Дэлхий нийтээр..
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.20/ хуралдаан 09 цаг 42 минутад 64.7 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр шийдвэрлэв.
Хуралдаанаар эхлээд 2019.05.03-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, С.Чинзориг, Ж.Чинбүрэн, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг нар үг хэлэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ж.Чинбүрэн нар ээлжит бус чуулганаар эрүүл мэндийн чиглэлийн гол хуулиудад оруулсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэн, шинээр байгуулсан Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нь үйл ажиллагаагаа явуулж эхний үр дүнг үзсэний дараа сайн төсөл оруулж ирж хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын гаргасан хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг хойшлуулах горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Ингээд хуулийн төслийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулав. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэх эмнэлгийн хэрэглэгдэхүүнийг эрсдэлээр ангилан бүртгэх шинэ зохицуулалтыг оруулж, эм, уламжлалт эм, малын эмийг сонгох, бүртгэх зарчим, шалгуур болон эм үйлдвэрлэгч, импортлогчийн эмийн чанар, аюулгүй байдалд хүлээх хариуцлагыг нэмэгдүүлж, эмийн хяналтад нэгдсэн цахим программ хангамж нэвтрүүлэхээр тусгасан байна.
Мөн эмийн зохистой хэрэглээ, сонголт, жор бичилтийг сайжруулах зорилгоор эмийн жорыг заавар удирдамжид үндэслэн бичих, цахим жор хэрэглэх, эм хангамжийн байгууллага, эмч төлөөлөгч нарын эмийг зах зээлд таниулах, нэвтрүүлэх үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгажээ. Энэ хүрээнд иргэд эм гэж төөрөгдөн хэрэглэдэг эрүүлжүүлнэ, тураана, таргалуулна гэсэн хэт дөвийлгөсөн зар сурталчилгаатай бүтээгдэхүүний зохицуулалт сайжрана гэж сайд танилцуулгадаа дурьдлаа.
Түүнчлэн, эмийн хангамж, хүртээмж, иргэдийн эм худалдан авах боломжийг нэмэгдүүлэхээр эмийн үнийн ил тод байдлыг хангах, гадаад, дотоодын жишиг үнийг нэвтрүүлэх, түгээлтийн шат бүрт эмийн үнийг зохицуулах, иргэд шуудан илгээмжээр эмийг хүлээн авах эрх зүйн орчныг шинэчлэхээр тусгасан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Ганбаатар, С.Чинзориг, Ц.Мөнх-Оргил, П.Анужин, Ц.Сандаг-Очир, Ж.Чинбүрэн, Б.Бейсен, М.Оюунчимэг нар асуулт асууж, асуултад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулт өгөв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан манай улсын иргэд бусад улстай харьцуулахад 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж 3 гурван эмийн 1 нь бүртгэлгүй буюу баталгаатай эсэх нь эргэлзээтэй гэдгийг хэлж, хуулийн төсөлд малын эмийг хамтад нь зохицуулахаар оруулж ирсний учрыг тодруулав. УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмийн үнийг тогтоох болон, эмийн чанарыг баталгаажуулах хөндлөнгийн механизмын талаар тодрууллаа.
Дээрх асуултуудад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд нар хариулахдаа 2005 онд батлагдсан хуульд малын эм, хүний эм хоёрыг цугт нь зохицуулсан. Олон улсад ч мөн эмэнд тавигдах шаардлагууд нь ижил учраас цугт нь зохицуулдаг.
Шинээр байгуулж буй агентлаг болох Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар судалгаа хийж, судалгааны үндсэн дээр тухайн эм хэдэн төгрөгөөр борлуулагдах вэ гэдгийг тооцоолдог байхаар төлөвлөж байна. Одоо байгаа хууль эмийн үнийг Засгийн газар тогтооно гэсэн ганцхан ерөнхий заалттай учир хэрэгжээгүй. Одоо үнэ тогтоох аргачлалын дагуу гаргаж ирсэн үнийг сайдын тушаалаар эцэслэн баталгаажуулж явна. Эмийн чанартай холбоотой асуудлаар чанарын хяналтын тогтолцоонд шилжиж, эм анх хаана үйлдвэрлэгдсэнээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх тогтолцоонд мөн агентлаг хяналтаа тавина. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүнд давхар хяналт тавина гэв.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар эмийн үнэ тогтоох хүмүүс нь эм импортлогчдын сонирхолд үйлчлэхгүй гэх баталгааг хэрхэн хангах, энэ талаарх бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтийг яаж гаргах талаар нэмж тодруулав. Энэ асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд агентлагийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг төрийн хяналтын байгууллагууд хянана гэж хариуллаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил ээлжит бус чуулганаар баталсан өөрчлөлтөөр эмийн үнэ тогтоох, чанарыг хянах агентлаг байгуулж, нэгдсэн худалдан авалт хийдэг болох юм байна гэж ойлгосон. Гэтэл энэ төсөлд зөрчилдөөнтэй асуудлууд орж ирлээ. Нэгдсэн худалдан авалтын талаар нэг ч үг алга. Мэргэжлийн хяналтын байгууллага эмийн чанарыг хянаж чадахгүй байгааг бид бүгд мэднэ гээд нэгдсэн худалдан авалтыг хэрхэн хийх талаар тодруулсанд
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хуулийн төслийн зарчим таны хэлсэнтэй дүйцэж байгаа. Зарчимын дагуу нэгдсэн худалдан авалт хийх боломжууд гарч ирнэ гэж бодож байна хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн П.Анужин иргэдээ улам л эмийн хамааралтай болгох асуудлыг ярихаас бус эмийн хамаарлаас гаргах бодлого ярихгүй байна гээд Монгол Улсын нийт хүн амын хэдэн хувь нь эмийн хамааралтайг тодруулж хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дотоод сүлжээ доголдолтой байдгийг дурьдаад, эмийн жорыг цахимаар бичих бэлтгэл хангагдсан эсэхийг тодруулж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах шаардлагыг ганцхан заалтаас нь харсан. Эмийн бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлого байх ёстой гээд Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “Эмийн үндэсний бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах нэгдмэл бодлогын салшгүй хэсэг мөн” гэсэн заалтыг шинэчилсэн найруулгаас яагаад хассаныг тодруулж, хариулт авсан. Дээрх асуултад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулиар салбарын бодлого дотроо энэ заалтыг оруулсан учраас шинэчилсэн найруулгаас хассан гэх тайлбар өгөв.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дотоодын 47 эмийн үйлдвэр байна. Эм импортолдог 100 гаруй аж ахуйн нэгж бий. Импортлогчдын үйл ажиллагаанд агентлаг хяналт тавих бол дотоод үйлдвэрийн үйлдвэрлэлийн чанарт яаж хяналт тавих вэ гэдгийг тодруулж хариулт авлаа.
Үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Ц.Мөнх-Оргил, Б.Бейсен, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин, Ж.Чинбүрэн нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх асуудал 8 жил үргэлжилж байгаа нь эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд саад болж буйг тэмдэглээд эмийн чанар, аюулгүй байдал, үнийн хөөрөгдлийг шийдэхийн тулд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг хойш нь татахгүйгээр, ярьж буй бүх зохицуулалтаа хэлэлцүүлгийн явцад тусгаад баталж болно. Санал гаргаж байгаа гишүүд Ажлын хэсэгт орж ажиллаад засаж залруулах шаардлагатай эдгээр зүйлсээ төсөлд тусган, хуулийн төслөө хэлэлцэхийг дэмжээд явъя гэсэн байр суурь илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Л.Энх-Амгалан, Ж.Чинбүрэн нар салбарын сайд эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогодоо тулгуурлаад өөрийн санасан хэмжээнд сайн төсөл оруулж ирэх байтал маш түүхий төсөл оруулж ирсэнд шүүмжлэлтэй хандсан ч УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн төслийг хэлэлцүүлгийн явцад засаж сайжруулъя гэсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлэв.
Мөн УИХ-ын гишүүн Б.Бейсэн, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг нар төслийг сайжруулахад чиглэсэн саналуудыг хэллээ.
Санал хэлсэн гишүүд эмийн чанарт хяналт тавих, үнийг шударгаар тогтоох, эмийн нэгдсэн худалдан авалт хийх, малын эмийг тусад нь зохицуулах, хөндлөнгийн хяналтын механизмыг хүчтэй ажиллуулах, эм импортлогчдын монополь эрхийг чөлөөлөх зэрэг саналуудыг гаргасан юм.
Ийнхүү хэлэлцээд Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжье гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжсэнээр Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Дэлхий нийтээр..2020/10/06
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон ХНХЯ-нд ажиллалаа
-
Дэлхий нийтээр..2020/10/22
20 өрхөд гэрийн дулаалга халаалтын багцыг хэрэгжүүлэв
-
Үйл явдал2023/09/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2021/06/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
