Үйл явдал
Манба Дацан хийдэд "Мөргөлийн эгшиг" номын цэнгүүн боллоо
ШИНИЙН 8-НЫ ИХ ХУРАЛ
Шинийн 15-ны энэ өдрүүдэд Цагаан сарын их ерөөлийг хурдаг. Тодруулбал, Монгол газар "Чойнпрүл молом" буюу 15 хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм.
Будда Шагжамүни 57-ны сүүдэртэйдээ одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн ялан дийлсэн юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбалин хийдийг байгуулж, улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ.
Шинийн 8-ны энэ өдөр мөн Их Манла, Манлын дончид, Манлын лхого, Оройн ерөөлийг тус тус хурдаг бөгөөд Манба Дацан хийдийн лам хуврагаас гадна, Оточ Манрамба Их Сургуулийг төгсөгч шүнгийн эмч нар оролцдогоороо онцлогтой юм.
Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурхны тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхдын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.



Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурхны заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурхны тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурхны хот мандлыг 1000 удаа гороолно. 1000 удаа мөргөхдөө тэргүүлшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэдэг.
Сунаж мөргөж буй нь бурхны шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурхны зүрхэн тарнийг 1000 удаа уншиж буй нь Манла бурхны лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурхны оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.
"МӨРГӨЛИЙН ЭГШИГ" НОМЫН ЦЭНГҮҮН
... Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе, мөргөе
Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя, залбиръя... Энэ бол Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн үг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая “Мөргөлийн эгшиг” энэ дууг анх 1999 оны хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж байв. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Мөргөлийн эгшиг” номын цэнгүүнийг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ. Энэ удаад “Мөргөлийн эгшиг” дууг Оточ Манрамба их сургуулийн нийт багш, оюутнууд ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Хамба лам Д.Нацагдорж: “Мөргөлийн эгшиг” дууг би бээр бурхны лагшин, зарлиг, таалал, эрдэм, үйлс гэсэн таван их хүрдний үүднээс бичсэн. Энэхүү дууг хаа нэгтээ дуулж аялбаас тэр газарт сайн сайхан бүхэн хурж, хотол чуулган дэлгэрэх болно. Дууг дуулсан хийгээд сонссон бүхний нүгэл хилэнц ариусаж, нас буян арвидаж, хийморь лундаа дэлгэрч, санасан бүхэн нь номын ёсоор бүтэж, хожим хойно Манла бурхны ариун оронд төрөх тэргүүтэн цаглашгүй буяныг эдлэх болой” хэмээн ярьсан нь бий.



Мөн номын энэ цэнгүүнд олон сайхан хүндтэй зочид ирсний дотор Хамба лам Д.Нацагдоржийн том ах 93 настай, МУ-ын Гавьяат тээвэрчин Д.Лхагважав хүрэлцэн ирж, Монгол ардын “Жаргалтай дэлгэр” уртын дуугаар ая дууны цэнхэр хадгийг өргөн барьсан нь модон могой жилийн “Мөргөлийн эгшиг” номын цэнгүүний түүхэнд тодоор бичигдэх үйл явдал боллоо.
Ингээд “Манба Дацан” Монголын Уламжлалт эмнэлэг сургалтын төвийн хамт олноос нийт монголчуудаа даатган хурал номоо хурж:
Энэ насандаа насан урт, ном, эд, амгаланг бүтээж
Бусдаар хүндлэгдэн, яруу алдрыг олох хийгээд
Ашид хойтдоо бодийн хутгийг бүтээх болтугай
Хамаг амьтныг өвчний зовлонгоос гэтэлгэн
Цаг бусын үхлээс гэтэлгэн зохиох болтугай
Агуу их дээдийн номын адистидээр, үргэлж цог төгөлдөр оршин
Өдөр, шөнө өлзий хутаг орших болтугай! хэмээх сайхан ерөөлийг өргөн, өргөн дэвшүүлж байна.
Үйл явдал
“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав
“Ерөнхий сайдаас асуу” ээлжит уулзалт /2026.10.18/ Ховд аймагт болов. Ерөнхий сайд Н.Учрал “Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк ашиглалтад орсноор Евразийн зах зээлд бараа бүтээгдэхүүн экспортлох үүд нээгдэнэ.
Экспортыг дэмжих логистикийн төвийг Ховд аймагт байгуулна. Эрдэнэбүрэнгийн УЦС баруун бүсийн эрчим хүчний тусгаар тогтнолыг хангах том төсөл гэдгийг хүн бүр ойлгож, дэмжих нь чухал гэлээ. Мөн "Ховд эко цемент" үйлдвэрийн бүтээн байгуулалтаар бахархаж буйгаа Ерөнхий сайд хэлээд Засгийн газар хөдөлмөрлөж, хийж бүтээж буй иргэн бүрээ дэмжинэ гэв.

Засгийн газар 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүлж, төрийн зардлаас 1.4 их наяд төгрөг танаж батлуулсныг танилцуулав. Хэмнэсэн зардлыг иргэдийн цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх, өрхийн бодит орлогыг хамгаалахад зориулна гэдгийг онцлов. Тухайлбал, 2026 оны арваннэгдүгээр сарын 01-нээс ахмадууд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асран хамгаалагчдын тэтгэмжийг мөн 12 хувиар нэмсэн. Эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг жигд 50 хувиар нэмнэ. Багш, боловсролын салбарын ажилтны цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан 674.5 тэрбум төгрөгийг батлуулсан. Мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлнэ. Цахилгааны үнэ нэмэхгүй. Шатахууны импортын татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ гэлээ.

Мөн 2027 оны төсвийн төслийн онцлох есөн шийдвэрийг танилцуулав. Монгол Улс анх удаа Оюу толгойгоос хүртэх ногдол ашиг гурван их наяд төгрөгийн өгөөжийг ард түмэндээ хүргэнэ. 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, өвлүүлэх, бэлэглэх, арилжих нөхцөл бүрдүүлнэ. Татварын реформ хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжийг 1.3 их наяд төгрөгийн татвараас чөлөөлнө. Тэтгэврийн реформоо үргэлжүүлж дундаж тэтгэврийг 1.3 сая төгрөгт хүргэнэ. Ахмадуудыг эмийн үнийн дарамтаас чөлөөлнө, иргэдийн эмэнд төлөх 79 тэрбум төгрөгийг халаасанд нь үлдээнэ. 16 мянган өрхийг орон сууцтай болгоно. Төрийн албан хаагчдын цалинг 10-20 хувь нэмнэ. Эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулж “Ногоон сургууль”-ийн тоог нэмнэ зэрэг иргэн, бизнес эрхлэгчдээ дэмжих төсвийн төслөө дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Мөн Засгийн газрын хэрэгжүүлж буй Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо танилцуулсан. Төсвийн орлогод эзлэх татварын орлогын хэмжээг үе шаттайгаар бууруулж иргэд, аж ахуй нэгжийг дэмжинэ. Засгийн газар төрийн өмчит компаниудыг татан буулгаж байна. ТӨК-иудын реформыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Баялгийн сангаас иргэн бүр тэгш өгөөж хүртэх боломжийг нээнэ. Баялгаа олборлох бус боловсруулж, нэмүү өртөг бий болгох хүрээнд Ган, Зэс боловсруулах цогцолбор, Нүүрс-пиролизын үйлдвэр, Хөнгөн цагааны аж үйлдвэрийн паркийн төслийг эхлүүлсэн. Эдгээр төслийн үр дүнд 2030 он гэхэд 41 мянган шинэ ажлын байр бий болно. Үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцийн суралцах зардлыг Боловсролын зээлийн сангаас шийдвэрлэнэ.

Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулж, түлш, шатахууны хэрэглээнийхээ 50 хувийг хангана. 2030 он гэхэд 3199 МВт хүчин чадалтай болж эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлнэ. Хүнсний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнэ тогтворжуулах бодлого баримтална. 50 мянган яндан буулгаж, 100 мянган айлыг орон сууцанд хамруулна. Авлигатай ил тод тэмцэнэ. 2030 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ. Одоо 27 хувьтай байгаа ядуурлын түвшинг 15 хувь хүртэл бууруулна гэлээ.

Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмж, тэтгэврийн шударга тогтолцооны суурийг тавьж, эмийн үнийн дарамтыг багасгаж буйд Ховд аймгийн иргэд талархал илэрхийлэв.
Улсын хэмжээнд 1600 гаруй цаг уурч байдаг. Нарийн мэргэжлийн энэ хүмүүсийн цалин хөлс, нийгмийн асуудал орхигдсон байсныг Засгийн газар шийдвэрлэж, анхаарч буйд тэд баяртай байгаагаа хэллээ.
Мөн Халзанбүрэгтэй төслийн хүрээнд орон нутгийнхны санал хүсэлтийг бодлогын түвшинд анхаарч өгөхийг хүсэв.




Үйл явдал
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.
Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.
Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.



Үйл явдал
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





-
Дэлхий нийтээр..2025/03/10
Гандантэгчэнлин хийд Их хааны шүтээн хөргийг эрхэмлэн заллаа
-
Дэлхий нийтээр..2020/01/13
Мал хулгайлах гэмт хэрэгт 6 сараас 5 жилийн хорих ял оногдуулна
-
Үйл явдал2023/01/12
УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Үйл явдал2022/02/18
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
