Хэн юу хэлэв...
У.Хүрэлсүх: Малчдын орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд чууллаа.
Чуулганаар “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрх зүйн орчин”, ”Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй”, “Малчдын нийгмийн хамгаалал”, “Мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх цогц арга хэмжээ”, “Мал аж ахуйн ирээдүй”, “Мал аж ахуйн салбарын хүний нөөц”, “Хувийн мал эмнэлгийн өнөөгийн байдал”, “Арьс, шир, мах, сүү бэлтгэх, боловсруулах, нийлүүлэхэд тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвээр илтгэл сонсож, хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэм нөхөд өө,
Монголын нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг өвлөн уламжлагч малчид, фермерүүд болон мал аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, мал зүйч, малын эмч, үйлдвэрлэгч, төрийн албан хаагч Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Монголчууд бид байгалиас заяасан баялаг, нөөц боломждоо тулгуурлан хөгжих учиртай. Буянт мал сүрэг бол манай ард түмний үнэт эрдэнэ, манай улсын үндэсний баялаг юм.
Мал аж ахуй бол олон мянган жилийн турш нүүдэлчин монголчуудын ахуй амьдралын үндэс, улс орны хөгжил дэвшлийн суурь, тусгаар тогтнол, аюулгүй байдлын үнэт баталгаа болж ирсэн уламжлалт салбар төдийгүй эдийн засгийн хоёр дахь том салбар юм.
Нүүдлийн соёл иргэншил, газар нутаг, цаг агаарын онцлогт тохируулан мал маллах уламжлалт арга ухааныг үе дамжин эзэмшиж, монгол ёс заншил, өв соёлоо тээж ирсэн, өсөн үржиж, урган төлждөг баялаг бүтээгч, малчин олон түмэндээ ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.
2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 300 мянга гаруй байгаа бөгөөд энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67 саяд хүрч, сүүлийн 31 жилийн дотор 41 саяар буюу 2.6 дахин өсөөд байна.
Ийнхүү өнөөдөр мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг бүрдүүлж, албан ёсоор ажил эрхэлж байгаа таван хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, 2021 онд 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялаг бүтээжээ.
Малын тоо, толгой эрс өсөж, малчдын орлого, амьжиргаа, нийгмийн хамгаалал тодорхой хэмжээнд сайжирч байгаа ч нийт малын бэлчээрийн 65 хувь доройтсон, газар нутгийн 77 орчим хувь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот суурин газар руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг олон сорилт, бэрхшээл малчид, мал аж ахуйн салбарын өмнө тулгарч байна.
Түүнчлэн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлууд нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлөө эрс эрчимжүүлэхийг шаардаж байна.
Иймээс тэнгэр, хангайгаа шинжиж, буянт мал сүргийнхээ үр шимийг хүртэж ирсэн монголчууд бид мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргах, цогц шинэчлэл хийх шаардлага зүй ёсоор урган гарч байна.
Эрхэм хүндэт нөхөд өө, зочид, төлөөлөгчид өө,
Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 50 гаруй хувийг гаднаас авдаг бөгөөд зөвхөн өнгөрсөн онд гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ.
Тухайлбал, олон зуун жилийн нүүдлийн мал аж ахуйн соёлтой, 70-аад сая малтай, сүү, сүүн бүтээгдэхүүнээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нөөц бололцоотой манай улс импортын хуурай сүүгээр хийсэн сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Түүн дотроо нялх нярай, бага насны хүүхдүүд, өвгөд хөгшид маань эх орондоо үйлдвэрлэсэн шим тэжээлт сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэж чадахгүй байна.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх таван жилийн хугацаанд мал сүргээ эрүүлжүүлж, малын ашиг шим, чанарт анхаарч, эрчимжсэн газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, өргөн хэрэглээний 19 хүнсний нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахын зэрэгцээ бүс нутагтаа органик хүнс экспортлогч орон болох зорилт дэвшүүлэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байгааг Та бүхэн мэдэж байгаа.
Дээрх зорилтыг ханган хэрэгжүүлэх хүрээнд Улсын Их Хурал “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталж, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчин, удирдлага зохион байгуулалт, бодлого, үйл ажиллагааны цогц шинэчлэл хийх бөгөөд ирэх таван жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд зориулан 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр шийдвэрлээд байна.
Дээрх тогтоолд мал аж ахуйн салбарын хувьд малын удмын санг хамгаалах, бэлчээрийн менежментийг сайжруулах, усан хангамжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг тохиромжтой бүс нутагт хөгжүүлэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бүрэн хяналтад авах зэрэгт 478 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан.
Энэ бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлж, улмаар хүнс экспортлогч орон болоход малчид, мал аж ахуйн салбарын хамт олон Та бүхний идэвх, санаачилга, хандлага, хамтын ажиллагаа туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэж байна.
Дэлхийн найман тэрбум хүн амын 1.6 тэрбум нь манай улсыг тойрон амьдарч байна. Цаашид ч дэлхийн хүн амын тоо хурдацтай өсөх хандлагатай байна.
Энэ бол монголчууд бидний хувьд асар их боломж, асар том зах зээл юм. Энэ боломж, бололцоо, зах зээлийг бүрэн ашиглах ёстой.
Өсөн үржиж, урган төлждөг хөдөө аж ахуйн баялаг, түүн дотроо мах, махан бүтээгдэхүүний экспортоор энэ том зах зээл рүү гарч, ашиг, орлого олохын зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн хүн амын хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах учиртай.
Цаашид малчдын орлого, амьжиргаа, амьдралын чанар сайжирсан, байгаль орчинд ээлтэй, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бий болгоход дараах асуудлуудад анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, малчдынхаа орлого, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатай байна. Мал аж, ахуйн салбарын хөгжлийн нэг суурь асуудал нь малчдын орлого, нийгмийн баталгааг хангах асуудал юм.
Эн тэргүүнд малчдыг эрүүл мэнд, нийгмийн даатгалд бүрэн хамруулах, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг боловсронгуй болгох, малчдад төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, чанартай хүргэхэд анхаарах ёстой.
Энэ хүрээнд төр, засгаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж нэмсэн нь иргэдийн амьжиргааг дэмжих нэг чухал алхам болсон төдийгүй малчид таван жилээр эрт тэтгэвэр тогтоолгох эрх зүйн боломж бүрдээд байна.
Цаашид тэтгэврийн зөрүүг бууруулах, малчдыг эрүүл мэндийн эрт оношилгоо, үзлэгт тогтмол хамруулах, тэдний хүүхдийн сургуульд орох нас, дотуур байрны хүртээмж зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд холбогдох яам, төр, захиргааны байгууллага анхаарч ажиллах нь зүйтэй.
Мөн малчдын залгамж халааг бэлтгэх, шинэ залуу малчдыг дэмжин урамшуулах, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхэд төрийн бодлогыг чиглүүлэх ёстой.
Ингэж байж монголчууд бид өв уламжлал, зан заншил, нүүдлийн соёл иргэншлээ хадгалж, уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйн салбарыг хослуулан хөгжүүлэх болно. Мал аж ахуйн салбарын суурь шинэчлэл бол малчид хүч хөдөлмөр, хөрөнгө, малаараа хоршин нэгдэж, хамтран ажиллах аливаа хэлбэрийг бүх талаар дэмжих асуудал юм.
Хоршин ажилласнаар үр ашиг, бүтээмж сайжрах, хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлдвэрлэл, борлуулалтын оновчтой сүлжээ, кластер бий болох, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэгүйдэл арилах, малчдын орлого, амьжиргаа сайжрах нөхцөл боломж бүрдэнэ. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын даатгал, биржийн тогтолцоог боловсронгуй болгож, хөдөө аж ахуйн зах зээлийн боломж, эрсдэлийг зөв тооцох малчдын мэдлэг боловсрол, чадварыг дээшлүүлэхэд анхаарах ёстой.
Хоёрдугаарт, малын тооноос илүүтэй чанар, ашиг шим, үйлдвэрлэлийн бүтээмжид онцгой анхаарах шаардлагатай байна. Олон жилийн турш монголчууд мал сүргийнхээ ашиг шим, үр өгөөж, бүтээмжийг нэмэгдүүлэхээс илүүтэй малын тоо, толгойг өсгөхөд анхаарч ирсэн нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон хүндрэл, бэрхшээлийг бий болголоо.
Тухайлбал, малын тоо, толгой хэт нэмэгдсэнээр бэлчээрийн даац хэтэрч, өвс, ургамлын гарц, шим тэжээл жил ирэх тусам муудаж байгааг та бүхэн маш сайн мэдэж байгаа. Ийм учраас эн тэргүүнд бэлчээрийн менежментийг эрс сайжруулах асуудал нэн чухал байна.
Малын үүлдэр, угсааг сайжруулж, нэг малаас авах ашиг шим, үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг кластераар хөгжүүлэх, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох, мах, сүү, ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, энэ чиглэлээр эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Мөн бүс нутаг, аймаг, сумдад нь тохирсон мал, аж ахуйн бүтээгдэхүүний брэнд бий болгох, зах зээлд нэвтрүүлэхэд нь төрийн бодлогоор дэмжлэг үзүүлэх явдал чухал юм.
Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд махны чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг байгуулахаар тусгаад байгааг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Гуравдугаарт, ирэх таван жилд Монгол Улсыг малын халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болгох шаардлагатай байна.
Энэ хүрээнд юуны өмнө мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх стратегийг сайжруулж, вакцинжуулалтын хамрагдалтыг үе шаттайгаар бүсчлэн хэрэгжүүлэх, эрсдэлтэй бүс нутгийн гоц халдварт өвчинд мэдрэмтгий мал, амьтныг технологит хугацаанд нь вакцинд бүрэн хамруулах ажлыг үр дүнтэй, чанарын өндөр түвшинд хариуцлагатай зохион байгуулах ёстой.
Цаашлаад био бэлдмэлийн дэвшилтэт үйлдвэрлэлийг эх орондоо бий болгож, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болох шаардлагатай.
Үүний зэрэгцээ мал эмнэлгийн үйл ажиллагаа, хүртээмжийг сайжруулж, мал зүйч, малын эмч нарыг эрэлт хэрэгцээтэй нь уялдуулан үе шаттайгаар бэлтгэх, давтан бэлтгэх хэрэгтэй байна.
Түүнчлэн ойрын хугацаанд экспортод чиглэсэн малын өвчингүй эрүүл бүсийг бий болгох ажлыг эрчимжүүлж, хорио цээрийн бүс тогтоож, дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын шаардлага, стандарт, зөвлөмжийг ханган хэрэгжүүлж, монгол малыг эрүүл гэдгийг баталгаажуулах ажлын явц, үр дүнг олон улсын түвшинд сурталчлан таниулж, хүлээн зөвшөөрүүлэхийн зэрэгцээ малын эрүүл мэндийг хамгаалахад малчдын үүрэг, оролцоо, хариуцлагыг эрс нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Дээр дурдсан үндсэн гурван зүйлийг амжилттай хэрэгжүүлэхэд малчид, мал аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, холбогдох мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа болон төр, хувийн хэвшлийн оновчтой түншлэл туйлаас чухал гэдгийг тэмдэглэж байна.
Эрхэм хүндэт нөхөд өө,
Хөрс, хүнс, хүн гурав хүйн холбоотой. Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Иймээс төрийн тэргүүний санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнүүд өөр хоорондоо нягт уялдаа холбоотой хэрэгжих ёстой.
Ялангуяа малчид, мал аж ахуйн салбарынхан Та бүхэн энэ гурван үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой үүрэгтэй бөгөөд та бүхний манлайлал, оролцооноос дээрх зорилт бодлогын хэрэгжилт, үр дүн шууд шалтгаална.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлснээс хойш тариаланчид, хүнс үйлдвэрлэгчид болон салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан гурван удаагийн үндэсний чуулган зохион байгууллаа.
Эх орныхоо өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн та бүхэн өнөөдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганаар тулгамдсан асуудал, цаашдын бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажил, ололт амжилт, алдаа дутагдлаа илэн далангүй хэлэлцэн ярилцаж, ажил хэрэгч санал, санаачилга гарган үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.
Манай улсын мал сүрэг эрүүл, үр өгөөж, ашиг шим нь өсөн нэмэгдэж байж үндэсний баялаг арвижих болно. Энэ их үйл хэргийг ажил хэрэг болгоход эрхэм хүндэт та бүхний итгэл сэтгэл, хичээл зүтгэл, хамтын хүчин чармайлт туйлаас чухал болохыг эцэст нь тэмдэглэе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2022/12/21
ШӨХТГ: 28 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ
-
Дэлхий нийтээр..2024/10/23
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчи...
-
Дэлхий нийтээр..2021/02/17
Сард 10-14 удаа тусгай үүргийн нислэг хийх бэлтгэлээ хангана
-
Дэлхий нийтээр..2021/12/09
Байнгын хороодын хуралдаан болно




