Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

З.Батырбек: Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авалт хийвэл барьцаанаас хэсэгчлэн чөлөөлнө

Огноо:

,

Сэтгүүлч:

Хөгжлийн банкны Бизнес, хөгжил хариуцсан дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбектэй ярилцлаа.

- Таны хувьд Хөгжлийн банкны Дэд захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Банкны зээлүүдийн нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөхгүй юу, эргэн төлөлтийн хувьд ямар дэвшил гарч байна вэ?

- Хөгжлийн банкны нөхцөл байдал амаргүй, нийт 66 зээлдэгчээс 5 зээлдэгч нь зээлээ бүрэн төлөгдсөн. Нийт 35 орчим зээлдэгч тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлт хийж байгаагаас хамгийн бага нь 4 сая төгрөгийн, хамгийн их нь 27,4 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдэж, өнөөдрийн байдлаар нийт 153,3 гаруй тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна. Өнгөрсөн жилийн турш үндсэн зээлийн төлөлт  408,4 орчим тэрбум төгрөг төлөгдсөнтэй харьцуулбал нилээн ахицтай байна.

Бид нийт зээлийг зарцуулалтаар нь гурав ангилж үзэж байна. Нэгдүгээрт, тухайн зээлийг зориулалтын бусаар ашигласан, тухайн төсөл хэрэгжээгүй. Эдгээр зээлүүд асуудал ихтэй байна. Шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагуудтай хамтарч ажиллахаас өөр сонголт байхгүй. Хоёрдугаарт Төрийн өмчит аж ахуйн нэгжид олгосон төсвийн шинж чанартай зээлүүд байна. Энэ нь улсын төсөвт зарим нэгийг нь тусгана гэж байсан бол тусгаагүй. Жилээр хойшилчихсон. Жишээлбэл, ТОСК-ийн зээл, Эрчим хүчний яамтай холбоотой зээлүүд байна. Гуравдугаарт, тухайн төсөл нь хэрэгжсэн ч өнөөгийн нөхцөл байдлаас хамаараад мөнгөн урсгал нь саатсан, бизнесийн үйл ажиллагаанд нь догол үүссэн зээлүүд байна. Банкны хувьд энэ гурван чиглэлд ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна. Үр дүн нь тодорхой түвшинд гараад эхэлж байгаа ч нөхцөл байдал сайжиртал тодорхой цаг хугацаа шаардлагатай байна.

- Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцуудын талаарх мэдэгдлийг иргэдэд зориулж мэдээлсэн. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Хөгжлийн банкны зээлийн багцаас 8 зээл нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн зээл байгаа бөгөөд эдгээрээс 4 зээлдэгчийн хувьд тухайн барьсан орон сууц нь Хөгжлийн банкны барьцаа хөрөнгөнд байна. Тодруулбал, Бэрэн групп ХХК-ийн хувьд Хангай хотхоны  Ё блокны барилгууд, Пирамид-Орд ХХК-ийн “Буман залуус” орон сууцны хороолол, Модун ХХК-ийн “La Colina” хотхоны барилга, Строй Инвест ХХК-ийн Шинэ Эрдэнэт төслийн зарим барилгууд нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа гэсэн үг. Бид эдгээр байгууллагуудыг зээлийн зөрчлөө арилгах, мөн иргэдийг хохироохгүй байх тал дээр анхааруулж хамтран ажиллаж байна.

Тэгэхээр манай банкнаас зарлагдсан дөрвөн байгууллагаас орон сууц худалдан авч болно. Харин худалдан авалтын төлбөрөө л Хөгжлийн банкны дансанд хийснээр манай банкны барьцаанд байгаа орон сууцнаас өөрийн худалдан авсан байраа барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлж, гэрчилгээгээ авах боломжтой болно гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энэ шаардлагыг Та мөн тухайн байрыг борлуулагчид тавих ёстой. Тэгж байж бид эдгээр зээлийг хамтдаа эргэн төлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, манай банкны барьцаанд байгаа орон сууцыг хэн нэгэн хүн танд худалдан борлуулж төлбөрийг нь танаас авчихсан ч хөгжлийн банкны зээл рүү шилжүүлж байрыг нь барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх арга хэмжээг авахгүй л бол та байрныхаа жинхэнэ эзэн болох боломжгүй байх нь.

Жишээ нь, Строй Инвест ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж байгаа орон сууцны төсөл байна. Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авч, төлбөр нь манай банкны дансанд байршсан тохиолдолд барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөөд өгч байгаа. Энэ байрнаас худалдан авч болохгүй шүү гэсэн зүйл огт байхгүй. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг хар жагсаалтад орсон байна, энэ байрнаас битгий аваарай гэх агуулга бүхий мэдээллүүд нь ташаа ойлголт шүү гэдгийг хэлмээр байна. Харин эсрэгээрээ худалдан авалт хийснээр дээрх барилгын компаниуд нь зээлээ төлөх боломжтой болно гэсэн үг.

- Худалдан авагч нь төлбөрөө Хөгжлийн банкны дансанд 100 хувь шилжүүлснээр  барьцаа хөрөнгөөс чөлөөлөгдөнө гэсэн үг үү? Төлбөрөө хийсэн худалдан авагч бүр Хөгжлийн банк руу хандах уу?

- Борлуулагч талаас худалдан авагчийн төлбөрийг Хөгжлийн банкны дансанд шилжүүлээд мэдэгдэх эсвэл худалдан авагч өөрөө Хөгжлийн банкны дансанд төлбөрөө байршуулаад мэдэгдэх аль аль хувилбарын боломжийг хангаж байгаа.

Жишээ нь, банкны зээлээр авахаар бол урьдчилгаа төлбөрөө манай банкны дансанд байршуулаад зээл авах арилжааны банкаараа зээлээ судлуулаад гаргасан шийдвэрийг нь манай банк руу ирүүлнэ. Тухайн шийдвэрийг үндэслэн энэ байрыг чөлөөлөхөд татгалзах үндэслэлгүй гэсэн албан тоот бичиж өгнө. Ингэснээр тухайн арилжааны банк байрны төлбөрийг манай банканд шилжүүлнэ. Үүний дараа тухайн байрыг барьсан компанийн хүсэлт, арилжааны банкны зээл шийдвэрлэсэн бичгийг үндэслэн Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцаас хэсэгчлэн чөлөөлж өгч байна. Иргэн 100 хувь төлбөрөө төлөн худалдаж авч байгаа тохиолдолд тэр мөнгө нь  манай банкны дансанд байршуулсан гэдгийг нотолсон бичиг буюу аж ахуйн нэгжээс нотолсон бичгийг үндэслэн барьцаа хөрөнгөнөөс хэсэгчлэн чөлөөлж өгч байгаа.

- Худалдан борлуулагчдын хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

Мэдэгдэлд дурдсан дөрвөн байгууллага маань ч бас нэгдсэн ойлголттой байгаа. Жишээлбэл, “Модун” ХХК-ийн “La Colina” төслийн байраас иргэд дээрх зарчмаар худалдан авалт хийж, зээлийн эргэн төлөлт хийгдээд байгаа. Ковидын нөхцөл байдлаас болоод байрны борлуулалт зогссон байсан ч одоо худалдан авалт нэмэгдэж байгааг мэдэгдсэн. Энэ урсгалаараа байвал “Модун” ХХК зээлээ хэвийн хэмжээнд төлөх боломж нь бүрдэж байгаа гэж ойлгож болно. Борлуулагч талаас байр худалдан авах гэж байгаа иргэнд Хөгжлийн банкны дансанд төлбөрөө байршуулна гэдгийг анхнаас нь ойлгуулж, тохиролцох нь л чухал юм.

- Хөгжлийн банк зээлийн мэдээллээ ил тод мэдээлж байна, тэгвэл та бүхэн энэ банкны үйл ажиллагааг цаашид хэрхэн үргэлжлүүлэх вэ?

Хөгжлийн банкны ирээдүйг эерэг талаас нь харж байгаа. Учир нь гадна талдаа дотоодынхоо нөхцөл байдлыг илэн далангүй илэрхийлсэн нь итгэл үнэмшлийг нэг талаар түрүүлж байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны мууг далдлаад явсангүй, бодит нөхцөл байдлыг ил тавилаа.

Бид банкны дүрэм журмын өөрчлөлт, холбогдох хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн мэдээллийг гадна талын хөрөнгө оруулагч нартаа ч мөн ялгаагүй өгөөд, хэлцэл хийгээд явж байгаа. Мөн 10 гаруй ОУ-ын байгууллагуудаас хөрөнгө оруулалт татахаар хэлцлийн шатанд ажиллаж байна. Зарим нэг нь нааштай хандаж байна. Банкны хуулийн хүрээнд Олон улсын аудитын байгууллагуудаар үнэлгээ хийлгэж байгаа.

Засгийн газраас гол дэмжлэг үзүүлж, бүх ажиллах нөхцөл боломжийг хангаж өгч байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчин, ажиллах нөхцөлийг хангаж өгч байгаа учраас чанаргүй активтай холбоотой өнөөгийн асуудлуудыг даван гарна гэсэн итгэл найдвартай ажиллаж байна.

Хөгжлийн банк цаашид шилэн болно. Хөндлөнгийн хамаарлыг аль болох бууруулах бодлого, чиглэлийг баримталж, санхүүжилтийн бодлогоо холбогдох хууль эрхзүй, дүрэм журмын хүрээнд ил тод, нээлттэй болгоно. Санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр, түүний хэрэгжилтийн явц, хяналт шалгалт, хүрэх үр дүн гээд бүх мэдээллийг нээлттэйгээр хүргэнэ. Цаашид Хөгжлийн банк хөгжлийн түүчээ болж тэр хэмжээгээр ажлын байр бий болгож, долларын урсгалыг Монголдоо оруулж ирэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна. Мөн бид цаашид арилжааны банкнуудын санхүүжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхгүй, экспорт руу чиглэсэн, импортыг орлох төслийг дэмжиж ажиллана. Жишээ нь, шинэ орон сууцны хорооллыг бий болголоо гэхэд түүний дэд бүтцийг Хөгжлийн банк санхүүжүүлэх, харин дээр нь баригдах хорооллыг арилжааны банкнууд төсөл хэрэгжүүлэгчтэй хамтраад шийдэж болно. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд стратегийн ач холбогдолтой томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход анхаарч ажиллана. Ингэснээр Монгол улсын эдийн засагт том эерэг нөлөөг үзүүлнэ гэж харж байна.

- Ярилцсанд баярлалаа.

Монгол Улсын Хөгжлийн банк 

Хэвлэл мэдээллийн алба

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал21 цаг 40 минут

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал21 цаг 47 минут

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..22 цаг 1 минут

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..22 цаг 4 минут

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал22 цаг 9 минут

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал22 цаг 13 минут

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал22 цаг 16 минут

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал22 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Үйл явдал2026/08/13

“СОР 17”-үеэр 600 сайн дурын идэвхтэн ажиллуулахаар бэлтгэжээ

Үйл явдал2026/08/13

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэ...

Үйл явдал2026/08/13

БНХАУ COP17 бага хурлын зохион байгуулалтад нэг сая ам.долларын дэмж...

Үйл явдал2026/08/13

"KHARKHORUM 360°" фестиваль шинэ жишгийг бий болгож байна

Үйл явдал2026/08/13

ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Үйл явдал2026/08/13

УИХ-ын дарга С.Бямбацогт СОР17 хурлын бэлтгэл ажилтай танилцав

Санал болгох