Дэлхий нийтээр..
Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэв
Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны дөрөвдүгээр сарын 7-нд анх байгуулагдсан цагаас хойш жил бүрийн энэ өдрийг дэлхийн улс орнууд хүн амын эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, Засгийн газар, нийгмийн анхаарлыг эрүүл мэндийн салбарт хандуулдаг өдөр болгон тэмдэглэсээр ирсэн.
Дуурь, бүжгийн эрдмийн театрт зохион байгуулсан “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” арга хэмжээнд ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте болон УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан болон төрийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбарынхан, олон улсын байгууллагын оролцож мэндчилгээ дэвшүүллээ.
ДЭМБ-ын түүхэн 75 жилийн ой тохиож байгаа энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд эрүүл мэндийн салбарын оруулсан хувь нэмэр, ололт амжилтыг дүгнэн, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж идэвхжүүлэх боломжийг олгож буйг оролцогчид онцолж байсан юм.
Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг дэлхийн 194 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага эх, хүүхдийн сэргийлж болох өвчлөл, эндэгдлийг бууруулах, халдварт болон халдварт бус өвчлөлд хүргэж, хүний амьдралын чанарыг доройтуулж буй нийгэм, эдийн засгийн болон бусад хүчин зүйлсийн нөлөөллийг багасгах чиглэлээр дэлхийн улс орнуудыг манлайлан чиглүүлж багагүй амжилтад хүрснийг онцлоод “Монгол Улсын Засгийн газрын хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас дэвшүүлсэн “Хэнийг ч үл орхигдуулах” зарчмын хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бүх нийтийн хамралтад хүрэх зорилтдоо тууштай байж, эл зорилтыг хангахын тулд хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож, эрүүл мэндийг дэмжих ээлтэй орчин, нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллаж байна. Тухайлбал, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тогтолцоог бэхжүүлж, санхүүжилтийг оновчтой болгож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бүх нийтийг хамруулахын төлөө ажиллаж байна.
Дээрх зорилтын хүрээнд Монгол Улсад анхдагч болох “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль”-ийг шинээр боловсруулан батлуулахаар Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа бөгөөд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж, бусад дэмжлэгт орчныг бүрдүүлэх замаар “өвчилсөн хүмүүсийг эмчлэх тогтолцоо”-ноос аль болох “эрүүл төрсөн хүнийг эрүүл хэвээр байлгах, архаг өвчтэй болохоос нь сэргийлэх тогтолцоо” руу шилжих шаардлагатай гэж үзэж байна. Салбарын хууль тогтоомжид “нийгмийн эрүүл мэнд бол эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл юм” хэмээн тодорхойлсон байх ч эмнэлгийн ор шүтсэн, эмнэлгийн тусламж үйлчилгээг санхүүжүүлсэн тогтолцоо хэвээр байсаар байна. Иймд “эрүүлийг хамгаалах тогтолцоо”-г бүрдүүлэхийн төлөө нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлж, иргэдийн зан үйл, амьдралын хэв маягийг өөрчлөх эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна.
Эцэст нь тэмдэглэхэд, 2020 оноос эхэлсэн коронавируст халдвараар үүсгэгдсэн КОВИД-19 цар тахлын эсрэг дэлхийн хэмжээний хариу арга хэмжээг амжилттай удирдаж ажилласан Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон хамтран дэмжиж ажилласан олон улсын бусад түншүүддээ Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархаж буйгаа дахин илэрхийлж байна” гэсэн юм.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте “Энэ өдрийг ДЭМБ-аас гишүүн орнуудынхаа Засгийн газартай хамтран эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлснээ дүгнэж хүн амын эрүүл мэндийг сайжруулах, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө юу хийж болохоо ярилцдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Бид хамтдаа бүх нийтийн эрүүл мэндийн төлөө зүтгэж буй бөгөөд хүний эрүүл мэндийг боломжит дээд түвшинд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөхцөлийг бүрэн бүрдүүлэхийг хичээж ажилладаг. Нийтийг хамарсан аюулт өвчин дэгдэх нийгэмд ноцтой байдал үүсэх үед бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг оновчтой зөв хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой байна. Бид Монгол Улстай эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монгол Улсын хувьд ДЭМБ-ын гишүүнээр 1962 онд элссэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ-ын хооронд “Техникийн болон мэргэжилтний зөвлөгөө өгөх тусламж”-ийн тухай Үндсэн хэлэлцээрийг 1963 онд байгуулж, техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай улсын эрүүл мэндийн салбар хурдацтай хөгжиж, нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн болон техникийн чадавх сайжирсаар байна.
Тухайлбал, эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг “Хэнийг ч орхигдуулахгүйгээр” хүн амд хүргэх зорилго бүхий “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийг нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагын 70 хувьд буюу өрхийн болон сумын эрүүл мэндийн 353 төвд энэхүү технологийг нэвтрүүлээд байна. Ингэснээр иргэдийг эрт үед нь оношлох, халдварт бус өвчнийг тэдний амьдарч байгаа газар нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр илрүүлэх боломжтой болж байна.
2023 онд “Зонхилон тохиолдох өвчнөөс сэргийлэх, иргэдэд эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах ажлын удирдамж”-ийг батлуулан “Иргэдийн илүүдэл жин, таргалалтыг бууруулж, эрүүл зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх арга хэмжээ”, “Архи, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах”, “Амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих арга хэмжээ”, “Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, стрессийг зөв удирдах арга хэмжээ”, “Бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх”, “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” гэсэн зургаан сэдвийн хүрээнд жилийн турш нөлөөллийн үйл ажиллагааг явуулахаар төлөвлөсөн. Үүний эхний арга хэмжээ болох зохистой хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих замаар таргалалтыг бууруулах зорилготой “Энэ жилдээ-Эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.
Энэ хүрээнд хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар иргэдийн эрүүл мэнддээ анхаарал хандуулах, эрүүл амьдрах зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ажилд иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүрийн идэвх оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Эдгээр арга хэмжээний дүнд монгол хүний эрүүл мэндийн байдал сайжирч, сэргийлж болох өвчлөл, нас баралтыг бууруулж, хүн амын дундаж наслалт нэмэгдэх боломжтой юм.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
