Хэн юу хэлэв...
Д.Сумъяабазар: Айлчлалын үеэр Хятадын тал Улаанбаатар хотын хоёр том төслийг дэмжихээ илэрхийлсэн
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөн ярилцаж, ямар гарц, шийдэлд хүрсэн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазараас тодрууллаа.
-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нийслэл Улаанбаатар хоттой холбоотой ямар асуудлыг хөндөж, ямар шийдэлд хүрсэн бэ?
-Улаанбаатар хот бол улсын нийт хүн амын тал хувь нь амьдарч буй нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор. Тийм ч учраас шийдэх ёстой олон асуудал байгаа. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын боломж, бололцоо хумигдмал байгаа цаг үед хотын хөгжил улс төрийн зөв шийдвэр гарсан үед бий болдог. Энэ үед Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны ажлын айлчлал БНХАУ-д тав хоног үргэлжилсэн. Айлчлалын бүрэлдэхүүнд хотын удирдлагыг оролцуулсан нь хүн амын 50 хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод Монгол Улсын Засгийн газраас онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаагийн илрэл.
Улаанбаатар хотын түгжрэл тулгамдаж байгаа асуудлын нэгдүгээрт байдаг. Тиймээс түгжрэлийг шийдэхэд Ерөнхий сайдын зүгээс онцгой анхаарч, үндэсний хороо байгуулж, Засгийн газраас Улаанбаатар хотын улсын төсөвт төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийн орлогыг үлдээж, хөрөнгө оруулалтыг дэмжих шийдвэр гаргасан. УИХ-ын зүгээс ч Улаанбаатар хотын эрх зүйг анхаарч дэмжсэн. Энэ нь УИХ, Засгийн газрын түвшинд хотдоо онцгой анхаарч байгааг олон улсын түвшинд харуулсан үйл явдал. Хэдий цар тахалтай байсан ч БНХАУ олимп зохион байгуулж, дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, удирдлагуудыг оролцуулсан нь бидэнд олдож буй том боломж байсан. Манай Ерөнхий сайд боломжийг зөв, үр дүнтэй, багийн зохион байгуулалтыг оновчтой хийж, маш үр дүнтэй ашигласан.
Айлчлалын үеэр хэлэлцсэн асуудалд Улаанбаатар хоттой холбоотой хоёр том төслийг багтаасан нь олзуурхууштай хэрэг. Эхний төсөл нь Улаанбаатар хотын нийтийн тээвэрт шинэ хэлбэрийн нийтийн тээвэр бий болгох тухай асуудал байлаа. Баганан тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT-ийг гүүрэн байгууламж хэлбэрээр барьж байгуулах шийдлийг гаргасан. Энэхүү хөнгөн галт тэрэг байгуулах төслийн хүрээнд таван жилийн хугацаанд гурван чиглэлд 50 км орчим үргэлжлэх гүүрэн байгууламж байгуулахад БНХАУ-ын талаас, тэр дундаа Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос онцгой анхаарч, бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Манай Улаанбаатар хот аюулгүйн гуравхан гарцтай. Газар хөдлөлт болоод бусад төрлийн гамшиг, аюул тохиолдлоо гэхэд улаанбаатарчууд маань хотоос гарах гарцан дээрээ, гудамжиндаа түгжрэх аюул бий. Тиймээс тойрог зам байгуулж, хотын иргэдийн амь нас, эрүүл мэнд, цаашлаад эд хөрөнгийг авран хамгаалах гарц шийдэл болгож, тойрог хэлбэрийн хурдны замыг байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд нэг талдаа гурван эгнээ, хоёр урсгалтай хурдны зам байгуулах асуудлыг айлчлалын үеэр ярилцсан.
-Томоохон төслүүдийн моторыг нь асаагаад, түлхүүрийг нь эргүүлэхийн тулд бид нэн түрүүнд юү хийх ёстой вэ?
-Биднээс ихээхэн зүйл шалтгаална. Нэгдүгээрт, бид хэлсэн ярьсандаа байх ёстой. Хоёрдугаарт, сахилга баттай байх ёстой. Гуравдугаарт, харилцан ашигтай хамтын ажиллагаа гэдэг ойлголтыг суулгах ёстой. Ямар ч харилцаа, бизнест хоёр талын хамтын эрх ашиг гэдэг зүйл зайлшгүй яригддаг.
Түүнчлэн төрийн хүнд суртлыг арилгаж, бүтээмжийг нэмэгдүүлэх учиртай. Төрийн хүнд суртал, авлига гээчийг байхгүй болгож байж бид урагшилна. Ерөнхий сайдын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн бүтээмжийг дээшлүүлэх ажлыг онцгойлон анхаарч, хувийн хэвшлээ дэмжсэн бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Энэ тухай олон жил ярьсан учраас иргэд эргэлзэж байж магадгүй. Гэвч бид хийх ёстой. Төр нь гол зохицуулалтыг хийгээд, бусад ажилд нь төр оролцох шаардлагагүй гэсэн үзэл санааг дэвшүүлж байна. Ингэснээр олон аж ахуйн нэгжийн үүрэг, оролцоотойгоор ажлын байр ч нэмэгдэнэ, хувийн хэвшлийн эдийн засгийн боломж ч өргөжнө.
-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар маш олон төсөл, хөтөлбөр санаачлан, эхлүүлдэг ч төд удалгүй замхардгийг иргэд шүүмжилдэг. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг асуудал нь хөнгөн галт тэрэг гэлээ. Таван жилийн дотор гурван чиглэлд, 50 км орчим урттай хөнгөн галт тэрэгний замыг бүтээн байгуулах ажил хэр бодитой бол?
-Улаанбаатар хотод хэрэгжүүлэх гэж буй төсөл, арга хэмжээг олон жил ярьсан. Э.Бат-Үүл даргын үед нэг хэсэг сайн явсан ч багийн зохион байгуулалтад орж, ойлголцож чадаагүй болов уу. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын зүгээс бүрэн дэмжлэг үзүүлж чадаагүй. Харин энэ асуудал өдгөө МАН эрх барьж байгаа цагт гарахгүй байгаа нь давуу тал. Ялангуяа одоо УИХ, Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотын асуудлуудыг бүрэн дэмжиж байгаа. Тэгэхээр бид аливаа төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ ТЭЗҮ-ийг зөв тооцоолж, санхүү, эдийн засгийн дэмжлэгээ авч байж амласан амлалтаа биелүүлнэ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлуудаас хэд хэдэн зүйлийг онцолмоор байна. УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн тал дээр маш сайн суурь дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай болох суурь алхмыг хийж өгсөн. Төсөв, санхүүгийн тухайд Ерөнхий сайд болон Сангийн сайд Улаанбаатар хотын 420 тэрбум төгрөгийн төсвийг хотод нь үлдээх шийдвэрийг гаргасан. Эдгээр дотоод зохион байгуулалтыг гадаадын томоохон байгууллагууд зүгээр өнгөрөөхгүй. Ялангуяа дэлхийн санхүүгийн байгууллагуудын зүгээс Улаанбаатар хотод шууд зээлийн эх үүсвэр олгох саналуудыг тавьж байгаа. Энэ бүхэн бол хууль, эрх зүйг буюу суурь зарчмаа зөв тавьсны давуу тал юм. Саяны айлчлалын үеэр бид төсөл, хөтөлбөрүүдээ шууд хөрөнгө оруулалтын хэлбэрээр болон олон улсын түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, бүтээн байгуулалтад хамтран оролцох санал гаргасан. Ингэснээр ард түмэндээ амласан түгжрэлийг бууруулан, төвлөрлийг сааруулах төсөл, хөтөлбөрүүдийг товлосон хугацаандаа хийж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.
2024 ондоо багтаан хөнгөн галт тэрэгний эхний туршилтыг хийх боломжтой. Мөн хурдны замын ажлуудыг эхлүүлнэ. Туулын хурдны замын ТЭЗҮ, ажлын зураг нь хийгдчихсэн, бэлэн байгаа төслийн нэг. Тэгэхээр таван жилийн дотор тус хоёр төслийг багтаан хийх саналыг БНХАУ-д албан ёсоор тавьсан. Талууд хоорондоо зөвшилцөн, хэлэлцээрийн түвшинд явж байна. Миний хувьд ажлаа хийж дуусгаж чадна гэж үзэж байна.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Тод зураг2020/07/15
Цэрэгжсэн улсын хүчирхэг зэвсэгт хүчин...
-
Дэлхий нийтээр..2024/06/21
Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Д.Амарбаясгалан Увс аймгийн Тэс ...
-
Хэн юу хэлэв...2020/04/13
COVID-19: Эл хуль харагдах эх дэлхийн хотууд...
-
Дэлхий нийтээр..2022/10/05
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуурхай штаб ба...
