Хэн юу хэлэв...
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо хэлэлцээ хийж, Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан Тунхаглал гаргалаа.
МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХООРОНД
ДИПЛОМАТ ХАРИЛЦАА ТОГТООСНЫ 100 ЖИЛИЙН ОЙН
ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ
Монгол Улс, Оросын Холбооны Улс (цаашид Талууд гэх),
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Москва хотноо 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Оросын харилцааны түүхэн ач холбогдол, өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөвийн талаар өргөн хүрээнд санал солилцсон үр дүнг харгалзан,
- улс хоорондын харилцааны түүхэн дэх Монгол, Оросын ард түмний зуун жилийн найрамдал, сайн хөршийн харилцааны онцлог шинж чанарыг тэмдэглэн,
- Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хамтын тэмцэл, Ардын хувьсгал, Халх голын байлдаан болон Аугаа их Эх орны дайн, Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд бэхэжсэн ахан дүүсийн дайчин нөхөрлөл, харилцан тусламж үзүүлж ирсэн гэгээн сайхан уламжлалыг үндэс болгон,
- хоёр талын нягт хамтын ажиллагаа нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх, олон улсын тавцан дахь байр суурийг бэхжүүлэх үндэс суурь болсныг тэмдэглэн,
- түүх, соёл, зан заншлаа харилцан хүндэтгэж, хоёр ард түмний найрамдал, хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлэн,
- бүрэн эрхт улсууд эрх тэгш байх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бусад зарчим, хэм хэмжээг хүндэтгэх үндсэн дээр орчин үеийн нөхцөл байдалд нийцсэн улс төрийн яриа хэлэлцээг хөгжүүлэн,
- батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг эрмэлзэн,
- худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг, байгаль орчныг хамгаалах салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хоёр талын шугамаар болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хүрээнд өргөжүүлэхийг зорин,
- бүс нутгийн болон дэлхий нийтийн гол асуудлуудаар ижил буюу төстэй байр суурьтай байдгаа үндэслэн,
- хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хугацаагүйгээр хөгжүүлж, дараагийн зуунд хоёр талын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, цогцоор нь эрчимтэй, тогтвортой хөгжүүлэхийг зорин дараах зүйлсийг тунхаглаж байна:
Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ” нь хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гарган хугацаагүй хэрэгжихийг баталгаажуулсан бөгөөд Монгол, Оросын хамтын ажиллагааг уламжлалт найрамдал, итгэлцэл, сайн хөршийн харилцаа, төрийн бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, бие биеийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмуудын дагуу цаашид хөгжүүлэх бат бөх эрх зүйн үндэс суурийг бүрдүүлснийг Талууд онцлон тэмдэглэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлсэн нь хоёр орон, ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, энэхүү гэгээн сайхан уламжлалыг үеэс үед дамжуулах Монгол, Оросын харилцааны цаашдын хөгжлийн эрх ашигт нийцсэн олон нийтийн дэмжлэгийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан ажил болсныг Талууд тэмдэглэв.
Талууд Стратегийн түншлэлийг хөгжүүлэх 2016 оны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг дүгнэж, шинэ хөтөлбөр боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлах нь зүйтэй гэж үзэв.
Талууд хоёр талын улс төрийн байнгын хэлхээ холбоо, ялангуяа өндөр, дээд түвшний харилцааг тогтмол хадгалах нь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх ач холбогдолтойг тэмдэглэв.
Талууд Монгол Улсын Их Хурал болон Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, парламент хоорондын харилцааны механизмуудыг хууль тогтоох үйл ажиллагааны туршлага солилцоход идэвхтэй ашиглахад бэлэн байгаагаа нотлов.
Талууд цэрэг, цэрэг-техникийн хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны чухал бүрэлдэхүүн болохыг тэмдэглэж, цэрэг-техникийн туслалцаа үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, түүнчлэн цэргийн төлөөлөгчдийн солилцоо, хамтарсан сургуулилт, соёл, спорт, хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулах замаар батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ.
Талууд Халх голын байлдаан, Аугаа их Эх орны дайн болон Дэлхийн хоёрдугаар дайнд байгуулсан ялалтад зориулсан хамтарсан арга хэмжээ зохион байгуулах, эдгээр үйл явдлыг судлах, дурсгалыг нь мөнхжүүлэх санаачилгуудыг дэмжиж, түүхийг гуйвуулах, нацизмыг алдаршуулах явдал гаргахгүй байх арга хэмжээ авна.
Талууд терроризм, хэт даврах үзэл, салан тусгаарлах үзэл, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигатай тэмцэх, зэвсэг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн бэлдэц, түүхий эдийг хууль бус эргэлтэд оруулах, эдийн засаг, байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх болон олон улсын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цогц хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. Энэ үүднээс Талууд хоёр улсын прокурор, шүүх, хууль сахиулах, хил хамгаалах байгууллагууд болон тусгай албадын харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.
Талууд түлш, эрчим хүч, геологи, уул уурхай, дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, түүний дотор банк, санхүүгийн байгууллага хоорондын яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан ашигтай хөрөнгө оруулалтын хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс, түүний дэд комисс, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг өндрөөр үнэлж байна.
Талууд эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, эдгээр харилцааг чанарын шинэ шатанд гаргахад чиглэсэн санаачилгуудыг дэмжих шаардлагатайг хүлээн зөвшөөрөв.
Талууд “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 1994 оны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол” байгуулсныг сайшааж, боомтуудын дэд бүтцийг сайжруулах, нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаа нотлов.
Монгол, Оросын хилийг шалгах ээлжит ажлыг хэрэгжүүлэх хоёр талын хамтарсан комисс байгуулагдаж, тус комисс нь ажлаа 2022 оноос эхлүүлэхээр төлөвлөж буйг Талууд сайшааж байна.
Талууд онцгой байдал, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах, тэр дундаа хамтарсан сургуулилт хийх, тулгамдсан чухал асуудлуудаар мэдээлэл, туршлага харилцан солилцох, мэргэжилтнүүдийг бэлтгэх замаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
Талууд Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан “Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т үндэслэн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд цаашид ч дэмжлэг үзүүлнэ.
Талууд хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, замын шинэчлэлийг цаашид хийх, түүнд суурилж хил дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэхэд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус нийгэмлэгт бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.
Талууд Оросын Холбооны Улсын үл хөдлөх хөрөнгийн өмчийн эрхийг хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу бүртгэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт газар ашиглах Оросын Холбооны Улсын эрхийг шинэчлэн бүртгэх үйл явцыг аль болох хурдан хугацаанд дуусгахын тулд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах болно.
Талууд байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч, бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэж, харилцан хүндэтгэх үндсэн дээр хил дамнасан усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалахад нягт хамтарч ажиллахыг эрмэлзэнэ.
Талууд боловсрол, шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын шууд харилцааг хөгжүүлэхийг зорьж, Монголын боловсон хүчнийг ОХУ-д сургах, орос хэлний сургалтыг Монгол Улсад өргөжүүлэхэд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад орос судлал, ОХУ-д монгол судлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана.
Талууд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглах, инновацыг хөгжүүлэх зорилгоор эрдэмтэн, мэргэжилтэн, оюутан харилцан солилцох зэргээр шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлнэ.
Талууд нийгэм, соёлын сэдэвчилсэн арга хэмжээ, концерт, үзэсгэлэн, уран бүтээлийн уулзалт зохион байгуулах замаар хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэхийг эрмэлзэнэ.
Талууд хүүхэд, залуучуудын солилцооны хөтөлбөрүүдийн өгөөж боломжийг нэмэгдүүлнэ.
Талууд эрүүл мэнд, нийгмийн болон хүмүүнлэгийн салбарын, түүний дотор хоёр улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах, сайжруулах, байгалийн голомтот болон бусад халдварт өвчинтэй тэмцэх, анагаах ухааныг хөгжүүлэх, эрүүл мэнд, эм зүйн салбарын мэргэжилтэн сургах, давтан сургах чиглэлээр туршлага солилцоход чиглэсэн хэлхээ холбоог улам бэхжүүлнэ.
Талууд шинэ төрлийн коронавируст (COVID-19) халдварын тархалтыг зогсоох чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хоёр орны тээврийн харилцааг сэргээхэд шаардлагатай хүчин чармайлт гаргаж, цар тахал дууссаны дараа худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг аль болох түргэн, бүрэн сэргээх боломжийг эрэлхийлж ажиллана.
Талууд 2015 онд байгуулсан “Монгол Улс, ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал” болон 2016 онд байгуулсан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Монгол, Орос, Хятадын энэхүү ирээдүйтэй гурван талт цогц хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх үүднээс идэвхжүүлнэ.
Талууд Ази, Европын хооронд дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхэд Монгол, Оросын газарзүйн ашигтай байршлын давуу байдлаа бүрэн дүүрэн ашиглахын тулд энэ чиглэлээрх хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх сонирхлоо нотлов.
Талууд ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн ажил амжилттай урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд шаардлагатай дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлнэ.
Талууд дэлхийн болон бүс нутгийн олон асуудлаар хандлага ойролцоо байдгийг тэмдэглэж, олон улсын байгууллага болон бүс нутгийн тавцан дахь хоёр талын хамтын ажиллагааны түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Талууд гадаад бодлогын уялдааг бэхжүүлэх, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох зорилгоор тогтмол хийдэг хоёр талын зөвлөлдөх уулзалтуудыг үргэлжлүүлнэ.
Талууд олон улс болон бүс нутгийн үйл хэргийн хүрээнд нөгөө Талын бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нийгмийн дэг журамд хохирол учруулахуйц алхам хийхгүй гэдгээ нотлов.
Талууд Нэгдсэн үндэстний байгууллага, Ази-Европын уулзалт (АСЕМ), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал (АХАИББХ), АСЕАН-ы Бүс нутгийн чуулга (АРФ), Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) зэрэг олон улсын байгууллага, механизмын хүрээнд хоёр талын хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
Монголын тал Их Евразийн түншлэл байгуулах санаачилгыг дэмждэгээ илэрхийлэв.
Талууд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын үйл ажиллагаа, түүний дотор эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээлэл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн механизмууд дахь Монгол Улсын оролцоог идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Талууд Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан судалгааны ажлын хэсгийн ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Үйл явдал2020/09/28
Цагдаагийн алба хаагчдыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх сургалт явагдаж ба...
-
Дэлхий нийтээр..2025/02/27
Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд цаг их зарцуулж байна
-
Үйл явдал2024/11/14
Улаанбаатар хотод гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурчээ
-
Үйл явдал2021/08/30
Даваа гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
