Үйл явдал
Японы Күмамото мужид хүчтэй газар хөдөлжээ
Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 2026 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 16:27 цагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлсөнтэй холбогдуулан Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэдэд сэрэмжлүүлэг гаргалаа.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
ЯПОН УЛСЫН КҮМАМОТО МУЖИД ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ
2026 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн (Мягмар) 16:27 цагт Япон Улсын Кюүшюү бүсийн Күмамото мужид 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, тус мужийн Үки хот болон Хикава тосгонд Японы газар хөдлөлтийн хэмжүүрээр хамгийн өндөр түвшин болох 7 баллын чичиргээ бүртгэгдлээ.
Гамшгийн улмаас Күмамото мужийн зарим бүсэд барилга байгууламж эвдэрч, гал түймэр гарсан, худалдааны төвд олон хүн гацсан тухай мэдээлэгдэж байна. Мөн хурдан галт тэрэг, төмөр зам, авто зам, нисэх буудлын үйл ажиллагаа тасалдаж, зарим бүсэд цахилгаан болон холбоо харилцааны системд доголдол үүсээд байна.
Газар хөдлөлтийн дараа Ариакэ тэнгис болон Яцүширо тэнгист нэг метр хүртэлх өндөртэй цүнами үүсэх эрсдэлийн улмаас сэрэмжлүүлэг гаргасан боловч далайн түвшний өөрчлөлтийг ажигласны үндсэн дээр 18:10 цагт уг сэрэмжлүүлгийг цуцалжээ. Үүний зэрэгцээ 17:08 болон 19:03 цагийн орчимд Күмамото мужид дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгдсэн нь идэвхжил үргэлжилж байгааг харуулж байна.
Японы Цаг уурын агентлаг болон холбогдох байгууллагууд ойрын 2–3 хоногт хүчтэй давтан газар хөдлөлт гарах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Япон Улсад, ялангуяа Күмамото болон Кюүшюү бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэд Та бүхнийг:
• Японы эрх бүхий байгууллагын сэрэмжлүүлэг, зааварчилгааг тогтмол дагаж мөрдөх;
• Нурж болзошгүй барилга байгууламж, уулын энгэр, гол мөрөн болон эргийн бүсээс хол байх;
• Онцын шаардлагагүй тохиолдолд гамшигт өртсөн бүс рүү зорчихгүй байх;
• Гар утсаа цэнэгтэй байлгаж, ундны ус, хүнс, эм, гэрэлтүүлэг зэрэг яаралтай хэрэгцээний зүйлсээ бэлтгэх;
• Шаардлагатай тохиолдолд орон нутгийн захиргааны зааврын дагуу нүүлгэн шилжүүлэх байранд шилжин байрлахыг зөвлөж байна.
Өнөөдрийн байдлаар Күмамото мужид Монгол Улсын 40 орчим иргэн ажиллаж, амьдарч буйгаас гамшигт өртсөн талаар мэдээлэл одоогоор авагдаагүй байна.
Тус бүсэд оршин сууж буй Монгол Улсын иргэд Элчин сайдын яамны 03-3469-2088 шуурхай утсаар холбогдон туслалцаа авах боломжтой.
Элчин сайдын яам нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээллийг тухай бүр хүргэх болно.
Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яам
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Тод зураг2020/06/09
Их Петрийн гайхамшигт хотоор...
-
Хэн юу хэлэв...2020/09/22
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэ...
-
Дэлхий нийтээр..2022/10/03
Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг өргөн барилаа
-
Дэлхий нийтээр..2020/07/06
АНУ-ын Дээд шүүх Макаогийн тэрбумтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов
