Хэн юу хэлэв...
Цахимд цуурахад учир бий...
ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажиллагаандаа орсон нь сайн хэрэг ч асуудалд хөнгөн хуумгай хандаж байгааг Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасан үйлдлээс нь харж болохоор ажээ.
Асуудал ингэж эхлэв: ХЗДХЯ шинэ байранд орсонтой холбоотойгоор 51.6 болон 626 гаруй сая төгрөгөөр тавилга авсан гэх мэдээллийг “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн анхлан гаргав. Энэ нь түүхэндээ байгаагүй агуу тансаглал мэт харагдаж байгаа ч мэдээллийг нягтлахад асуудал арай өөрөөр эргэв. Өөрөөр хэлбэл албан эх сурвалжаас, тэнцвэртэй мэдээлэл тайлбар аваагүй асуудлыг “сэвсэн” болох нь анзаарагдаж байгаа юм.
Хардах эрх: Хардах эрхийнхээ хүрээнд хэмээн иргэн Б.Мөнхцэлмэг тайлбар хийж байгаа харагдав. Гэтэл Монгол улсын ямар ч хуулинд хардах эрх гэсэн үг байхгүй. Харин таамаглал дэвшүүлэх нь хувь хүний хэрэг.
Дураараа аашлав: ХЗДХЯ бол төрийн тусгай хамгаалалттай газар. Ийм газарт лайв хийх буюу бичлэг хийх нь өөрөө дүрэм журмын дагуу зөвшөөрөл авч хийгдэх ёстой ажил. Гэтэл зөвшөөрөл авалгүйгээр асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байгааг харж болно.
Албан эх сурвалж буюу тэнцвэртэй мэдээлэл: ХЗДХЯ-ныхан үнэхээр 51.6 сая болон 600 гаруй сая төгрөгөөр тавилга авсан нь үнэн. Үүнийгээ ч Шилэн дансандаа мэдээлсэн бөгөөд үүнд нь Төрийн сан болон Сангийн яам хууль, эрх зүйн актын дагуу “хяналт тавиад” явсан. Хэрвээ энэхүү ажиллагаа хууль бус бөгөөд нотой байсан бол дээрх үнийн дүнгээр тавилга авахгүй. Авуулахгүй байх “эрх” нь ч Төрийн сан болон Сангийн яам ТӨБЗГ-т бий. Өөрөөр хэлбэл Шилэн дансанд 5 000 000 болон түүнээс дээш үнийн дүнтэй мөнгөн гүйлгээг байршуулдаг. Уг мэдээллийг байршуулсан. Энэ бол олон нийтэд нээлттэй мэдээлэл.
Тавилга нийлүүлэх ажиллагаа нь тендерийн хуулийн дагуу хийгдсэн болохыг төрийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болохоор байна. Энэ ч бас нээлттэй мэдээлэл.
Нэгэнт хуулийн дагуу хийгдсэн тендер нь нотой бол ТӨБЗГ болон Сангийн яам хөдлөхгүй байх эрхтэй. Тэд асуудлыг эрх зүйн актын хүрээнд хийжээ. Учир нь дээрх төрийн байгууллагууд сохор зоос, ширхэг хадаасыг хүртэл бүртгэж байх ёстой. Үүнийхээ хүрээнд их үнийн дүнтэй байх тусам анхаарал хандуулсан байгаа юм.
Асуудлын гол нь 51.6 сая болон 626 сая төгрөгөөр тавилга авсан гэх задаргааг мэдэхгүйгээсээ болж таамаг дэвшүүлэн асуудлыг “улс төржүүлсэн” байх юм. Өөрөөр хэлбэл дээрх үнийн дүнгээр ХЗДХЯ доторх бүх ширээ сандал, хувилагч зэргийг авсан байна. Учир нь ХЗДХЯ-ны сандал ширээг 2006 оноос хойш огт солиогүй бөгөөд ийнхүү шинэ байранд орохтой зэрэгцэн шинэчилсэн байна. Харин ХЗДХЯ-ны хуучин тавилгуудыг харьяа нэгж, агентлагуудад тараан өгсөн бөгөөд үүнд нь ТӨБЗГ хяналт тавин ажилласан байна.
Дүгнэлтийн оронд: ХЗДХЯ нь 108 жилийн түүхтэй Монголын анхны яам. Дандаа түрээсийн байранд байсан тэд өнгөрсөн жилийн сүүлээр шинэ байранд орсон. Хуучин тавилгуудаа бүгдийг нь өөрийн харьяа агентлагууддаа өгөөд өөрсдөө шинэ байрныхаа бүх тавилгыг дээрх хэлсэн үнийн дүнд багтаасан. Үүний тулд хууль, эрх зүйн актын хүрээнд хийгдсэн юм билээ. Хүн таамаг дэвшүүлж болно. Гэхдээ таамаг дэвшүүлэн, хардаж байгаа бол түүнийгээ АТГ-т хандан шалгуулах эрхтэй. Гэтэл ингэж шалгуулалгүйгээр асуудлыг хэт нэг талаас сэвж байгаа нь нийгэмд өдөөн хатгалга, цаашлаад эмх замбараагүй байдлыг үүсгэх эрсдэлтэй. Мэргэжлийн сэтгүүлч бол асуудалд тал бүрийн тэнцвэртэй мэдээллийг хүргэх байв. Харин нийгэмд эзэлсэн байр сууриа энэ мэт хөнгөн хуумгай байдлаар ийнхүү ашиглаж байгаа нь сонгууль дөхсөнтэй холбоотой мэт таагүй харагдуулав.
Хүн мэдээлэл хайх болон хүлээн авах эрхтэй. Мэдээлэл хайх эрхээ эдэлж байгаа бол асуудлыг нарийвчлан шалгаад, улмаар сэжигтэй санагдсан зүйлсийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний аудитын газар, АТГ-д хандаад нийгэмд мэдээлэл түгээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанд ийнхүү хөндлөнгөөс саад учруулж болохгүй. Эс бөгөөс болзошгүй эрсдэлийг Б.Мөнхцэлмэг ганцаараа хариуцаж чадахгүй гэдгийг ухаарч, аливаад ул суурьтай хандах хэрэгтэйг МАШ НӨХӨРСГӨӨР сануулж байна.
Т.Энхриймаа
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
