Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Б.Лхагвасүрэн: Төв банк зээлийн тасалдал үүсгэхгүй байх, хүүг бага түвшинд хадгалахыг зорьж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй Мөнгөний бодлогын хорооны 9 дүгээр сарын хурлын шийдвэр (Бодлогын хүүг 1 нэгж хувиар бууруулж 8 хувь болгохын зэрэгцээ Төв банк урт хугацаат репо хэрэгсэл нэвтрүүлэхээр болсон) болон макро эдийн засгийн талаар ярилцлаа.

-Төв банк энэ жил бодлогын хүүг 3 дахь удаагаа бууруулж 8% болголоо. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр юунд чиглэж байна вэ?

- Ковид 19-оос үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр иргэд болон аж ахуйн нэгжүүд санхүүгийн томоохон сорилттой тулгарч буй энэ үед зээлийн тасалдал үүсгэхгүй байх, санхүүжилтийн өртөг зардлыг бууруулах, мөн зээлийн хүүг бууруулах зэрэг бодлогын зорилтуудтайгаа нийцтэйгээр шийдвэр гаргахыг Төв банк зорьж байна. Бодлогын хүүг бууруулснаар зах зээл дээрх зээлийн хүү, ялангуяа сайн зээлдэгчдийн хувьд санхүүжилтийн нөхцөлийг сайжруулна гэж харж байна. Макро эдийн засгийн орчин муудах үед зээлийн хүү өсөх хандлагатай байдаг ч энэ оны 7 дугаар сарын байдлаар зээлийн дундаж хүү 15.8 хувь буюу 2011 оноос хойших сүүлийн 9 жилийн доод түвшинд хадгалагдаж байна. Энэ бол цар тахлын сөрөг нөлөөг зөөлрүүлэхээр Төв банкнаас хэрэгжүүлсэн багц арга хэмжээний үр дүн байгаа юм. Өмнөх улиралтай харьцуулахад ханшийн суурь хүчин зүйл болох төлбөрийн тэнцлийн төлөв сайжирч инфляцын дарамт багассан зэрэг нь энэ удаагийн хурлаар мөнгөний бодлогыг зөөлрүүлэх орон зайг олголоо. Үүний зэрэгцээ, Төв банк урт хугацаатай репо хэрэгсэл зах зээлд нэвтрүүлснээр эдийн засгийн хүндрэлтэй үед банкуудын хөрвөх чадвар дээшилж эдийн засагт шинэ зээл нийлүүлэхээс гадна, зээлийн хүү өсөхгүй байхад нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, банкууд тодорхой төрлийн сайн зээлээр баталгаажсан үнэт цаас барьцаалан Монголбанкнаас зах зээлийн зарчмаар урт хугацаатай санхүүжилтээр зээл гаргах нэмэлт эх үүсвэртэй болно гэсэн үг. 

-Инфляц 8-р сард 2.1 хувь болж буурсан нь хөгжиж буй орны хувьд эдийн засгийн идэвхжил хумигдсаныг илэрхийлэх хэт бага түвшин болж байна. Төв банк үүнийг хэрхэн харж байна вэ?

-Инфляцыг хөөргөдөх эрэлтийн болон нийлүүлэлтийн хүчин зүйлс аль аль нь сул байна. Эрэлт талаас эдийн засгийн идэвхжил сүүлийн 2 улиралд хурдтай суларлаа. Тодруулбал,  ДНБ 1 дүгээр улиралд -10.7 хувь, 2 дугаар улиралд -9.1 хувь агшсан байна. Хэдийгээр Засгийн газар болон Төв банкнаас иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого хэрэгжүүлж, өрхийн бодит орлого өсөлттэй, хөдөлмөрийн зах зээлийн статистик төдийлөн муудаагүй байгаа ч Ковид 19-тэй холбоотой тодорхой бус байдал зах зээлд оролцогчдын хүлээлтэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Харин нийлүүлэлтийн хүчин зүйлсийн хувьд, өнгөрсөн жилүүдэд инфляцыг хөөргөдөж байсан бараа бүтээгдэхүүний үнэд өндөр өсөлт бий болоогүй нь дарамтыг  зөөлрүүлж байна. Тухайлбал мах, хатуу түлшний үнэ харьцангуй тогтвортой, дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг дагаад шатахууны үнэ боломжийн түвшинд хадгалагдаж байна. 8 дугаар сараас хүнсний ногооны үнэ хямдарснаар аль хэдийн нам түвшинд орсон инфляцыг илүү эрчимтэй буурууллаа. Инфляц ийнхүү бага байгаа нь эдийн засагт дэмжлэг шаардлагатайг илэрхийлэхээс гадна мөнгөний бодлогод орон зайг олгож байна. Төв банк өнгөрсөн 3 жилд инфляцын 8 хувийн зорилтоо үр дүнтэй биелүүлсэн тул цаашид зорилтыг бууруулж 6 хувийн түвшнийг интервалтай онилох бодлогод шилжинэ. Эдийн засгийн идэвхжлийг дагаад инфляц нэмэгдэх ч, цаашид энэ түвшинд тогтворжуулахыг зорьж ажиллана гэсэн үг. Энэ нь Монголбанкны мөнгөниий бодлого, үйл ажиллагаа нь бусад өндөр хөгжсөн улс орнуудын төв банкуудын адил үнийн тогтвортой байдлыг хангах үүднээс инфляцыг онилж тодорхой түвшинд тогтворжуулах зорилт тавин ажилладаг хөгжлийн шинэ шатанд гарсныг илтгэх юм.      

-Эдийн засгийн цаашдын байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны хурал дээр ямар хэлэлцүүлэг өрнөв?

- Гадаад орчинд Ковид 19-ийн тархалт үргэлжилж, дэлхийн эдийн засагт сорилт учруулсаар байгаа боловч гол эдийн засгуудад идэвхжил нэмэгдэж байна. Ялангуяа Хятадын эдийн засаг 2 дугаар улиралд эерэг өсөлттэй, сүүлийн саруудад үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа тэлэлттэй байгаа нь экспортын гол түүхий эдийн эрэлт болон үнэд эерэгээр нөлөөллөө. Олон улсын санхүүгийн байгууллагууд ч оны эхний хагаст хийж байсан төсөөлөл тооцооллоо эргэн харж, зарим нь сайжруулж дэлхийн эдийн засгийн төлөвийг өөдрөг тал руу нь засварлаж байна. Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг бууруулах, зах зээлийн итгэлийг сэргээж, нийт эрэлтийг тэтгэн эдийн засгийн огцом уналтаас зайлсхийх зорилгоор хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудад төсвийн тэлэх бодлогыг түлхүү ашиглаж байгаа нь нэг талдаа өрийг нэмэгдүүлж байгаа ч эерэг үр дүнгээ зохих хэмжээгээр үзүүлж эхлээд байна. Түүнчлэн гол төв банкуудын шийдвэрийн нөлөөгөөр гадаад зах зээл дээр ам.долларын санхүүжилтийн өртөг буурч байна.

Дотоодын эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзвэл үйлдвэрлэл талаас өнгөрсөн 2 улиралд 30% орчим унаад байсан уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдахын зэрэгцээ агшилттай байсан үйлчилгээний салбарууд дээр хөл хорио цуцлагдаж байгаа нь бизнесийн идэвхжлийг нэмэгдүүлэх эерэг нөлөөтэй. Мөн эрэлт талаас цэвэр экспорт дээр гол эерэг өөрчлөлт бий боллоо. Хэдийгээр төлбөрийн тэнцэл сайжирсан дүр зурагтай байгаа ч санхүүгийн зах зээл дээр идэвхжил сул, бодит секторын гүйцэтгэл тааруу хэвээр байгаа тул Мөнгөний бодлогын хорооны гишүүд эдийн засагт дэмжлэг шаардлагатай гэдэг дээр бүгд санал нэгдсэн. Анх бодлогын хүүг 0.5 хувиар бууруулах саналыг хэлэлцсэн ч, бодлогын орон зай байгааг харгалзан хүүг 1 хувиар буулгаж, зоримог гэж дүгнэж болох шийдвэрийг гаргалаа. Бизнесийн байгууллагуудын энэ өвлийн бэлтгэл хангалт,  дээр нь ирэх 2021 оны бизнесээ төлөвлөж буй үед хүүг бууруулах шийдвэр нь зах зээл дээр чухал дохио болох юм. Бодлогын орон зай талаас шийдвэр гаргахад зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай нэг асуудал нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн байсан. Өнөөдөр бидний хувьд суурь хүү болгон ашиглаж байгаа төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн өгөөжийг илэрхийлж байгаа учир төгрөгийн ханшид ирэх дарамтыг нарийн тооцоолох, эрсдэлийг үнэлэх явдал чухал байдаг.       

-Тэгвэл бодлогын хүүг бууруулснаар төгрөгийн ханш дээр дарамт үүсэх вий гэсэн болгоомжлол бий. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

- Хүүг бууруулснаар ханшинд ирэх дарамт нь зээлийн суваг хэр хүчтэй ажиллаж улмаар импортыг нэмэгдүүлж төлбөрийн тэнцэлд хэр зэрэг дарамт үүсэх эсэхээс, мөн валютын орох урсгал болон гадаад валютын албан нөөцөөс ихээхэн хамаарна. Зээлийн хувьд, эдийн засгийг тэтгэх энэхүү гол санхүүгийн эх үүсвэрийг тогтвортой байлгах, санхүүгийн зуучлалын тасалдал үүсгэхгүй байх нь чухал. Сүүлийн саруудад зээл аль хэдийн 5 хувь орчим агшилттай яваа тул төлбөрийн тэнцэл дээр том дарамт үүсгэхгүй болов уу. Валютын орох гарах урсгалын хувьд, хэд хэдэн эерэг өөрчлөлтийг нэрлэж болно. Нэгт, гадаад худалдааны тэнцэл дээр эерэг өөрчлөлт ажиглагдаж байна. Алтны үнэ түүхэн дээд 2000 ам.доллар орчимд, зэсийн үнэ 6000 ам.доллараас дээш боломжийн түвшинд, нүүрсний экспорт сэргэж, хилээр 2000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрч буй байдал, түүнчлэн импортууд болон зарим үйлчилгээний зардал хумигдан, ялангуяа нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр 40 ам.доллар орчимд буюу харьцангуй хямд байгаа зэрэг нь урсгал тэнцлийг сайжруулж валютын урсгалд эерэгээр нөлөөлж байна. Хоёрт, олон улсын байгууллагууд, хөгжлийн түнш орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллаж санхүүжилтүүд хэвийн орж ирж байгаагийн зэрэгцээ Оюу толгой төслийн далд уурхайн хөрөнгө оруулалт хэвийн үргэлжлэх, хуваарийн дагуу орж ирэхээр байна гэж харж  байна. Валютын нөөцийн хувьд, импортын 7-8 сарын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй хэвээр, ханшийн огцом савлагааг үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг Төв банк хэрэгжүүлж ирлээ. Ковид-19 олон улсын эдийн засагт түүхэнд байгаагүй огцом уналтыг бий болгон зарим түүхий эд экспортлогч орны мөнгөн тэмдэгт 10-30% хүртэл суларсан. Харин монгол төгрөг ам.долларын эсрэг оны эхнээс 4 хувь орчим суларсан нь гол экспортын орлого 40-50 хувь хүртэл тасарсан хүнд үед харьцангуй сайн үзүүлэлт гэж харж байна. Гадаад сөрөг шокыг дан ганц валютын нөөц дээр авах боломжгүй бөгөөд тодорхой хэмжээний ханшийн тохиргоо нь дунд хугацаанд эдийн засгийн тогтворгүй байдлаас сэргийлэх суурь болох учиртай.

Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, Төв банкны хувьд улсын валютын нөөц хангалттай хэмжээнд хуримтлагдан өсч байна. Өмнөх улирлын Мөнгөний бодлогын хорооны хурлаас хойш төлбөрийн тэнцэл сайжирч, тухайлбал худалдааны тэнцэл 8-р сард  нэг тэрбум ам.долларын ашигтай гарч оны эхний хагаст үүсээд байсан алдагдал нөхөгдсөн. Санхүүгийн тэнцэл талаас бол олон улсын байгууллага болон хөгжлийн түнш орнуудаас энэ ондоо багтан 700 сая ам. долларын зээл тусламж үзүүлэх гэрээ хэлцэл хийгдэж байгаа зэрэг эдийн засагт бий болсон өөрчлөлт, шинэ мэдээлэлд үндэслэн төгрөгийн ханш огцом савлагаа үүсэх эрсдэл буурсан. Ингээд эдгээрээс үзэхэд ханш өмнөх онуудынхаа хандлагаар тогтвортой байх боломжтой гэж тооцоолоод байна.

- Эдийн засгийн орчин тааруу, зээлийн эргэн төлөлт муудаж буй энэ үед бодлогын хүүг бууруулж, банкууд нэмэлт эх үүсвэртэй боллоо ч зээл олгож эдийн засгийг дэмжих эсэхэд эргэлзэж л байна.

Юуны өмнө, дотоод эдийн засгийн орчны талаар дэлгэрэнгүй  тайлбарлах хэрэгтэй болов уу. ДНБ оны эхний хагас жилд 9.7 хувь агшсан боловч үүний гол шалтгаан болсон уул уурхайн салбар (ДНБ-ийн агшилтын 6.2 нэгж хувийг дангаараа тайлбарласан), ялангуяа нүүрсний экспорт, үйлдвэрлэл 8 дугаар сараас эхлэн сэргэсэн нь том эерэг өөрчлөлт юм. Энэ нөлөө эхний ээлжинд худалдаа, тээвэр болон боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад мэдрэгдэнэ. Түүнчлэн, үйлчилгээний салбаруудын бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж байсан хөл хорио 3 дугаар улирлаас суларч, идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. Харин эрэлт талаас экспортын биет хэмжээ нэмэгдэн гадаад худалдаан дээр эерэг өөрчлөлт бий болсны зэрэгцээ төсөв, мөнгөний бодлогоор хэрэглээ, хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа нь өсөлтийг дэмжинэ. Хоёрт, банкуудын хувьд сайн зээлдэгч нартаа санхүүгийн зуучлал үзүүлснээр бизнесийн үйл ажиллагаа, ажлын байр, хэрэглээг тэтгэх нь макро орчин хурдан тогтворжиход чухал нөлөөтэй. Энэ нь мэдээж эргээд банкны салбарын үйл ажиллагаа, санхүүгийн системийн тогтвортой байдалд ч чухал. Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн зуучлалыг хэвийн үргэлжлүүлэх, сорилтын энэ үед макро эдийн засгийг тогтвортой байлгахын тулд бодлогын бүх хэрэгслээ ашиглах болно. Төв банкинд бодлогын хэрэгслийн хувьд ч, хүний нөөц чадавхийн хувьд ч хангалттай нөөц боломж бий, тэр хэмжээнд бэлтгэгдсэн институци болж төлөвшиж хөгжсөн.  

-Ковид 19-ийн үед улс орнуудад тулгарч буй мөнгөний бодлогын гол сорилтын талаар болон цаашдын эдийн засгийн байдалд анхаарах зүйлсийн талаар Та тодорхой тайлбарлаж өгөөч.

Олон улсад эдийн засгийн үйл ажиллагааг эрэлт, нийлүүлэлт талаас нь зэрэг хумисан цар тахал хэзээ намжиж бүрэн хяналтад орох нь тодорхой бус байгаа нь гол сорилт юм. Чанга хөл хорионы нөлөөгөөр дэлхийн гол эдийн засгууд 2 дугаар улиралд хүчтэй агшсан ч, эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн 2-3 сард идэвхжиж эхэллээ. Гэхдээ вакцингүй үед вирусийн эрсдэл хэвээр, зарим орнуудад цар тахлын 2 дахь давалгаа үүсч болзошгүй байна.

Монголбанкны хувьд, хүндрэлийн үед цалин орлого эсвэл борлуулалт нь хумигдсан иргэд, аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн хөрвөх чадварын түр зуурын эрсдэлийг цааш гүнзгийрэхээс сэргийлэх, хүндрэлийг зөөллөхөд зорьж, ажиллаж ирсэн. Өмнөх гаргасан шийдвэрүүд үр дүнгээ өгч байгааг та харж байгаа байх. Цаашид гаргах бодлого шийдвэр маань мөн адил байх болно. Зах зээл дээрх санхүүжилтийн нөхцөлийг зөөлрүүлэх, зээлээр дамжуулж хэрэгжих мөнгөний бодлого нь уналтын шокыг зөөлрүүлж, эдийн засгийг дэмжихэд үр дүнтэй. Харин нэгэнт ядуу эмзэг бүлэг болон үйл ажиллагаа нь бүрэн зогсчихсон аж ахуйн нэгжүүдэд зээл төдийлөн тус болохгүй учраас төсвийн зарцуулалт чухал юм. Иймд хямрал удаан үргэлжилсэн тохиолдолд зарцуулах санхүүгийн нөөцтэй байх, Ковид 19-ийн дараа эдийн засгийг сэргээх сангийн бодлогын орон зайг хадгалах нь чухал.

Мөн бид энэ хүндрэлийг  манай эдийн засгийн буруу бүтцийг сууриар нь засах боломж гэж харж байна. Төр нь ч, хувийн хэвшил нь ч тэр санхүүгийн шийдвэр гаргахдаа яг одоогийн ажлын байр, өсөлтийн статистик гэхээсээ илүүтэй ирээдүйд аль эдийн засгийн салбар, ямар бизнес моделийг дэмжиж хөгжүүлэх вэ гэдгийг нухацтай бодох шаардлагатай. Түүнчлэн улс орнуудад цар тахлын үед технологид суурилсан цахимаар ажиллах бизнес загвар түлхүү хөгжиж байна. Түүнчлэн, өмнө нь үйлдвэрлэл,  үйлчилгээ үндэстэн дамнасан байдлаар хоорондоо маш уялдаа хамааралтай нийлүүлэлтийн буюу өртгийн сүлжээнд тулгуурлаж ирсэн бол харин одоо хорио цээрийн дэглэмээс шалтгаалан өөрчлөгдөж, илүү бие даасан бүтэц боломжийг судлах боллоо. Дэлхий нийтээрээ шинэ нөхцөл байдалд дасан зохицохоор тэмүүлж, эрэл хайгуул хийж байгаа үед бид хоцорч болохгүй.  

-Ярилцсанд баярлалаа!

Эх сурвалж: Монголбанк

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Огноо:

,

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.

Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.

Үүнд:

Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.

Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.

COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.

Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.

Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.

Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.

Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.

Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.

Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.

Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал8 цаг 6 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал8 цаг 10 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал8 цаг 13 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал8 цаг 16 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал8 цаг 20 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал9 цаг 49 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох