Дэлхий нийтээр..
Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын байнгын хорооны 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2021 оны зургаадугаар сарын 21-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг тус тус хийж, Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ.
Хуралдааны эхэнд Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулав.
Түүний дараа Боловсролын ерөнхий хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа.
Саналын томьёололтой холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Н.Учрал, С.Чинзориг, Т.Доржханд нарын гишүүд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, Элсэлтийн ерөнхий шалгалтын агуулга, арга зүйг шинэчлэх, үнэлгээг сайжруулахад ямар өөрчлөлт хийж байгаа талаар, боловсролын салбарт сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авахад бүрдүүлэх бичиг баримт, түүнд тавигдах нэмэлт шаардлагууд нь Зөвшөөрлийн тухай хуульд хэр нийцэж байгаа талаар асуусан.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Элсэлтийн ерөнхий шалгалтыг жилд хоёр удаа авдаг болсон. Шалгалтын үнэлгээний төвшинд шинэчлэл хийж байна. Тухайлбал, математик нь суурь шалгалт болж цаашид гүнзгийрүүлэн суралцагчдад үнэлгээ нь өөр байхаар эсвэл дагалдах шалгалт бол бас үнэлгээ өөр байхаар шинэчлэл хийнэ. Мөн тэрбээр XXI зуунд цахим болон англи хэлний ур чадварыг эзэмшүүлэх хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж байна гэв.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Боловсролын салбарын онцлогоос хамаарч, Зөвшөөрлийн тухай хуулиас гадна хариуцлагажуулах, чанаржуулахад анхаарсан шаардлагыг хуульчлан оруулах ёстой гэж үзэж байгаа гэв.
Түүний дараа Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Ажлын дэд хэсгээс зарчмын зөрүүтэй 33 саналын томьёоллыг бэлтгэсэн байна. Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуулийн дагуу байнгын хороо хуулийн төслийг зүйл, заалт бүрээр хэлэлцэнэ гэж заасны дагуу хэлэлцлээ. Ажлын дэд хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, зүйл бүрийг хэлэлцэж дууслаа. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцуулахаар болов.
Байнгын хорооны хуралдаанд Төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажлын явцын мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулсан.
Тэрбээр, энэхүү төсөл нь дөрвөн ээлжээр хэрэгжих бөгөөд 1,2 дугаар ээлжинд 16 аймгийн 92 суманд хэрэгжиж байна. Нийт 307 объект баригдахаас 183 ашиглалтад орж, 29 нь комисс ажиллахад бэлэн болж, 95 нь угсралтын ажил үргэлжилж байна. Мөн 3 дугаар ээлжинд 17 аймгийн 130 сум, 4 ээлжинд 18 аймгийн 92 сумын сургууль, цэцэрлэг, дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төсөлд хамрагдана. 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар 35,6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгоод байна. Сум бүрт баригдах ариун цэврийн байгууламж бүрийн төсөв өөр өөр байгаа. Тухайлбал, Архангай аймгийн Хайрхан сумын дотуур байрын ариун цэврийн байгууламжийн төсөв 267,1 сая төгрөг бол Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн ариун цэврийн байгууламжийн төсөв 341,7 сая төгрөг байх жишээтэй. Ерөнхийдөө тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүчин чадлаас хамаарч нэг объектын бодит өртөг 160.0-180.0 сая төгрөг болж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд ажлын зураггүй атал ажлыг эхлүүлсэн, хөрөнгө, санхүү дутагдах, орон нутгийн газрын харилцаанд асуудал үүсэх, технологийн шийдлийг оновчтой сонгох зэрэгт олон бэрхшээл гарсан ч зовлон тоочиж суух эрхгүй. Ямар ч байсан асуудлын шийдлүүдийг олж, ажиллахыг хичээж байна хэмээв.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, энэхүү төслийг хэрэгжүүлж буй Ажлын дэд хэсэг хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилж, хөдөө орон нутагт хүрч ажиллаж чадаж байгаа эсэх талаар лавлав.
Ажлын хэсгээс өнгөрсөн хугацаанд 180 гаруй ариун цэврийн байгууламжийг хүлээж авахад биечлэн очиж, чанар, стандартыг хангуулан биечлэн очиж байгаа талаар танилцуулсан.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, зураг төсөлгүй ажил эхлүүлсэн, чанаргүй ариун цэврийн байгууламж барьсан зэрэг хариуцлага алдсан гүйцэтгэгч компаниуд болон зарим сум орон, нутгийн, сургуулийн удирдлагуудад хариуцлага тооцох шаардлагатай байна. Энэ талд ямар арга хэмжээ авах талаарх асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, хариуцлага тооцох асуудал хоцроогүй. Захиалагчийн хариуцлагагүй байдлаас гүйцэтгэгчийн алдаа гаргасан бүрт хариуцлага тооцох учиртай. “Эрдэнэт” үйлдвэрээс өсгөн 100 тэрбум төгрөгийн санхүүжилт бол татвар төлөгчдийн мөнгө. Энэ хөрөнгөөр 600 орчим объектыг барьж байгуулна. Харин цаашдаа зөв ашиглаад явах сэтгэл, хандлага маш чухал байна. Энэ бол соёлын том хувьсгал, сэтгэлгээний өөрчлөлт юм. Мөн хот, хөдөөгийн сургуулиудын ялгааг арилгахад гарч буй дэвшил гэв.
Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих 4 шатны төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлыг сайжруулах шаардлагатай гэдгийг бид ярилцлаа. Байнгын хорооны гишүүдийн илэрхийлж буй санал, байр суурийг харгалзан Байнгын хорооноос гурван чиглэлийг Ажлын хэсэгт өгч байна. Нэгдүгээрт, төслийн өмнөх шатанд алдаа гаргасан хүмүүст хариуцлага тооцох, хоёрдугаарт, шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийг зориулалтын дагуу ашиглаж буй эсэхт анхаарал тавих, 160 гаруй сая төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар оруулж, шийдвэрлүүлэх чиглэлийг өгч байна гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2024/03/15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Дэлхий нийтээр..2023/10/23
Авлигын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн хэрэгтэнг хорих ялаас хугацаанаас нь өмнө сул...
-
Дэлхий нийтээр..2024/06/03
Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа
-
Дэлхий нийтээр..2020/10/06
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон ХНХЯ-нд ажиллалаа
