Үйл явдал
Эрээн хотод зорчихоор төлөвлөж буй иргэдийн анхааралд...
БНХАУ-ын хилээр нэвтрэх үед авч яваа бэлэн мөнгөний хэмжээ тогтоосон дүнгээс давсан бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв тусгах шаардлагатайг иргэдэд анхааруулж байна.
Тухайлбал, иргэн Та хилээр нэвтрэхдээ /орох, гарахдаа/
• 20,000 юаниас дээш бэлэн юань;
• 5,000 ам. доллартой тэнцэх хэмжээний болон түүнээс дээш гадаад валютын бэлэн мөнгө авч яваа бол гаальд мэдүүлэх шаардлагатай.
Бэлэн мөнгөө мэдүүлэхгүй нуух, бусдын нэр дээр хувааж авч явах, худал мэдүүлэх, эсхүл мөнгөний эх үүсвэрийг тодорхой тайлбарлаж чадахгүй байх тохиолдолд гаалийн шалгалтад саатах, мөнгийг түр хураалгах, торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шалгагдах эрсдэлтэй.
Дээрх зөрчлийг БНХАУ-ын Гаалийн тухай хууль, Гаалийн захиргааны зөрчлийн журам, мөн бэлэн юань болон гадаад валют хилээр нэвтрүүлэхтэй холбоотой холбогдох журмын дагуу шалган шийдвэрлэдэг. Харин санаатайгаар нуух, хуурамч мэдүүлэг өгөх, хууль бус эх үүсвэртэй мөнгө авч явах зэрэг ноцтой нөхцөл байдал илэрвэл эрүүгийн шинжтэй эсэхийг тогтоохоор холбогдох хууль хяналтын байгууллагаас шалгадаг.
Иймд иргэд Та бүхэн:
- Их хэмжээний бэлэн мөнгө авч явахаас аль болох зайлсхийх,
- Боломжтой бол банкны шилжүүлэг, төлбөрийн карт, цахим төлбөр ашиглах,
- Бэлэн мөнгө авч явах шаардлагатай бол дүн хэмжээгээ урьдчилан нягтлах,
- Гаалийн мэдүүлгийг үнэн зөв бөглөх,
- Мөнгөний эх үүсвэрийг нотлох банкны хуулга, төлбөрийн баримт зэрэг баримтыг биедээ авч явах,
- Бусдын мөнгө, дайвар ачаа, эд зүйл авч хил нэвтрэхгүй байхыг зөвлөж байна.
Хил, гаалийн журам зөрчсөн тохиолдолд зорчих хөдөлгөөн саатах, санхүүгийн хохирол учрах, хууль эрх зүйн хүндрэл үүсэх эрсдэлтэй тул иргэн Та суугаа улсын хууль тогтоомжийг хүндэтгэн, анхаарал болгоомжтой зорчино уу.
МОНГОЛ УЛСААС БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗАР
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Хэн юу хэлэв...2019/12/20
Л.Оюунтунгалаг: “Web awards” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх...
-
Дэлхий нийтээр..2024/06/04
Монгол, Беларусийн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
-
Дэлхий нийтээр..2020/11/19
Бараа бүтээгдэхүүний түгээлт, татан авалтыг шөнийн цагаар зохион байгуулахаар тө...
-
Хэн юу хэлэв...2024/08/23
Ц.Баатархүү: E-Mongolia -д байгаа төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшил рүү шилж...
