Бидэнтэй нэгдэх

Үйл явдал

Бид байгалиа хамгаалахын зэрэгцээ шинэ төрлийн санхүүжилтийн урсгал, шинэ ажлын байр, шинэ боломжуудыг нээх гэж байна

Огноо:

,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батбаатарын "Өдрийн сонин"-д өгсөн дэлгэрэнгүй ярилцлагаас Монгол Улсад болох COP17 хурлын бэлтгэл ажил, ач холбогдлын талаар ярьсныг сонирхуулья.
 
-Ирэх жил Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад болох гэж байна. Одоогийн байдлаар бэлтгэл ажил ямар шатандаа яваа вэ?
 
-Энэ НҮБ-ын чуулган, хурал бол Монгол Улсын хувьд ган, цөлжилт, газрын доройтлын асуудлуудтай уялдуулан эх орныхоо ногоон хөгжил, байгаль орчны салбарт тулгамдаж буй хүндрэлүүдээ болон сайн туршлагуудаа дэлхий нийтэд дуу хоолойгоо хүргэх хамгийн том боломж юм. Монгол Улс 1996 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцод нэгдэн орсон. Талуудын бага хурлыг хоёр жил тутам зохион байгуулдаг бөгөөд 2022 онд болсон 15 дугаар хурлын үеэр 2026 оны бага хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
 
Бэлтгэл ажлын хувьд Засгийн газар 2025 оны эхээр Үндэсний хороог байгуулж, миний бие ахалж байгаа. Одоогоор дүрэм, журам, төлөвлөгөө, төсвийн нарийвчилсан зураглал бүрэн боловсруулагдаж, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааны хэлэлцээрүүд хийгдэж байгаа.
 
Дэлхийн 197 орныг нэгтгэдэг том хурал учраас бэлтгэл хангах хүрээнд олон ажил зэрэгцэн хийгдэж байна. Тухайлбал хурал зохион байгуулах, уулзалт хэлэлцээрүүд хийгдэх барилга, байгууламжуудыг барих асуудал. Энэ ажлыг Нийслэлийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэж байна. Энэ жилдээ төлөвлөсөн суурь дэд бүтцийн бэлтгэл ажил үндсэндээ дуусаж байгаа. Ирэх жилээс түр байгууламжийг барих ажил эхэлнэ. Үүнийг дагаад зочид, төлөөлөгчдийг буулгах зочид буудал, хот дотор үйлчилгээ үзүүлэх унаа, тээврийн зохицуулалт гээд ажлууд ирэх жилээс хуваарийн дагуу хийгдэнэ. Нөгөө талаар бодлого, төлөвлөлтийн асуудлууд бий. Бид өөрсдөө зохион байгуулж байгаа гэдэг утгаараа санаачлагатай оролцох нь чухал. Тийм ч учраас Талуудын 17 дугаар бага хурлыг салбар дундын зохицуулалттай олон асуудлыг хэлэлцүүлэх, шинэ санал, санаачилга гаргах, төрөөс бусад оролцогч нарыг дэмжсэн байдлаар зохион байгуулах зэрэг төлөвлөгөө гаргасан. Жишээ нь өмнөх хурлуудын туршлагаас харахад газрын менежментийг голчлон хэлэлцдэг энэ хурлыг өндөр агуулгатай, өргөн бүрэлдэхүүнтэйгээс гадна конвенцын гишүүн орнуудын зөвшилцөлд хүрэхгүй байгаа зарим асуудлуудыг шийдвэрлүүлэхэд анхаарах зэрэг бүтээн байгуулалтаас гадна бодлогын асуудлуудыг хурлын агуулгад шингээхийг зорьж байна. Манай улсыг зохион байгуулалтад дэмжин туслаж ажиллахаа илэрхийлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, олон улсын байгууллагууд, засгийн газруудын тоо нэмэгдсээр байгаад үндэсний хорооны даргын хувьд баяртай байгаа. Зохион байгуулагчдын зүгээс Талуудын 17 дугаар бага хурлыг үндэсний хэмжээнд дамжуулах, мэдээлэл түгээх, сонирхсон оролцогчдод нээлттэй байлгах хүрээнд НҮБ-ын албан ёсны 6 хэл дээр нэмээд монголчуудад идэвхитэй оролцоог хангах зорилгоор монгол хэлрүү орчуулгатай явуулахаар түншлэгч талуудтай ярилцаж байна. Монголдоо болон олон улсын хэмжээнд сурталчлах хүрээнд олон шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд санхүүжилт болон түншлэгч нартай ярилцаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо энэ ажилд чухал байгаа, мөн СОР17-гийн эргэн тойронд мэдээлэл түгээх хүрээнд бид сэтгүүлчдийг байгаль орчны талаар мэдлэгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн.
 
-COP17 хурлыг зохион байгуулах нь манай улсын хувьд ямар бодит ач холбогдолтой вэ?
 
-Цөлжилттэй тэмцэх тухай конвенц, түүний талуудын бага хурлыг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний хамгийн чухал талбар гэж үздэг маш олон улс, байгууллагууд байдаг. Мөн газартай холбогдож буй бүхий л салбар, чиглэлүүдэд энэ конвенц, хурал чухал. Энэ утгаараа зөвхөн байгаль орчны хурал биш, эдийн засгийн маш чухал боломжоос гадна Ногоон дипломат бодлогыг бэхжүүлэхэд өндөр ач холболгдолтой хурал гэж бид тодорхойлж байгаа. Цөлжилт, газрын доройтол бол зөвхөн экологийн асуудал биш-хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, усны нөөц, иргэдийн амжиргаа, улс үндэстний хөгжил - эдийн засгийн бүтцэд шууд нөлөөлдөг асуудал.
Монголд энэ хурлыг зохион байгуулж дэлхийн анхаарлыг конвенцын үндсэн агуулгуудаас гадна манай бэлчээр, усны хомсдол, байгальд ээлтэй дэд бүтэц, зэрлэг амьтан ургамал, хөрс, уламжлалт мэдлэг-шинжлэх ухааны хосолмол зэрэгт хандуулна. Үүний зэрэгцээ олон улсын донор байгууллага, хөгжлийн банкууд, хөрөнгө оруулагчид Монгол руу ирж, нөхөн сэргээлт, усны менежмент, ойжуулалт, ногоон ажлын байр, сэргээгдэх эрчим хүч зэрэг төсөл хөтөлбөрүүдэд бодит хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрдэнэ.
Өмнөх хурлуудын туршлагаас харахад, ийм хэмжээний хурал дараа дараагийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын урсгалыг эрс нэмэгдүүлдэг нь ач холбогдолтой юм билээ.
Жишээ нь, 2022 онд Баруун Африкийн Кот-д’Ивуар Улсын Абиджан хотод болсон COP15 хурлын дараа “Great Green Wall” буюу “Агуу ногоон хана” хөтөлбөрийг эрчимжүүлж, 11 улс дамнасан 8,000 км урт ногоон зурвас байгуулан, 350 мянга гаруй ажлын байр шинээр бий болгосон. Харин түүнээс хойш “Land Degradation Neutrality Fund” хөтөлбөрийн санхүүжилт 1.6 тэрбум ам.долларт хүрч, олон сая га талбайг нөхөн сэргээх бодит ажлууд үргэлжилж байна.
2024 онд Саудын Арабын Хаант Улс улс орнуудын ганд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, сайжруулах, түншлэлийг бэхжүүлэн дэмжих хүрээнд “Гангын түншлэл”-ийг санаачилан 12 тэрбум долларын амлалтыг татаж чадсан. Энэ түншлэлд нэгдэн орсон талууд хэрэгжүүлэх арга хэмжээ, хүрэх үр дүнгээ тодорхойлж байна.
Монголын хувьд COP17-ыг амжилттай зохион байгуулснаар ийм түвшний олон улсын санхүүжилт татах бодит боломж нээгдэнэ. Хэрвээ бид хурлын үеэр уур амьсгалын болон газрын доройтлын эсрэг тодорхой санаачилга гаргаж, үр дүнтэй төслүүдээ танилцуулж чадвал, хурлын дараа нөхөн сэргээлт, усны нөөцийн төсөл, санхүүжилтүүд татах бүрэн боломжтой гэж үзэж байна.
 
-Өмнөх COP-уудын үр дүнг харвал эдийн засгийн хувьд тодорхой ашиг бий болж байна. Монгол Улс энэ боломжийг хэрхэн ашиглах вэ?
 
-Яг тийм. Хурлын дараа хөрөнгө оруулалт, түншлэлүүд эрс нэмэгддэг. Турк, Кот-д’Ивуар, Нигер зэрэг улсуудын туршлагаас харахад, COP-ийн дараах гурван жилийн хугацаанд тухайн улс орнуудын байгаль орчны хөрөнгө оруулалт хоёр, зарим тохиолдолд гурав дахин өссөн байдаг. Манай улсын хувьд 10 доллар зарцуулаад 100 долларын хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байна.
Монгол Улс энэ боломжийг бодит болгохын тулд COP17-ийн үеэр “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын шүтэлцээ санаачилга” болон хувийн хэвшлийн салбарын оролцоотой Тогтвортой дэд бүцтийг хөгжүүлэхдээ байгальд суурилсан шийдлүүдийг ашиглахыг уриалах зорилготой санаачилгуудыг боловсруулж байна. Энэ нь зөвхөн Монголын асуудал биш, дэлхийн хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийн шинэ бодлого гаргах эхлэл болно.
Товчхондоо хэлэхэд, COP17 бол манай улсын нэр хүндийн хурал төдийгүй, уур амьсгалын хөрөнгө оруулалтыг бодит эдийн засгийн өсөлт болгон хувиргах хаалга юм.
Бид байгалиа хамгаалахын зэрэгцээ шинэ төрлийн санхүүжилтийн урсгал, шинэ ажлын байр, шинэ боломжуудыг нээх гэж байна. Энэ бол Монгол Улсыг “ногоон хөгжил”-ийн бодит загварт шилжүүлэх түүхэн боломж гэж хэлж болно.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үйл явдал

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг дотоодын цэргийн хамгаалалтад авах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар албажуулж, Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд үүрэг өглөө. Дотоодын цэргүүд үйлдвэрийн бүсээс гадна ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, газрын тос дамжуулах хоолойн цогцолбор зэргийг хамгаалах юм. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэх шийдвэр гарч, хэрэгжилтийг хангаж ажиллах үүргийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон бусад албан тушаалтанд өглөө. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг “Газрын тосны үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын талбайд ажиллах үеэр үйлдвэрийн удирдлагын зүгээс үл хөдлөхийн болон газрын татвар зэргээс шалтгаалан төсөл гацаанд орох, санхүүжилт зогсох, татварын өр төлбөр өдөр тутам нэмэгдэж байгаа зэрэг тулгамдсан асуудлаа танилцуулсан билээ. Тэгвэл үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрт шилжүүлэн хөгжүүлснээр эхний 10 жилд газрын төлбөр, эхний 5 жилд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдөхөөс гадна дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортын бараа материал, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 4 хүртэлх жилээр сунгуулах, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөгдөх боломж бүрдэх юм. 

Үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн техник, технологийн түвшний үнэлгээг Хүнд аж үйлдвэрийн технологийн түвшний үнэлгээний салбар зөвлөлөөр шуурхай хэлэлцсэний дараа хөгжлийн төлөвлөгөө, ТЭЗҮ-д үнэлэлт өгөх, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, паркийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажлыг мөн үе шаттай, шуурхай шийдвэрлэнэ. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. 

Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна. 

Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ. 

Дэлгэрэнгүй унших

Үйл явдал

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна

Огноо:

,

COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.

Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.

Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.

Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.

Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал3 цаг 3 минут

Газрын тос боловсруулах үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн х...

Үйл явдал3 цаг 7 минут

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болг...

Үйл явдал3 цаг 10 минут

Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хосл...

Үйл явдал3 цаг 13 минут

Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арг...

Үйл явдал3 цаг 17 минут

“Хотын дарга сонсож байна” 150150 дугаарт тав хоногт 1634 иргэн ...

Үйл явдал4 цаг 46 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/19

ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байх...

Үйл явдал2026/08/19

COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн ту...

Дэлхий нийтээр..2026/08/19

Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэл...

Дэлхий нийтээр..2026/08/19

Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв...

Үйл явдал2026/08/19

ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах ч...

Үйл явдал2026/08/19

Нийслэл COP17-ын Ногоон бүсэд хотын хөгжлийн төслүүдээ танилцуулж ба...

Үйл явдал2026/08/19

Монгол Улс шүлхийн вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-т...

Үйл явдал2026/08/19

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

“Интермед” эмнэлэгт тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээлэл ирж, ...

Хэн юу хэлэв...2026/08/18

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусга...

Үйл явдал2026/08/18

Монгол Улс ус, намгархаг газрын хамгааллыг цөлжилттэй тэмцэх бодлого...

Үйл явдал2026/08/18

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд ш...

Үйл явдал2026/08/18

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Үйл явдал2026/08/18

COP17-ын Ногоон бүс олон нийтэд нээлттэй ажиллана

Үйл явдал2026/08/14

Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж бай...

Хэн юу хэлэв...2026/08/14

COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана

Үйл явдал2026/08/14

“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.к...

Үйл явдал2026/08/14

АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно

Дэлхий нийтээр..2026/08/14

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг би...

Дэлхий нийтээр..2026/08/14

Өмнөд Солонгост Хятадын хоёр иргэнийг тагнуулын хэрэгт сэжиглэн бари...

Дэлхий нийтээр..2026/08/14

Дэлхийн хүн дүрст роботын спортын наадамд 2056 робот өрсөлдөнө

Үйл явдал2026/08/14

“Шатахуун зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилж байгааг анха...

Хэн юу хэлэв...2026/08/14

Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр ...

Үйл явдал2026/08/14

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Санал болгох