага, ёс зүйг чангатгаж ажиллахыг анхаарууллаа.
Хурлын төгсгөлд, харьяа байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож, тулгамдаж буй зарим асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллах чиглэл өгөв гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.

Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2020/10/29
ЗГ: "Эрдэнэт үйлдвэр" эхний гурван улиралд 353 тэрбум төгрөгийн ашигта...
-
Дэлхий нийтээр..2021/08/12
Энэ хичээлийн жилд 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана
-
Үйл явдал2021/03/06
“Сэтгүүлч Батдорж” сангаас оюутнуудад зориулсан тэтгэлэгт уралдаанаа...
-
Дэлхий нийтээр..2021/08/25
Сурагчдын цахим бүртгэлийг өнөөдөр 17:00 цагт хаана
