Хэн юу хэлэв...
Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн нь геотехникийн шалтгаангүй хэмээн дүгнэжээ
Засгийн газрын Ажлын хэсэг Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллар буюу дөрвөн тэрбум орчим төгрөгөөр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудлаар хөндлөнгийн шалгалт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг хүлээн авсан байна. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийн талаар тус Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг өнгөрсөн хугацаанд хэрхэн гүйцэтгэсэн, хугацаа хойшилж, зардал хэтэрсэн асуудал юунаас шалтгаалсан талаар дэлгэрэнгүй тайлан, дүгнэлтийг тусгасан байна. Цаашлаад, гүний уурхайн төслийн явц, удирдлагатай холбоотой илүү дэлгэрэнгүй тодорхой мэдээллийг уг дүгнэлтээс харах боломжтой юм.
Ялангуяа, гүний уурхайн ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилж хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн нь төслийн гүйцэтгэлийн явцад илрүүлсэн геотехникийн асуудлаас шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гарсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хэллээ.

Оюутолгой төслийн менежер, уурхайн оператор болох Рио Тинто компани болон Оюутолгой ХХК-ийн зүгээс энэ асуудлыг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалан зардал нэмэгдэж, хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг Ажлын хэсэгт болон хөрөнгө оруулагчдад өгч байсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт болон Рио Тинто компанийн өгч буй тайлбарууд яагаад зөрүүтэй байгаа талаар албан ёсны тайлбарыг бид Рио Тинто компаниас шаардах болно гэлээ.
Түүнчлэн Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2021 оны гуравдугаар сард хүлээн авалгүй буцаасан. Үүнтэй холбоотойгоор гаргасан зөвлөмжид тусгасан зарим асуудалд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт тайлбар өгч байна гэж харж байна. Тухайлбал, Оюутолгой ХХК-иас Оюутолгойн бүлэг ордын нөөцийн тодотгол тайланг хүргүүлсэн бөгөөд энэхүү тайланд Оюутолгой ордын нөөц найм орчим хувиар буурсан, төслийн зардал яагаад нэмэгдсэн талаар тодорхой тайлбарыг Оюутолгой ХХК-иас өгөхгүй байсны улмаас тодотгол тайланг хүлээн аваагүй байсан юм.
Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой Оюутолгой төслийн менежментийг бид Рио Тинто компанид итгэл хүлээлгэн өгсөн. Рио Тинто компани жил бүр 200 гаруй сая ам.долларыг төслийн менежментийг хэрэгжүүлсний төлбөр авдаг. Монгол Улсын Засгийн газар Оюутолгой гүний уурхайн төслийг дэмжсээр ирсэн бөгөөд одоо ч дэмжиж буйгаа илэрхийлдэг. Хэрэв гүний уурхай ашиглалтад орвол Оюутолгой ХХК-ийн олборлолт эрс нэмэгдэж дэлхийд тэргүүлэх уурхайнуудын нэг болох юм. Гэвч Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт Рио Тинто компанийн өнөөдрийг хүртэл бидэнд өгч байсан тайлбараас зөрүүтэй гарч байгаа нь Ажлын хэсгийн анхаарлыг татаж байна.
Засгийн газрын Ажлын хэсэг цаашид Оюутолгой ХХК-ийн үнэ цэнийг нэмэгдүүлж, Оюутолгой төсөл бүх хувьцаа эзэмшигчдийн хувьд урт хугацаанд үр ашигтай, ил тод, тогтвортой байдлаар хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг төслийн бусад оролцогч талтай хамт авч хэрэгжүүлэх болно гэж Ажлын хэсгээс мэдээллээ.

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ, ТАЙЛБАР:
Хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулсан талаар
- Монгол Улсын Засгийн газар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай 2020 оны 4 дүгээр сараас эхлэн яриа хэлэлцээг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газрын Ажлын хэсгийг 2021 оны 1 дүгээр сарыг хүртэл тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан.
- Оюутолгой төсөлд тулгамдаад буй олон асуудал гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилж, хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж буйгаас шалтгаалсан, Монгол Улсад уг төслөөс ирэх үр өгөөж их хэмжээгээр буурсан, гадаадын хэвлэл мэдээллээр эргэлзээ төрүүлэхүйц мэдээлэл гарч, “шүгэл үлээгчид” гадаадын зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа зэргээс шалтгаалж Засгийн газрын Ажлын хэсгийн дарга Л.Оюун-Эрдэнэ 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж хөндлөнгийн шалгалт хийлгэх саналыг Рио Тинто компанид албан ёсоор хүргүүлсэн.
- Засгийн газраас хөндлөнгийн шинжээчид томилох саналыг Эрдэнэс оюу толгой ХХК-иар дамжуулан Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд гаргасан бөгөөд Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Засгийн газрын саналыг дагуу тусгай хороо байгуулж хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Оюутолгой ХХК-ийн оролцогч талуудын ашиг сонирхлыг тэнцвэртэй хангах зорилгоор Засгийн газрын төлөөлөл 2 гишүүн, Туркойс Хилл компанийн төлөөлөл 2 гишүүн тусгай хороонд орж ажилласан. Ийнхүү хөндлөнгийн шинжээчид томилж ажиллуулах шийдвэрийг Рио Тинто эрс эсэргүүцэж байсан бөгөөд Засгийн газрын төлөөлөл гишүүд анх удаа Туркойс Хилл компанитай хамтран ТУЗ-ийн тогтоол дийлэнх олонхоор батлуулсан.
- Тусгай хорооноос хөндлөнгийн шинжээчдийн ажлын даалгаврыг баталж, хөндлөнгийн шинжээчид томилох ажлыг эхлүүлэн шаргуу ажилласан бөгөөд Рио Тинто компанийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран ашиг сонирхлын зөрчилгүй мэргэшсэн зөвлөх компани олох нь маш бэрхшээлтэй байсан. Гэсэн хэдий ч дэлхийн нэр хүндтэй зөвлөхүүдээс бүрдсэн шинжээчдийн багийг томилж 2021 оны дөрөвдүгээр сараас хяналт шалгалтын ажлыг эхлүүлсэн.
- Хөндлөнгийн шинжээчид хянах шаардлагатай мэдээллийн жагсаалтыг гарган Оюутолгой ХХК-д явуулж байсан бөгөөд зарим тайлан, мэдээллийг өгөхөөс Рио Тинто, Оюутолгой ХХК эрс татгалзаж байсан. Тухайлбал Техникийн үнэлгээний багийн тайлан бөгөөд 2016-2019 онуудад хөндлөнгийн зөвлөхүүдийн Оюутолгой төсөлтэй холбогдуулж гаргасан тайланг Рио Тинто өгөхөөс татгалзсан. Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд энэхүү тайланг авах шаардлагатай талаар удаа дараа сануулж шаардлага хүргүүлсэн боловч Рио Тинто энэхүү мэдээллийг өгөөгүй.
- Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг Тусгай хорооны гишүүд 2021 оны 8 дугаар сарын 3-нд хүлээн авсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй хоёр зөвлөх мөн дүгнэлтийг хянасан. Энэхүү дүгнэлтээр гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь геотехникийн нөхцөл байдлаас шууд шалтгаалаагүй гэсэн байна.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын талаар
- Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2013 оны наймдугаар сард хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн асуудлыг шалтаглан Рио Тинто компаниас түр зогсоосон.
- Ч.Сайханбилэгийн Засгийн газар маргаанд хүргэсэн гэх асуудлаар Рио Тинтотой тохиролцоонд хүрч (бараг бүх асуудлаар буулт хийсэн) Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээ гэх баримт бичгийг 2015 оны тавдугаар сард Дубайд байгуулсан. Дубайн гэрээг байгуулснаар Оюутолгой ХХК зургаан тэрбум орчим ам.долларын төслийн санхүүжилтийн зээлийг Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй 10 гаруй санхүүгийн байгууллага, банкуудаас авсан. Төслийн санхүүжилтийн 4.4 тэрбум ам.долларын зээлийг бүхэлдээ Оюутолгой ХХК нь Туркойс Хилл компаниас авсан байсан хувь нийлүүлэгчдийн зээлийг эргүүлэн төлөхөд зарцуулсан. Төслийн санхүүжилтийн зээл авснаар Рио Тинто компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад тулгарч болох улс төрийн эрсдэлээ бууруулж, төсөлд оролцогч талуудыг нэмэгдүүлсэн.
- Дубайн гэрээг байгуулж, төслийн санхүүжилт авснаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх боломж бүрдлээ гэсэн мэдэгдлийг Рио Тинто тухайн үед гаргаж байсан бөгөөд 2016 оны эхээр гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Тухайн үед гаргасан 2016 оны ТЭЗҮ-ийн дагуу гүний уурхайн бүтээн байгуулалтад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулж 2021 оны нэгдүгээр сард тогтвортой үйлдвэрлэл эхлэх буюу гүний уурхайгаас олборлолт эхлэхээр төлөвлөж байсан.
- 2019 оны долдугаар сарын 16-нд Рио Тинто компани хөрөнгө оруулагчдад Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалт орох хугацаа 16 сараас 30 хүртэл сараар хойшлохоор байгаа талаар мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийг гаргасны дараа Туркойс Хилл компанийн хувьцаа хоёр дахин унасан.
- 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Рио Тинто компани гүний уурхайн бүтээн байгуулалтын илүү нарийвчилсан тооцоог олон нийтэд зарласан бөгөөд энэхүү тооцоолол нь ТЭЗҮ-тэй харьцуулахад илүү тодорхой, нарийвчилсан тооцоолол болохыг дурдсан. Энэхүү мэдэгдэлд дурдсанаар гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сар хүртэл хойшлох талаар мэдэгдсэн. Рио Тинто компани ийнхүү зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон шалтгааныг хөрсний чулуулгийн нөхцөл байдал буюу геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэж тайлбарладаг. Урьдчилан харах боломжгүй, Рио Тинтогийн хяналтаас гадуур байгалийн хүчин зүйлээс болж байна гэсэн тайлбарыг Рио Тинто Засгийн газарт удаа дараа өгч байсан. Рио Тинто компанийн Зэсийн группийн захирал Б.Болд мөн хэвлэлээр өгсөн ярилцлагад үүнийг баталгаажуулсан.
Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбогдуулж Туркойс Хилл компанийн жижиг хувьцаа эзэмшигчид Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа бөгөөд “шүгэл үлээгчид” АНУ, Их Британийн зохицуулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Их Британийн Үнэт цаасны зохицуулах газраас Рио Тинтогийн эсрэг албан ёсны хянан шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар мэдээлэл мөн гарсан.
Хэн юу хэлэв...
БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг уриалав
Монгол дахь БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжуань өөрийн албан X (хуучнаар Twitter) цахим хуудсандаа Монгол, Хятадын хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбэр, " Монголчуудын дунд “айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж зүйр үг байдаг бол, Хятадын тал “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй” үзэл баримтлалыг баримталж, хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоохыг зорьдог бөгөөд үндсэн агуулгаараа нийцдэг билээ. Энэхүү хэлэлцээр нь давуу талуудаа нөхөлцөж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд хүрэхэд чиглэсэн бөгөөд талуудын чин шударга хамтын ажиллагааны илэрхийлэл буюу нэг нь хожиж нөгөө нь хохирох тухай агуулаагүй болно. Хятад улс саяхан XV дахь таван жилийн төлөвлөгөөгөө баталж, гадаад улс оронд нээлттэй байх бодлогоо улам гүнзгийрүүлж, хөрш орнуудтай аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон уялдаа холбоогоо улам нягтруулахаар зорьж байна.
Монголын хувьд Хятад хэмээх том зах зээл хаяа залган оршиж байна. Энэ оны эхний улиралд Монголын экспорт 60 хувиар өссөн нь Хятад руу чиглэсэн экспорт голлон нэмэгдсэнтэй холбоотой. Харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хамтын ажиллагааны “бялууг” улам томруулж, хамтын хөгжлийг илүү хурднаар, илүү үр дүнтэйгээр бүтээцгээе." гэжээ.
Хэн юу хэлэв...
Санхүүгийн зах зээлүүд Ираны дайны нөлөө буурч эхэлсэнд итгэж эхлэв
Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн санхүүгийн зах зээлүүд Ирантай холбоотой мөргөлдөөний нөлөө буурч эхэлсэнд итгэх хандлага ажиглагдаж байна. Олон улсын хөрөнгө оруулагчид зах зээлийн гол үзүүлэлтүүдийг ажиглахад дайны эхэн үеийн огцом савлагаа намжиж, ихэнх активууд өмнөх түвшиндээ дөхөж очсон нь анхаарал татаж байна.
Тухайлбал, дэлхийн томоохон индексүүд сэргэлт үзүүлж, зарим нь бараг дайны өмнөх түвшинд хүрээд байгаа бол хөрөнгө оруулагчид АНУ болон хөгжиж буй зах зээлүүдэд дахин анхаарал хандуулж эхэлжээ.
АНУ-ын хөрөнгийн зах зээл ч эерэг дохио үзүүлж, S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрч, өмнөх алдагдлаа нөхсөн байна. Зах зээл ийнхүү тайвширч эхэлсэн нь Ираны мөргөлдөөн намжих магадлал нэмэгдэж, дипломат яриа хэлэлцээ дахин эхэлж болзошгүй гэсэн хүлээлттэй холбоотой гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн ч эрчим хүчний зах зээлд болгоомжлол хэвээр байна. Газрын тос, байгалийн хийн үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа бөгөөд Ормузын хоолойн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй хэвээр байгаа нь эрсдэлийг хадгалж буйг анхааруулж байна.
Мөн хүүгийн түвшин, инфляцын дарамт бүрэн буураагүй, бондын зах зээлд тодорхойгүй байдал үргэлжилж байгаа нь хөрөнгө оруулагчдыг болгоомжтой хэвээр байлгаж байна.
Хэн юу хэлэв...
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
Манай улсын иргэд БНХАУ-д зорчихдоо анхаарал болгоомжгүй байдлаас болж гадаад паспорт, мөнгө зэрэг зүйлсээ гээгдүүлэх, олон нийтийн унаанд мартаж буух тохиолдлууд гарч байна.
Гадаад паспортаа гээгдүүлснээр зочид буудалд захиалга хийх боломжгүй болох, нислэгээ цуцлах зэрэг хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Энэ тохиолдолд холбогдох дүүргийн Цагдаагийн газарт бүртгүүлж бичиг баримтаа гээгдүүлсэн тухай бичиг авч, БНХАУ-ын НАХЯ-ны Хилээр орох, гарах газраас тус улсын хилээр гарах зөвшөөрөл хүсэж 5-7 хоног хүлээх зэргээр цаг хугацаа алдаж, санхүүгийн хохирол амсдаг.
Элчин сайдын яамны зүгээс паспорт гээгдүүлсэн иргэдэд буцах үнэмлэх олгох, тухайн иргэнд Хятад улсын хилээр гарах зөвшөөрөл гаргуулах зэргээр иргэний асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг.
Иймд БНХАУ-аар зорчих Монгол Улсын иргэн Та хувийн хариуцлагаа нэмэгдүүлж, сонор сэрэмжтэй байж, гадаад паспорт болон мөнгө, эд зүйлсээ биеэсээ салгахгүй, анхааралтай аялахыг Элчин сайдын яамны зүгээс анхааруулж байна.
Иргэн Та БНХАУ-д зорчих үедээ бичиг баримтаа гээгдүүлсэн тохиолдолд Элчин сайдын яамны шуурхай утас болон цахим хуудсаар холбогдоно уу.
ЭСЯ-ны шуурхай утас: +8617600787323, +86(10)65321203,
Цахим хаяг: beijing@mfa.gov.mn, beijing.consul@mfa.gov.mn
-
Дэлхий нийтээр..2021/09/01
Галт зэвсэг бүртгүүлж, шинээр гэрчилгээ авах иргэний бүрдүүлэх материал
-
Дэлхий нийтээр..2024/09/24
Хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад JICA хамтарч ажиллахад бэлэн гэв
-
Дэлхий нийтээр..2023/09/25
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах тамирчдын төлөөлөлтэй уулзлаа
-
Дэлхий нийтээр..2026/03/13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
