Хэн юу хэлэв...
Э.Батхүү: Цахим сэтгүүл зүй цахим орчинд хэрэглэгчдээ хамгаалах цаг болсон
Монголын сайтын холбооноос хоёр жил тутамд цахим сэтгүүл зүйн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жил цахим сэтгүүл зүйн IV чуулганыг “Цахим бүслэлт- Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. Энэ талаар Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүүтэй ярилцлаа.
-Монголын сайтын холбоо саяхан шинэ удирдлагуудаа сонгосон. Энэ талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?
-Монголын сэтгүүл зүйд шинэ өнгө төрх нэмж, өөрчлөлтүүдийг бий болгож байгаа цахим сэтгүүл зүйн мэргэжлийн ууган байгууллага болох Монголын Сайтын холбооноос гишүүддээ хандсан сургалт, төрөл бүрийн арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. Мөн холбооныхоо дүрмийг баримталж, хамтын удирдлагаа нэгдсэн чуулганаараа сонгодог. Дүрмийн дагуу Монголын сайтын холбооны нэгдсэн VI чуулган өнгөрсөн нэгдүгээр сарын 17-ны өдөр болж, нийт 81 сайтын төлөөлөл мандатын эрхээ авч оролцсон. Энэ чуулганы төлөөлөгчид Удирдах болон Хяналтын зөвлөлд орж ажиллах гишүүдээ сонгосон бөгөөд Удирдах зөвлөлөөс надад итгэл хүлээлгэн Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчөөр сонгосон. Шинээр томилогдсон удирдлагын баг Сайтын холбооныхоо үйл ажиллагааг хэвийн хэмжээнд үргэлжлүүлэх, гишүүн сайтуудын дунд сургалт болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, холбооны байраа тохижуулах, сайтаа шинэчлэх гэх мэт олон ажлыг зохион байгуулаад байна.
-Монголын сайтын холбоо “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” форумыг зохион байгуулах гэж байна. Энэ форумын талаар?
-12 жилийн түүхтэй Монголын сайтын холбооноос хоёр жилд нэг удаа форум зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн хугацаанд Монголын Сайтын холбоо цахим орон зайд хэвлэн нийтлэх эрхийг хамгаалж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсний зэрэгцээ Монголын цахим сэтгүүл зүйн гурван форумыг амжилттай зохион байгуулсан. Түүнчлэн Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулганыг хуралдуулж, Цахим сэтгүүл зүйн хүрээнд мөрдөн ажиллах Улаанбаатарын цахим тунхгийг олон нийтэд хүргэж ажилласан. Өөрөөр хэлбэл, бид дан ганц цахим сэтгүүл зүйдээ хандсан үйл ажиллагааг явуулдаг байсан бол энэ удаагийн ээлжит IV чуулганаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байна. “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” чуулганы ерөнхий зохион байгуулагчаар Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ажиллах бол Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран зохион байгуулагчаар оролцоно. Мөн дэмжигч байгууллагаар Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл төв, Монголын маркетинг, менежментийн хүрээлэн ажиллах юм. Энэхүү чуулганд сайт, сонин, телевиз, зурагчин, зураглаач гээд хэвлэл мэдээллийн салбарын бүх төлөөлөл оролцохоос гадна сошиал орчинд нийгэмд эерэг мессеж түгээгч инфлүүсерүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, үзэл бодлоо хуваалцах юм. Энэ өдөр цахим орчин түүний нөлөөлөл, хүний эрх, хүүхэд хамгаалал, сэтгүүлчийн ёс зүйн код ба гэмт хэргийг мэдээлэх асуудал, цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл гэсэн өргөн хүрээний сэдвийг хамтрагч болон дэмжигч байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэж, салбар салбарын төлөөлөл илтгэл тавина.

-Цахим бүслэлт гэсэн үг их содон сонсогдож байна. Чухам яагаад энэ үгийг сонгож авсан юм бэ?
-1991 оноос хойш мэдээллийн хэлбэр асар их өөрчлөгдөж, интернэт, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд бий болсон. Бидэнд өөрийгөө илэрхийлэх, мэдээлэлтэй байх, цахим орчинд бизнес эрхлэх гэх мэт олон гайхалтай боломж бий болжээ. Сэтгүүл зүйн өнгө төрх, мэдээллийн хурд ч үүнийг дагаад өөрчлөгдсөн. Гэхдээ цахим боломж бидэнд бас том эрсдэлийг дагуулж эхэлсэн гэхэд болно. Энэ жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Цахим бүслэлтэд өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тиймээс Монголын Сайтын холбооноос өөрсдийн уншигчдыг бас энэ цахим бүслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудлыг хөндөж гаргаж ирэхийг зорьж IV форумаа “Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээнд хийхээр шийдвэрлэсэн. Өнгөрсөн оны байдлаар Монголын 3.3 сая хүн амын 78.7 хувь нь сошиал медиа хэрэглэж байна гэсэн тоон мэдээ гарсан байдаг. Сошиал медиа хэрэглэгчийн олонх нь фэйсбүүкийн хэрэглэгч бөгөөд үүнийгээ дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэн доромжилсон, хүчирхийллийг дэмжсэн ёс бус үйлдлүүд ихэссэнээс гадна хүүхдийн аюулгүй байдал нэн тулгамдсан асуудал болоод байна. Цахим гэмт хэрэг, залилан мэхлэлт, цахим хүчирхийлэл ч их үйлдэгдэж байна. Мөн цахим орчинд эмх замбараагүй тарж байгаа гэмт хэргийн элдэв мэдээллүүд бусдад сэдэл өгөх сөрөг хандлага ч бий болж байна. Тиймээс цахим сэтгүүл зүй цахим хэрэглэгчдэдээ мэдээллийг үнэн зөв өгөх, мэргэжлийн ёс зүйтэй ажиллах, цахим орчинд хуурамч мэдээллийг ялгаж таних боломжийг уншигчдадаа олгох, үр хүүхдүүдээ бид цахим халдлагаас хамгаалах цаг болсон.
-Энэ чуулганаас ямар үр дүн хүлээж байна вэ?
-“Цахим бүслэлт-Нийгмийн сэтгэл зүй” сэдвийн хүрээн дор “Өнөөдрөөс өөрсдөө эхэлье” уриатай эерэг нөлөөллийн аяныг мөн эхлүүлж, дэмжин ажиллах байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, улмаар нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэх нэг жилийн аяныг өрнүүлэхээр ярилцаж тохироод байна. Сэтгүүл зүй өөрөө нийгмийн өмнө маш том хариуцлага хүлээдэг чухал салбар.Тиймээс цахим сэтгүүл зүй хэрэглэгчдээ үнэн зөв мэдээллээр хангахын зэрэгцээ хуурамч мэдээлэл, элдэв гэмт хэргээс ч бас хэрэглэгчдээ хамгаалах цаг болсон гэж бид үзэж байгаа юм.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2023/08/24
АТГ: Төрийн байгууллагуудад хүргүүлсэн зөвлөмжийн хэрэгжилтийг хянан үзэв
-
Үйл явдал2021/06/16
Улаанбаатарт өнөөдөр дархлаажуулалтын 38 цэг ажиллана
-
Үйл явдал2021/06/22
Өнөөдөр Улаанбаатар хотод ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Дэлхий нийтээр..2024/09/12
Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
