Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар монгол сарлагийн ширийг боловсруулан, хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж буй “Монгол бөмбөг” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус үйлдвэрийн менежер Б.Эрдэнэбаяр УИХ-ын даргыг угтан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ талаар танилцуулсан.

Монгол малын арьс, ширийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилтыг тус хамт олон тавьж, 2017 оноос бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.
Олон улсын зах зээл дэх хэрэглэгчид байгаль орчинд ээлтэй, гарал үүсэл нь тодорхой, хариуцлагатай, тогтвортой нийлүүлэлт бүхий түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгон авах сонирхол өндөр байдаг бөгөөд монгол малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг дэмжих үүднээс Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төслийн хүрээнд “Хариуцлагатай нүүдэлчид” малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэлтийн мөшгөх системийг хөгжүүлж байгаа юм. Энэхүү системээр бэлтгэгдэж ирсэн түүхий эдээр хоёр том хүний болон хүүхдийн гэсэн хоёр төрлийн хөлбөмбөгийн бөмбөг үйлдвэрлэж байгаа талаараа Б.Эрдэнэбаяр менежер танилцуулсан.

Одоогоор ямар ч боловсруулалтгүй, хаягдал болж буй сарлагийн ширийг ийнхүү малчид хоршоогоор дамжуулан стандартын дагуу бэлтгэж, нэмүү өртөг шингээж чанарын өндөр түвшинд, гарал үүслийн баталгаажуулалттай, олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа “Монгол бөмбөг” үйлдвэрийн хамт олонд УИХ-ын дарга Г.Занданшатар баяр хүргэж, амжилт хүсэв. Энэхүү үйлдвэрлэл нь малчдын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олон ажлын байрыг бий болгож байгаа ач холбогдолыг онцлон тэмдэглээд, үйлдвэрлэлийг нь дэмжих үүднээс 76 ширхэг бөмбөг захиаллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл энэ үеэр хамт ажилласан бөгөөд арьс, ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, зээл олголтын явцын талаар УИХ-ын даргад мэдээлэл өгсөн юм. Арьс шир, ноос, ноолуурын боловсруулалт, үйлдвэрлэл харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг онцлогийг харгалзан энэ төрлийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр олгож буй зээлийн хугацааг уртасгах шаардлагатай гэдэг саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлж байлаа. Ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэр экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дотооддоо дэмжихгүй байгаагаас импорт өсч, наад зах нь ачаа эргэлтэд ачаалал нэмэх, улмаар валютын эрэлтийг нэмэгдүүлэх гээд сөрөг үр дагаварууд гарч байгааг хэлж байсан гэдийг анхаарууллаа. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ дэмжснээр олон тооны ажлын байрыг бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой тул эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг салбарын яамнаас онцгойлон дэмжиж ажиллахыг Г.Занданшатар дарга чиглэл болгосон.
УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх Ц.Цогзолмаа, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Б.Эрдэнэбаяр болон албаны бусад хүмүүс ажиллав.

Малчид “Мон-Ирээдүй” үйлдвэрт арьс, ширээ тушааж, тус үйлдвэрийн боловсруулсан арьсаар “Монгол бөмбөг” үйлдвэр нь хоёр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм байна. “Монгол бөмбөг” үйлдвэрт одоогоор 9 хүн ажилладаг бөгөөд нэг бөмбөгийг нэг өдөрт гараар оёдог аж. Тус үйлдвэр өнөөдрийг хүртэл 500 орчим бөмбөгийг захиалгаар үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
