Хэн юу хэлэв...
У.Хүрэлсүх: Архивын шинэ сан хөмрөг бүрдүүлэх, цахим архивыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай
“Шинэ сэргэлт-Цахим архив” сэдэвт архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны анхдугаар чуулган Төрийн ордонд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр боллоо. Чуулганд 30 мянга орчим төр, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн 80 мянга гаруй ажилтан, албан хаагч, архив, албан хэрэг хөтлөгчдийн төлөөлөл болох 500 гаруй хүн оролцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна:
Төрийн ой санамжийн өв санг баригч эрхэм хүндэт архивчид аа,
Чуулганы төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт нөхөд өө.
Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт архивчид Та бүхэнд удахгүй тохиох орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Монгол Улсын Архивчдын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Архив бол “Түмэн үеийн түүхийн толь, төр түмний оршихуйн үндэс, улс үндэстний ой санамжийн цогцлол” байдаг.
Улс үндэстний оршин тогтнохуйн үндэс болсон түүх, үнэт зүйл, ой санамжаа сахин хамгаалагч, түгээн дэлгэрүүлэгч эрхэм хүндэт архивчид Та бүхэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монгол төр, Монголын ард түмэн мянган дамжсан баялаг түүхтэй, зуун дамжсан зузаан баримттай билээ.
Монгол түмний түүх соёл, угсаа гарал, бичиг үсэг, зан заншил, ёс уламжлалын үнэт өв болсон архивынхаа сан хөмрөгийг чандлан хадгалж, судлан аривжуулж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг мөн.
Их Монгол Улс, Эзэн Чингис хааны үеэс төрийн үйл хэргийг эрхлэн хөтлөх дэг журмыг сайтар тогтоож ирсэн бөгөөд төрийн бичиг баримтын сан хөмрөгийг үүсгэж, эмх цэгцтэй хадгалан хамгаалахын сацуу эх баримтыг засамжилж болохгүйгээр хуульчилан тогтоож, архивын үйл хэргийг хөгжүүлж иржээ.
Түүнчлэн албан баримт бичгийн хэв маяг, хэлбэр загварыг боловсруулан, бичих цаасны хэмжээ, бэхний өнгийг тогтоосны зэрэгцээ, баримтыг дэвтэрлэн хадгалах аргыг ч журамлан үлдээсэн нь Монгол төрийн архивын соёл өнө эртнээс улбаатай болохыг илтгэж байдаг.
Монголчууд төрийн баримт бичиг, хууль цаазаа 800 шахам жилийн тэртээгээс “Хөх дэвтэр”-ээс эхлэн архивлан хадгалсан боловч зарим нь дайн самууны хөл, цагийн хатууд үрэгдэж, алдагдаж, зарим нь гадаад орны архив, номын санд шилжин хадгалагджээ.
1921 онд Ардын хувьсгал ялж, Ардын Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монголын ард түмний бүтээн байгуулсан түүх, соёлын өвийг хямгадан цуглуулж, хадгалан хамгаалж, сурталчилан дэлгэрүүлэх зорилгоор Судар бичгийн хүрээлэнг байгуулсан юм.
Уг хүрээлэнгийн нэг үүрэг нь засаг захиргааны нэгж, шашны байгууллагуудын үйл ажиллагааны явцад хуримтлагдсан данс харааны баримтыг төвлөрүүлж, улсын хамгаалалтад авах явдал байсан бөгөөд тус хүрээлэн нь төв, орон нутгаас хуучны данс харааны арвин их баримтыг сурвалжлан цуглуулж, нийслэл Улаанбаатар хотноо татан төвлөрүүлсээр 1927 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хуучин данс бичгийг эрхлэх нэг орон тоог бий болгосон нь орчин цагийн архивын албаны үүсэл хөгжил болжээ.
Тэгвэл өнгөрсөн нэгэн зууны хугацаанд манай улс архив, албан бичиг хөтлөлтийн эрх зүйн орчин, үндсэн тогтолцоог баттай бүрдүүлж, өдгөө хөгжлийнхөө цоо шинэ нэгэн үе болох “Цахим архив”-ын эрин үед хүрч ирээд байна.
Энэ бол үе үеийн эрхэм хүндэт архивчид Та бүхний оюун ухаан, цуцашгүй хөдөлмөр, яндашгүй хичээл зүтгэлийн хүчээр төрийн ой санамж, үүх түүх үл алдагдан, хадгалагдан хамгаалагдаж, залгамжлан үргэлжилж буйн тод илрэл юм.
Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэм хүндэт архивчид Та бүхэнд хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ төрийн ой санамж болсон архивын байгууллага, архивын баримтын үлэмж үнэ цэнийг чухалчлан үзэж “Монголын архивчдын анхдугаар чуулган”-ыг ивээл дороо зохион байгуулж байна.
Энэхүү анхдугаар чуулган нь улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын дархлаа болсон үүх түүх, үнэт зүйл, бичиг соёл, түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж байдаг архивын албаны одоо болон цаашдын ажил хэргийн асуудал, хөгжил дэвшлийн талаар бүх талаас нь хэлэлцэн ярилцаж, амжилт ололт, алдаа оноогоо дүгнэн цэгнэж, цаашдын зорилт бодлогоо тодорхойлж, үйл хэргээ хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.
Цаашид энэхүү чуулганыг дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байх нь төрийн ой санамж болсон архивын албаны хөгжил дэвшил, ажил үйлсэд тустай хэмээн үзэж байна.
Эрхэм нөхөд өө,
Архивын байгууллагын цаашдын хөгжил дэвшлийг хурдасгах, үндэсний үнэт зүйл, өв санг сахин хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд дараах асуудлуудыг онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна.
Нэг. Бидний өвөг дээдсийн бүтээсэн соёл иргэншил, үүх түүх, байгуулсан гавьяа, бахдам үйл хэрэг бол хүн төрөлхтний түүхийн салшгүй нэгэн хэсэг билээ. Ийм учраас манай улсын түүх дан ганц өнөөгийн Монгол орны нутаг дэвсгэрээр үл хэмжигдэнэ.
Тиймээс үндэсний түүх, соёлын өв, бичиг үсгийн дурсгалын олон түүхэн баримт гадаад улс орнуудад хадгалагдаж байгааг сурвалжлан илрүүлж, судлан бүртгэж, эх орондоо эргүүлэн авч ирэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллах учиртай.
Энэ хүрээнд архивын байгууллага болон бусад холбогдох яам, агентлагууд, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, эрдэмтэн судлаачид, иргэд, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв зохион байгуулалт онцгой чухал үүрэгтэй байна.
Хоёр. Орчин үеийн техник, технологи, инновацын шийдлийг ашиглан бусад улс орны сайн туршлагыг судлан нэвтрүүлж, архивын байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, цахим архивыг хөгжүүлэх ёстой.
Мөн архивт хадгалагдаж буй үнэт өв, баримт бичгийг судалгааны болон нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах бүхий л боломжийг эрэлхийлж, бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тухайлбал, иргэд удам угсаагаа лавтай мэдэж, угийн бичгээ баттай хөтлөхөд архивын баримт үндсэн сурвалж байх учиртай. Тиймээс иргэдийн угийн бичиг хөтлөлтийг хялбаршуулах чиглэлээр архивын байгууллагын үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.
Гурав. Архивын шинэ сан хөмрөгийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарах явдал чухал байна.
Үүний нэг нь түүхэн үйл явдал, түүхэн хүмүүсийн дуу хоолой, дүрс бичлэгийн сан хөмрөгийг үүсгэн баримтжуулан авах, хадгалан хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм.
Дөрөв. Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, архив, бичиг хэргийн ажилтны цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, архивын хадгалалт хамгаалалтыг сайжруулахад нэн түрүүнд анхаарах шаардлагатай байна.
Түүнчлэн мэргэжлийн архивч-судлаачдын гадаад хэлний болон сурвалжийн хэлний чадавхыг сайжруулах чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Эдгээрийг шийдвэрлэхэд төр, засгийн нэгдсэн бодлого, үйл ажиллагаа чухлаас гадна архивын ажилтан, албан хаагчид Та бүхний санал, санаачилга, идэвхи зүтгэл туйлаас чухал болохыг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Эрхэм хүндэт архивчид та бүхний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлийн нэг бол монгол хүний оюун ухаан, авьяас билгээр бүтсэн түүх соёлын биет болон биет бус өв, өвөг дээдсийн хөлс, цусаар бичигдсэн түүхэн баримтуудыг хадгалан хамгаалж, олон нийтэд сурталчлан таниулахын зэрэгцээ архивын баримтаар дамжуулан үндэсний эв нэгдэл, үнэт зүйлийг төлөвшүүлэхэд манлайлан оролцох явдал юм.
Үндэсний бичиг үсэг, түүх, соёлоо нүдний цөцгий, зүрхний толт мэт нандигнан дээдэлдэг, төрийн ой санамж болсон эрхэм хүндэт архивчид Та бүхний нэр хүндтэй бөгөөд нэн хариуцлагатай албанд өндөр амжилт хүсье.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2022/05/03
Сэрэмжлүүлэг: Гол мөрөн, нуурын үлдэгдэл мөс улам нимгэрч байна
-
Үйл явдал2026/07/30
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүл...
-
Үйл явдал2024/01/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/09/13
“Таван толгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийг ирэх сарын 1-нд ү...

