Дэлхий нийтээр..
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Х.Нямбаатар нарын “Азтай савар” ТББ-ын гишүүдийн хамт боловсруулсан Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлж, хэлэлцүүлэг өрнүүлэх арга хэмжээ өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд боллоо.
Хуулийн төслийг иргэдтэйгээ боловсруулан, хамт өргөн мэдүүлсэн анхны тохиолдол болж буйг арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга С.Батбаатар мэдээлсэн.
Энэхүү арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, хуулийн төсөл санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, хуулийн төсөл санаачлахад гар бие оролцсон “Азтай савар” ТББ-ын төлөөлөл, хуулийн төсөлд санал өгч оролцож буй иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хуулийн төслийг өргөн мэдүүлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл хийсэн. Тэрбээр, Өнгөрсөн жил “Азтай савар” ТББ-ын төлөөлөл олон нийтийн сүлжээгээр дамжуулан уулзах хүсэлт тавьсан. Тэд эзэнгүй нохой, мууранд хүн хазуулж буй асуудал, тэдгээрийг харгис хэрцгий аргаар устгаж буй талаар, хөрсөнд олноор нь булснаас халдварт өвчин тархах эрсдэл буй болсон талаар танилцуулж, нийгэм болоод хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл дээр хамтран ажиллах санал тавьсан. Амьтан тэжээдэггүй, тэр талаар тодорхой ойлголтгүй ч уулзаж үзээд энэ нь амьтны тухай асуудал биш юм байна гэсэн итгэл үнэмшил төрсөн. Энэ бол хүний асуудлыг хөндсөн хуулийн төсөл байсан. Өнөөдөр дэлхийн 124 улс гэрийн тэжээвэр амьтны талаарх бие даасан хуультай байхад манай улсад энэ талын харилцаа зохицуулалтгүй явж иржээ. Мөн өөрийн ажил үүргээсээ гадна олон нийтийн, сайн дурын, цалин хөлсгүй ажилд залуучууд санаачилгаараа нэгдээд олон жилийн турш идэвхтэй ажиллаж буй сайн санаачилгыг дэмжих үүрэгтэй гэдгээ ч ойлгосон. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгч. Энэ хуулийн төслийн санаачлагч бол иргэд, залуучууд, ТББ-ын сайн дурын ажилтнууд. Харин бид хуулийн төслийг хууль тогтоох байгууллагад уламжилж буй гүүр нь юм гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, хүний төлөө явахгүй мал, амьтны тухай хуулийн төсөл санаачиллаа гэсэн шүүмжлэл цөөнгүй гарсан. Амьтныг хайрлах сэтгэлтэй хүн хүнийг хайрлаж чаддаг гэдэг. Бид эхлээд өөрсдөө сайхан болчихоод дараагийн зүйлдээ анхаарья гэвэл буруу болчихоод байгаа юм. Энэрэнгүй үзэл, хайр гэдэг хэзээд зэрэгцээд явж байх ёстой учир энэ хуулийн төслийг боловсруулахад гар бие оролцохоор шийдсэн хэмээсэн.
Ингээд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ж.Сүхбаатар нар УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төслийг боловсруулахад “Азтай савар” ТББ-д нэгдсэн олон залуус оролцжээ. “Dparliament” цахим системд байршуулсан хуулийн төсөлд өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэн санал өгсөн байна.
Дараа нь “Өмгөөллийн легал гайд” ХХК-ийн ажилтан У.Азжаргал, ”Диди лекс” ХХК-ийн ажилтан М.Золзаяа нар хуулийн төслийг санаачлах болсон шалтгаан, хамрах хүрээ, зохицуулах харилцааны талаар мэдээлэл хийсэн.
Манай улсын нийт өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай бөгөөд гэр хорооллын өрхүүдийн 54 хувь, орон сууцанд амьдардаг өрхийн 12 хувь нь амьтан тэжээдэг аж. Нийслэл хотын хэмжээнд 98,800 тэжээвэр амьтан байдаг аж. Харин улсын хэмжээнд 2021 онд 320.000 гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо гарсан байна.
Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээлснээр жилд 100 мянган эзэнгүй нохой, муур устгахаар төлөвлөдөг бөгөөд гүйцэтгэлээр жилд дунджаар 80-90 мянгыг устгадаг байна.
Нохой, муурыг олон нийтийн газар, гудамж талбайд буудахдаа хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, дутуу буудах, савж алах, бага насны хүүхдийн болон гадны жуулчдын нүдэн дээр устгаж тэдний сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэх, устгалын тоо зааж энгийн иргэдэд мөнгө өгч зүй бус аргаар устгуулах зэрэг асуудал түгээмэл байна хэмээн танилцуулгад дурдсан.
Түүнчлэн нохойноос хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас хамгийн ноцтой нь галзуу бөгөөд нийт тохиолдлын 99 хувь нь нохойноос хүнд халдварладаг аж.
Нохой судлалын холбоонд бүртгэлтэй үржүүлэгч 600, Муур судлалын холбоонд бүртгэлтэй дөрвөн үржүүлэгч байдаг ч дийлэнх нь хариуцлагагүй, зөвхөн ашиг олох зорилгоор ажилладаг байна.
Хариуцлагагүй үржүүлэг нь хариуцлагагүй худалдан авах нөхцлийг үүсгэдэг гэлээ. Өөрөөр хэлбэл, амьтан тэжээх мэдлэггүй хүмүүс нэмэгдсэнээс амьтан гудамжинд хаягдах үр дагавар бий болдог байна.
Гэрийн тэжээвэр амьтантай иргэдийн 19 хувь нь амьтан тэжээхтэй холбоотой мэдээлэлгүй, сэтгэл хөдлөлөөр ханддагаас гадна гэр хорооллын айлуудын 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй, нийт өрхийн 50 хувь, гэр хорооллын иргэдийн 77 хувь нохойндоо вакцин болон туулга өгдөггүй аж.
2020 онд нохойд хазуулсан 3,855 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд хүн рүү дайрсан нохдын 90 хувь нь эзэнтэй, хазуулсан тохиолдлын 37 хувь нь 0-15 насны хүүхэд байжээ.
Иргэдийн зүгээс гэрийн тэжээвэр амьтантай зүй бусаар харьцаж, амьтны зан араншинг догшруулдаг. Үүнээс гадна нохойг зориулалтын бус хэт богино уяанд уяж, хөдөлгөөнийг нь цаг үргэлж хязгаарлах, өлсгөх, цангаах, хүйтэнд үүргүй байлгах, зодох, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх, хараа хяналтгүй удаан хугацаагаар орхих, хооронд нь зодолдуулах, өгөөш бай болгох, үр төлийг нь гаргаж хаях, төөрүүлэх, химийн бодис, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөлөх бодисоор хордуулах зэргээр зүй бусаар ханддаг байна.
Дээрх хүчирхийллийн хэлбэрүүд бага насны хүүхэд болон насанд хүрсэн иргэдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг бөгөөд амьтан, хүнтэй зүй бусаар харьцах сэдлийг өдөөж байдаг аж. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах замаар амьтныг хайрлах, энэрэнгүй хандах, хамгаалах төлөвшлийг иргэдэд бий болгосноор хариуцлагатай иргэн гэрийн тэжээвэр амьтан асран хамгаалах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм байна.
Хуулийн төсөлд тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчийн үүрэг, нохой, муурны нэгдсэн бүртгэл, эзэнгүй амьтантай холбоотой харилцаа, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа, гэрийн тэжээвэр амьтны талаарх төрийн байгууллагын чиг үүрэг, оролцоо, гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч, түр харагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг хяналт, хариуцлагатай болгоно гэж үзжээ. Мөн эзэнгүй амьтдын тоо толгойг бууруулж, тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдал багасна хэмээн тооцсон байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төсөлтэй холбогдуулан үг хэлсэн. УИХ-ын дарга шууд буюу төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцож буй залууст талархал илэрхийлсэн.
Дэлхийн 124 орон гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах, хяналттайгаар үржүүлэх, бүртгэх, худалдах, худалдан авахтай холбоотой харилцааг зохицуулсан хуультай байдгийг тэрбээр дурдаад, Монгол Улсад Амьтны тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдан, мөрдөгдөж байна гэлээ.
Гэхдээ эдгээр хуульд гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөцийг зохистой ашиглах, мал, гахай, тахиа зэрэг ашиг шимийг нь ашиглахаар үржүүлж байгаа амьтан, зэрлэг амьтны эрүүл мэндийг хамгаалах, тэдгээрийн түүхий эд, бүтээгдэхүүний ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангах харилцааг зохицуулсан хэмээсэн.
Улсын эдийн засаг амаргүй, иргэдийн амьжиргаа ч хүнд байгаа одоогийн нөхцөлд юун нохой, муурны тухай хууль ярьж байна вэ. Хүнээ яагаад боддоггүй юм, хүн хамгийн чухал шүү дээ гэсэн яриа хөөрөө гарч болох юм. Тэгвэл Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль бол хүний эрх, хүний аж төрөл, хүний эрүүл мэнд, хүмүүнлэг боловсрол зэрэг асуудлыг хөндсөн ХҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬ гэж хэлж болно хэмээн УИХ-ын дарга онцолсон юм.
Тэрбээр, Гэрийн тэжээвэр амьтан, хүн, нийгмийн хоорондох харилцаа зохицуулалтгүй байгаагаас нохойд хазуулах, мал, амьтны гаралтай халдварт өвчин тархах, агаар, ус, хөрс зэрэг амьдрах орчинд бохирдол үүсэх, хариуцлагагүй үржүүлэг хавтгайрах, эзэнгүй нохой, муур олшрох, буудаж устгах, зодох, өлсгөх, хаях, төөрүүлэх зэргээр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэх зэрэг сөрөг үр дагавар гарч байна.
Бас нэг статистик дурдвал 2020 онд нохойд хазуулсан 3855 тохиолдол гарчээ. Нохой, муураас хүнд халдварлах боломжтой 300 гаруй халдварт өвчин байдгаас гадна Монгол Улсад 1000 гаруй үржүүлгийн газар нохой, муурыг хяналтгүй үржүүлдэг байна. Нэг хос нохой, муур 6 жилд 67.000 болж үрждэг бөгөөд Улаанбаатар хот 320 мянга гаруй эзэнгүй нохой, мууртай болсон байна.
Энэ бүхэн нь Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль батлах, хэрэгжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах зайлшгүй шаардлага үүссэнийг харуулж байна гэлээ.
Энэхүү хуулийн төслийг “Dparliament” цахим системд байршуулснаас хойш 100 дахь хоног дээр өргөн барьж байгааг УИХ-ын дарга онцлоод, энэ 100 хоногт давхардсан тоогоор 25.870 хүн дэмжлэг илэрхийлж, 11.898 хүн хуулийн төслийг үзэж танилцжээ. “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөлтэй холбогдуулан 200 гаруй санал бүртгэгдсэн байна.
D-parliament-д цахим системд 300 шахам хуулийн төслийг байршуулсан бөгөөд нийт хуулийн төслүүдээс хамгийн олон санал авсан нь “Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль”-ийн төсөл болоод байгааг УИХ-ын дарга мэдээлээд, тэдгээр 200 шахам саналыг төсөл санаачлагчийн зүгээс нэгбүрчлэн хүлээж авч, төсөлд тусгах, тусгах боломжгүй, хэлэлцэж шийдэх гэсэн 3 ангилалд хуваасан байгааг танилцуулсан. Мөн “хэлэлцэж шийдэх” гэсэн ангилалд байгаа зарим саналуудаас “D-parliament” цахим систем ашиглан оролцогчдын хамт санал асуулга явуулсан юм.
Эцэст нь хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл үг хэлж, байр сууриа илэрхийлснээр арга хэмжээ өндөрлөлөө.
Арга хэмжээний төгсгөлд Улсын Их Хурлын Дарга Г.Занданшатар, Залуус та бүхнээс энэрэнгүй сэтгэлийг мэдэрч байгаадаа баяртай байна гэлээ. Тэрбээр, хуулийн төсөл санаачлан төрийн хэрэгт оролцож, нийгмийн сайн сайхны төлөө санаа чилээж, үнэтэй цаг хугацаагаа зориулж байгаад талархал илэрхийлээд цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Мөн арга хэмжээнд оролцогчид дурсгалын зураг татууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/03/30
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ээлжит орон сууц ашиглалтад орлоо
-
Тод зураг2019/12/24
Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн
-
Үйл явдал2025/07/01
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
-
Хэн юу хэлэв...2019/10/01
Н.Баяртсайхан: Мөнгөний бодлого, банкны хяналт зохицуулалт нь дунд хугацааны тог...
