Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар албажсан баримт бичгүүд
Монгол Улсын Ерөнхий сайл Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр албан ёсны уулзалтууд болсны зэрэгцээ дараах баримт бичгүүд албажиж, мөн зарим ноот бичгийг Хятадын талд хүлээлгэн өгсөн байна.
· “Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”,
· Монгол Улсын “Нэг тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцсоны дагуу “Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”,
· Монгол Улсаас БНХАУ-д гаргадаг экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх хүрээнд “Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хоорондын Монгол Улсаас БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн протокол”-ыг эцэслэн тохиролцож, тус тус гарын үсэг зурлаа.
Мөн Монголын талд албажиж, хэрэгжиж эхлэхэд бэлэн болсон дараах ноот бичгүүдийг Хятадын талд гардууллаа.
· БНХАУ-ын Бээжин хотноо 2019 оны зургадугаар сарын 4-ний өдөр гарын үсэг зурсан “Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Монгол Улсын Их Хурал соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг ноот бичгийн хамт,
· “Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Шивээхүрэн-Сэхээ боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцох тухай” Монголын талын ноот бичгийн төсөл зэргийг гардуулсан байна.
Эдгээр боомтын хилийн төмөр замын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг буюу солбицол тогтоох ажлыг хоёр талын Гадаад харилцааны яамны ажлын хэсэг 2016 оны тавдугаар сард зохион байгуулж, протоколд гарын үсэг зурсан бөгөөд энэ удаагийн айлчлалаар уг асуудлыг баталгаажуулах нөхцөл бүрдлээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
