Үйл явдал
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдаанаар сайжруулсан түлшний талаарх мэдээллийг сонслоо
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа сайжруулсан түлшний талаар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын мэдээллийг сонслоо. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, тус Дэд хорооны дарга А.Сүхбат даргаллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн байсангүй.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Ч.Гантулга мэдээлэлдээ, агаар, орчны бохирдлыг бууруулахад 2019 онд 75.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаанаар 32 арга хэмжээнд зарцуулахаар шийдвэрлэн, өнөөдрийн байдлаар 54.73 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулах эрхзүйн акт бүрдэж, гэрээний дагуу санхүүжилт хийгдэж байгааг тэмдэглээд Уланбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, уурын зуух, 10 хувийг тээврийн хэрэгсэл, 6 хувийг цахилгаан станц, 4 хувийг хог, шороо, хөрсний бохирдол үүсгэж байгаа болон агаарын бохирдлын 2019 оны эх үүсвэрийн тооллогоор 196,588 айл өрхийн зуух, 2, 742 уурын зуух, 501,683 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн, одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд агаарын чанарыг хянах 15 харуул ажиллаж байна гэсэн тоон мэдээллүүдийг өгөв.
Мөн, Улаанбаатар хотын агаар дахь агаар бохирдуулах бодисын 2018 оны жилийн дундаж агууламжийг өмнөх оны жилийн дундаж агууламжтай харьцуулахад PM 2.5 тоосонцор 12 мкг/м-ээр, азотын давхар исэл 5 мкг/м-ээр тус тус бага байсан бол PM 10 тоосонцор, хүхэрлэг хийн агууламж өмнөх оны түвшинд байсан байна хэмээгээд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав.

Дараа нь Нийслэлийн онцгой комиссын мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.
Тэрбээр, сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.
Мэдээлэлдээ, 2019 оны аравдугаар сарын 02-29-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 298 удаагийн дуудлагаар 701 иргэнд, үүнээс 315 хүүхэд, 389 том хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, 44 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн болон 8 хүн /3 хүүхэд, 5 том хүн/ нас барсан талаар танилцууллаа.
Мөн, сайжруулсан шахмал түлшийг шинжлүүлж, шинжилгээний хариуг болон туршилт хийж шалгасан тухай мэдээллийг аравдугаар сарын 7-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон нийтэд хүргэсэн тухай, сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг, нөөц, хүртээмжийн талаар мэдээллийг өгөв.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэдээллийг тус газрын дарга Д.Ядамдорж танилцуулахдаа, 2019 оны аравдугаар сарын 04-29-нийг хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд угаартсан гэх 471 дуудлага бүртгэгдсэнээс 198 дуудлага нь угаарын шинжгүй, 273 дуудлага нь угаартаж хордсон шинжтэй байгаа бөгөөд нийт 703 хүн хордсоноос 8 хүн нас барсан хэмээв.
Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, 8 хүний амь нас хохирсон дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас 3 хүн нь нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, бусад хохирогчдын дүгнэлт одоогоор гараагүй байна гэлээ.
Түүнчлэн, цагдаагийн байгууллагаас хяналт, шалгалтын чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тэрбээр саналаа мөн танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлэл хийв.

Холбогдох байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Мурат, Г.Мөнхцэцэг, Л.Болд, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг угаарын хийн хордолтоос сэргийлэх мэдрэгчээр хангах асуудал ямар шатандаа явааг тодруулахад Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа, ирэх арваннэгдүгээр сар гэхэд зорилтот айл өрхийг тус мэдрэгчээр хангаж дуусахаар төлөвлөж байна” гэсэн хариулт өглөө.
Ийнхүү сайжруулсан түлшний талаарх холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссоноор хуралдаан өндөрлөлөө.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2022/12/22
Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ
-
Үйл явдал2025/09/22
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Үйл явдал2025/02/07
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
-
Үйл явдал2024/11/19
Нийслэлд ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлгийн үзлэг үргэлжилж байна...
