Үйл явдал
“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ханджээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг шуурхай хүлээн авах зорилготой “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаар наймдугаар сарын 14-нөөс ажиллаж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар давхардлыг хасаж тооцоход 1634 иргэнээс санал, хүсэлт иржээ. Иргэд 150150 дугаарт мессежийг үнэ төлбөргүй илгээхээс гадна mayor@ulaanbaatar.mn цахим шуудангаар холбогдох боломжтой.
Нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаагийн мэдээлснээр иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг тусгай баг хүлээн авч, нийслэлийн холбогдох 22 удирдлагад хуваарилан хүргэж байгаа аж. Хариуг тав хоногийн дотор өгөхөөр ажиллаж байна.
150150 дугаар нь дуудлага хүлээн авахгүй, зөвхөн мессежээр санал, хүсэлт авах зориулалттайг нийслэлээс санууллаа. Ингэснээр иргэдийн мэдээллийг бичгээр баримтжуулж, шийдвэрлэх байгууллага, хариуцах албан тушаалтныг тодорхой болгох зорилготой гэж тайлбарлав.
Мөн иргэд санал, гомдлоо илгээхдээ тухайн газрын хаяг, байршил болон үүссэн асуудлыг аль болох тодорхой бичих шаардлагатай. Мэдээлэл дутуу тохиолдолд иргэнтэй дахин холбогдож тодруулах шаардлага гарч, шийдвэрлэх хугацаа уртсах эрсдэлтэй аж.
Нийслэлээс 150150 тусгай дугаараар ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийг эргэн мэдээлэх зарчмаар ажиллаж байна.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Үйл явдал2020/04/23
Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
-
Тод зураг2019/08/01
Сэлэнгэ мөрөн, Ерөө, Хүдэр, Зэлтэр гол үерийн түвшинг 16-87 см давжээ
-
Үйл явдал2025/05/30
Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2020/12/15
Франкфурт руу хоёр удаагийн нислэг үйлдэнэ
