Үйл явдал
Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн уулархаг нутгаар 11-12-нд шилжих шөнө халуун хуурай салхитай, 12-ны өдөр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ихэнх нутгаар 11, 12-нд хүйтний эрч сулрах боловч 13, 14-нд хүйтний эрч чангарна.
2024 оны нэгдүгээр сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Монгол-Алтайн уулархаг нутаг болон, тал хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Ерөө голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Алтайн уулархаг нутгаар 0-5 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 7-12 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.
2024 оны нэгдүгээр сарын 12-ноос 2024 оны нэгдүгээр сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд нутгийн баруун хагаст, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 15-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 13-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 15-наас нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларна.
Үйл явдал
Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны наймдугаар сарын 19-ний өдөр болж, өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч хууль”-ийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Засгийн газраар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Дэлхийн их өгөгдлийн зах зээл 2023 онд 327.26 тэрбум ам.доллароор үнэлэгдсэн бол 2024-2030 онд жилд дунджаар 14.9 хувиар өсөх тооцоолол гарсан нь өгөгдлийн хэрэглээ, хиймэл оюуны дэвшил нь өгөгдлийн дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Улсын Их Хурлаас 2021 онд цахим хөгжлийг дэмжих багц хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч өгөгдлийг байгууллага, салбар мэдээллийн систем хооронд солилцох, нэгтгэх, чанаржуулах, дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дэд бүтцэд хөрөнгө оруулалт татах харилцааг бүрэн хамруулж чадаагүй аж. Өөрөөр хэлбэл, анхны зорилгоос өөрөөр дахин ашиглах нөхцлийг бүрдүүлээгүйгээс эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй байгаа нь анхдагч хуулийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.
Монгол Улсын давуу тал, алсын хараа, боломж, ирээдүй хэмээн тодорхойлж буй өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн талаар Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Дэлхий дахин хөрөнгө оруулалтыг хоёрхон салбарт хийж байгаа. Энэ нь сэргээгдэх эрчим хүч, дата төв. Эрчим хүчгүй дата төв байгуулагдахгүй. Бүх төрлийн эрчим хүчний арвин их нөөцийг ашиглаж л дата төв ажилладаг. Өргөн уудам газар нутаг, урт үргэлжилдэг хүйтэн сэрүүний улиралтай, 360 өдрийн 280 нь нартай, салхитай арвин их нөөцтэй оронд дата төвүүдийг барьж байгуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой. Энэ боломжийг дэлхий нийт харчихаад өөрсдөө сонирхлоо илэрхийлж байгаа. Бид шинэ эдийн засаг руу явахгүй бол уул уурхай, нүүрснээс хамааралтай эдийн засагтайгаар хөгжлийн тухай цаашдаа ярихгүй. Цаг үеэ олсон асуудал учраас манай Засгийн газрын үнэтэй өв болж үлдэх ажил” хэмээлээ.
Үйл явдал
Уул уурхайн хяналтад хиймэл оюун, дрон, зайнаас тандан судлалыг хослуулна
COP17-ын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох “Уламжлалт газар дээрх хяналтыг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон нэгдсэн мэдээллийн сантай хослуулах боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа өргөн уудам, алслагдсан нутагт тархсан тул газрын эвдрэл, доройтол, нөхөн сэргээлтийн явцыг зөвхөн газар дээрх уламжлалт шалгалтаар тогтмол хянахад хүндрэлтэй байдаг.
Уул уурхайн хяналт шалгалтаар түгээмэл илэрдэг зөрчилд эвдэрсэн газрын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хугацаанд нь хийхгүй байх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлэхгүй байх, ус ашиглах зөвшөөрөл, гэрээний шаардлага зөрчих, усны нөөц болон усан орчны хамгаалалтын дэглэмийг хангахгүй байх зэрэг асуудал багтдаг.
Мөн уурхайн үйл ажиллагаанаас үүдсэн газрын өөрчлөлтийг зохих ёсоор нөхөн сэргээгээгүй тохиолдол гардаг нь хөрс, усны нөөцөд дарамт учруулж, газрын доройтол, цөлжилтийг нэмэгдүүлэх эрсдэлтэйг онцолжээ.
Иймээс уул уурхайн хяналтад зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хиймэл оюун ухаан, дрон болон нэгдсэн мэдээллийн санг хослуулан ашиглах боломжийг өргөжүүлэхээр зорьж байна.
Технологид суурилсан хяналтаар газрын гадаргын өөрчлөлт, уурхайн талбайн тэлэлт, усны сан бүхий газрын өөрчлөлт, нөхөн сэргээлтийн явцыг тогтмол ажиглах боломжтой. Ингэснээр эрсдэл өндөртэй талбайг эрт илрүүлж, улсын байцаагчийн газар дээрх шалгалтыг илүү зорилтот, шуурхай, нотолгоонд суурилсан хэлбэрээр зохион байгуулах нөхцөл бүрдэх юм.
Үйл явдал
Н.Номтойбаяр: Орон нутгийн бүх асуудлыг улсын төсвөөр шийдүүлдэг арга барилыг өөрчлөх ёстой
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр наймдугаар сарын 19-нд аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай цахимаар хуралдаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон орон нутагт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцлээ.
Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл, улсын төсөвт тусгах шаардлагатай 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн бөгөөд тэдгээрийг холбогдох яамдад хуваарилан шийдвэрлэж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээтэй холбоотой 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.
Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүсэж, хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яам хэрэглэгчийн тарифын зохицуулалтаас үүссэн авлагын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлэв.
Дорнод аймаг авто замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилт, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэг, замын ажлын асуудлаа танилцуулжээ. Харин Хөвсгөл аймаг 2019 оноос баригдаж буй 100 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсөвт тусгуулах санал хүргүүлсэн байна.
Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагыг хөндсөн бол Өмнөговь аймаг орон нутагт санхүү, худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлангийн үеийн шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг тавьжээ.
Мөн Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн SAT-1 хэвшлийн шүлхий өвчний голомттой холбоотой зардлыг баримт, тооцоог нэгтгэсний дараа шийдвэрлэхээр болсон байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын ажлын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа мэдээлжээ.
Шадар сайд Н.Номтойбаяр жил бүр давтагддаг, шийдэлгүй явсаар ирсэн асуудлыг нэг мөр цэгцлэх шаардлагатайг онцолж, бүх асуудлыг улсын төсвөөс санхүүжүүлэх хандлагаас татгалзахыг аймгуудын удирдлагуудад үүрэг болголоо.
Тэрбээр орон нутгууд дотоод нөөц боломж, хувийн хэвшлийн оролцоо болон бусад санхүүжилтийн эх үүсвэрийг ашиглах шаардлагатайг сануулж, Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймгийг өөрсдийн боломжоо ашиглан асуудлаа шийдвэрлэж буй сайн жишээ хэмээн дурдсан байна.
Мөн дутуу гүйцэтгэлтэй спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, үлдсэн санхүүжилтийг өөр эх үүсвэрээр шийдэх боломжийг эрэлхийлэх чиглэл өгчээ.
Засгийн газар “Чөлөөлье” бодлогын хүрээнд эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримталж байгаа тул орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжиж, шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хамтран хэрэгжүүлэх ёстойг Шадар сайд онцоллоо.
