Хэн юу хэлэв...
Д.Содном: Гэрийн хэлбэртэй майхнаа брэнд болгох зорилготой байгаа
Удам дамжин гар урлалын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, хөгжүүлж буй олон хүн дүүрэг, аймаг, сумандаа аж төрсөөр байна. Тэдний нэг бол Баянзүрх дүүрэгт өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй Д.Содном, Ц.Наранцэцэг нар юм. Тэд гэр бүл бөгөөд асар, майхныг зонхилж оёод 23 гаруй жилийг үджээ.
Ирэх даваа гарагт болох “Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж байх үед нь онцолж ярилцсан юм.
-“Монгол бахархал-2020” үндэсний шилмэл урчуудын нэгдсэн үзэсгэлэнд оролцох болсон шийдвэрээ хэзээ гаргасан бэ?
-Сайхан арга хэмжээнд оролцох гэж байгаадаа баяртай байна. Сурталчилгаа явж эхлэх үед нь л гэр бүлийнхээ хүнтэй ярилцаж байгаад шийдсэн. Манайх 1997 онд Төв аймагт хувиараа оёдлын чиглэлийн хоршоо байгуулж байлаа. Чиглэлийн хувьд асар, аяны болон цэргийн майхан онцолж хийсэн. Тэгэхдээ Монгол уламжлалтайгаа хослуулсаар өнөөдрийг хүрлээ. Би эхээс есүүлээ. Тухайн үед эгч, дүү болон тэдний хүүхдүүдтэй хамтарч үйлчилгээгээ явуулдаг байсан. Гэр бүлийн бизнес гэсэн үг л дээ. Харин одоо тус тусдаа биеэ даагаа өрхийн үйлдвэрлэлээ эрхлээд сайхан амьдарч байна. Бид аль болох дахин давтагдалгүйгээр, шинэлэг санаатайгаар бүтээлүүдээ түгээхийг зорьдог. Мөн тухайн худалдан авагчийн саналыг сонсч, ямар нэгэн хээ угалз, байгууллагынх нь лого зэргийг байршуулахыг хүсвэл оёод л өгчихнө.
-Дээрх үндэсний шилмэл урчуудын үзэсгэлэнд танай гэр бүл ямар бүтээлээр оролцох вэ?
-Цагаан, цэнхэр хосолсон, өлзий хээтэй асар, гэрийн хэлбэртэй болон аяны майхнаар оролцоно. Гэрийн хэлбэртэй майханд хөдөөний айлууд сүү, цагаан идээ, ааруул, ээзгийгээ сэврээчих боломжтой. Илүү гэр л гэсэн үг. Нэг хүн 10 минутын дотор барьчихна. Багтаамжийн хувьд захиалагч хэдэн хүнийхээр хийлгэмээр байна тэр хэрээр нь л хийнэ.


-Галлах боломжтой юу?
-Боломжтой. Зуухны яндан гарах нүхтэй. Яг л гэр гэсэн үг. Доторлогоотой хийвэл хүйтний улиралд ч хэрэглэж болно. Эрэг боолтоор биш оньсоор холбогддог тул барихад амар. Манай гэр бүлийн зорилго энэ загвараа эхний хугацаанд нийтийн хүртээлд хангалттай болгох. Цаашлаад брэнд үүсгэх.
-Материалын хувьд хэр чанартай вэ?
-Ихэнх хүн Хятадаас орж ирсэн аяны майхан хэрэглэдэг л дээ. Үүнтэй харьцуулахад тэс өөр. Борооны ус нэвтэрдэггүй хоёр давхар материалаар хийгддэг. Дөрвөн талаас нь гадсаар татаж уяад голоос нь дээш өргөөд л болоо. Зарим майхан шиг гуурсан рам ашиглахгүй. Дээр нь хурга, ишиг тонгочиж байсан ч нурдаггүй. Үүнийг бид реклам болгож яриад байгаа юм биш. Олон газар барьж явахдаа янз бүрээр туршиж үзсэн л дээ.
-Түрүүн та хүйтэнд ч бариад сууж болно гэж хэллээ. Тэгэхээр өвлийн улиралд ч тохиромжтой гэсэн үг үү ...
-Тийм. Загасчдад зориулж өвлийн майхан хийдэг. “Люмино” хамтлагийн ахлагч, MC буюу Д.Тэмүүжин өөрөө загвараа хэлж хийлгэж байлаа. Мөсөн дээр майхнаа барихдаа шаландаа цооног гаргуулсан. Ингээд майхан дотроо сууж байхдаа л өнөөх цооногоороо загасаа барьчихна. Том хэмжээтэй майхан хийлгэвэл хэдэн ч цооног гаргах нүх гаргуулж, хэдүүлээ ч хамаагүй загас барих боломжтой. Мөн ОХУ-аас шувууны зураг авдаг хүмүүс манайхыг зорин ирж дуран гарах хэмжээний нүхтэй өвөл, зуны майхан хийлгэж байлаа. Гэхдээ манайх нэг их реклам сурталчилгаа хийдэггүй ээ. Манайхаар үйлчлүүлсэн хүн аль нэг газар майхнаа барьсан байхыг зэргэлдээх хүн нь хараад л “Та тэр хүнд тийм сайхан майхан хийж өгсөн байна билээ. Надад хийгээд аль” гээд ирдэг. Энэ л бидний сурталчилгаа юм даа. Хаягдал материал их гардаг болохоор аяллын болон мишокны уут, машины дээвэр дээрх дугуй болон бусад зүйлийг тоосноос хамгаалсан цүнх ч хийж байна. Заримдаа мод, төмрөөр ч тохирсон зүйлсийг хийх нь бий.

-Зарим албан байгууллага, хувь хүн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн үйлсийн аян өрнүүлдэг л дээ. Танайх үүнд оролцож байв уу?
-Оролцож байсан. “Сайн” ломбардтай хамтарч өвөл утаа их гардан үед захын сургуулийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хичээлийн цүнхэнд поспурттой уут 1000 ширхгийг хийж үнэгүй тараасан.
-Та бүхний хамгийн анх хийсэн бүтээл чинь юу байсан бэ. Ер нь яагаад энэ салбар руу орох болов?
-Дунд сургуульд сурч байхдаа би ах, эгч хоёртойгоо “Ну погоди”-г хэн нь илүү адилхан зурах вэ гэж өрсөлддөг байлаа. Тэр зураг тухайн үед ЗХУ-аас ирсэн сэтгүүлд хавсралт болж цувралаар ирдэг байсан юм.
-Тэгээд хэн нь илүү сайн зурдаг байсан бэ?
-Шүүгч байхгүй юм чинь ах, эгч хоёр л өөрсдийгөө гэж хэлдэг байсан. Уг нь би дутахааргүй зурдаг байсан л даа. Уг нь би зургадугаар ангид сурч байхдаа сумынхаа айлын хаалга дээр хээ зурж мөнгө олдог байлаа шүү дээ. Үүнээс гадна гарын алга хэртэй хуш мод олж сумынхаа төвийг дүрсэлдэг байсан. “Энэ нь манай сургууль, энэ нь захиргаа” гэхээр харсан хүмүүс “Нээрээ тийм байна шүү” гэдэг байлаа. Мөн айлын түлээн дээрээс жижгэвтэр нарс мод гуйж аваад хэвийн боовны хэв сийлсэн. Тэрүүгээр манайх олон жил хүүхдийн гар цайлгах боов хэвлэсэн дээ. “Содномын хэвийн боов” гээд бүр нэрлэчихсэн. Ер нь би юмхнаар юм хийдэг хүүхэд байсан. Тэр чанар маань өнөөдөр намайг энэ сайхан асар, майхан бий болгоход нөлөөлсөн байх. Манай эхнэр ч гол ажлыг нугална.
-Таны аав, ээжийн талд уран хүн бий болов уу?
-Байгаа. Аавын ээж 80 гарсан хойноо ганц ч удаа нүдний шил зүүлгүйгээр аавд Монгол гуталны оймсны хараа оёж өгч байсан гэдэг. Түүнчлэн намайг дунд сургуульд сурч байхад уран зохиолын номонд “Уран Гомбожав” гэсэн түүх гэмээр зохиол байдаг байсан. Сүүлд тэр хүнийг судлахад аавын ээжийн талын хүн байсан юм билээ. Тэр хүн огт зүгээр суудаггүй байж. Би нэг хачирхалтай түүх ярих уу.
-Тэг л дээ ...
-Зун нэг айлд ороод сууж байснаа “Өрхөө бүтээж бай” гэчхээд нэг ширхэг цагаан будаа бариад сууж. Тэгээд төд удалгүй өнөөхөө хүмүүст харуултал зааны дүрс бий болсон байсан гэдэг. Өрхний завсраар туссан нарийхан гэрэлд харж байгаад сийлэх нь илүү тохиромжтой байсан юм байлгүй. Одоо тэр хүний охин Феврал гэж хүн бий. Бид хоёртой уулзахдаа “Аавын минь хийж байсан юмнаас энэ л үлдэж” гээд гар буу үзүүлсэн. Тэр бууг хийх болсон түүх нь бас сонин. Нэгэн айлд очоод байж байтал тугалынхаа зэлний гадсыг бууны хошуугаар тогтоосон байж. Тэгэхээр нь “Энэ төмрөө надад өгчих. Оронд нь би гоё гадас хийж өгье” гээд модоор аятайхан гадас хийж өгчхөөд явж л дээ. Тэгсэн хожим тэр бууны хошуу охинд нь одоо байгаа тэр гар буу болж хувирсан байна. Ном зохиолд ч “Уран Гомбожавын хийсэн хаалга үнэ нь арай багадсан юм” гээд хаалга нь нээгдэж, хаагдах болгондоо дуугардаг гэсэн ам дамжсан гэмээр яриа байдаг даа. Нэгэн харамч баяныд хийж өгсөн хаалганы тухай. Энэ мэт тэр хүний тухай домог шиг яриа их бий. Мөн манай эхнэрийн талд уран хүмүүс их бий. Өвөө нь өндөр Жанрайсиг бурхныг бусад хүмүүстэй хамт бүтээлцэж байсан гэдэг. Гэрийн модыг ч янзтай сайхан хийдэг байсан юм билээ. Эмээ нь ч гэсэн оёж хатгахдаа гаргууд хүн байж. Бид хоёр залгаа сумынх болохоор хүүхэд байхаасаа хэн хэнийгээ мэднэ л дээ. Жанрайсиг бурхны өмнөх ширээг ээжийнх нь төрсөн дүү хийж байсан юм билээ. Өвөөгийнх нь хийж өгсөн шатар одоо ч бидэнд хадгалаастай байгаа.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөхөд орон сууц барьдаг компанийн захирлууд “Бид хүмүүст гэр орныг нь барьж өгдөг болохоор асар их буян үйлддэг” гэдэг. Та хоёр ч гэсэн ялгаагүй шүү дээ ...
-Тийм шүү. Бид хоёр яг л ингэж ярьж, билэгддэг. Асар, майхан гэдэг чинь хүн орох гэр л гэсэн үг. Үүнээс гадна бид нүүдлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхийг мөрөөддөг.
-Яаж ...
-Жуулчин их цугласан аймгуудад очиж адуу малтай айлын дэргэд Монгол гэрийн загвартай майхнаа бариад гэрээгээр хамтарч ажиллах. Эхний айлд нь унага барих ёсыг харуулах бол маргааш нь хонь хяргах, сүү цагаан идээ бэлтгэх зэргийг яг дэргэдээс нь үзүүлбэл гоё байх болов уу. Үндсэндээ Монгол ахуйгаа олон улсад сурталчлах хүсэлтэй байна.
-“Загасчны морь усгүй” гэсэн үг бий. Та хоёр өөрсдөдөө зориулж асар, майхан оёсон уу?
-Төрөл төрлөөс нь зөндөө оёсон. Гэвч хэн нэг нь харчихвал “Энийгээ л өгчих” гэсээр байгаад худалдаад авчихдаг. Зарим нь дотор нь орж сууж байгаад “Энэ майхан чинь сэтгэл татаад байна. Надад зарчих” гэж шалсаар байгаад нэг мэдэхнээ эвхээд зогсож байдаг. Яг өөрсдөдөө тохирсон майхныг хэдэн удаа хийлээ ч даанч тогтохгүй юм. Гэхдээ яалт ч үгүй хэрэг гарвал хэзээ ч хамаагүй оёчихно л доо.
-Уяач, бөхчүүдийг манайхан их хүндэлдэг. Тэд ч та нараас майхан авч байгаа нь мэдээж. Хамгийн их билэгдэж тоссон хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Бөхчүүд нэг их майхан авдаггүй юм аа. Харин уяачид их авна шүү. Хамгийн их бахархаж, хүлээж авсан хүн бол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат малчин, тод манлай уяач Д.Даваахүү гуай. Баатар цолныхоо найрыг Баянцагаан сумандаа хийхдээ томоохон хэмжээтэй асар манайхаар хийлгэсэн. Хамгийн сүүлд Жонан Ханчэн гэгээнтэн, Налайх дүүргийн хийдийн гэрийн бүрээсийг битүү хээтэйгээр хийж гүйцэтгэлээ.

-Олон жил энэ үйл ажиллагааг эрхэлж байгаа таниас асуухад хэдээс хэдэн оны үе хамгийн их борлуулалттай байсан бэ?
-Аль ч цаг үед ялгаагүй байдаг л даа. Манайд хийгдсэн майхан 21 аймгаас гадна хэдэн ч суманд тархсаныг мэдэхгүй юм. Түүнчлэн Тува, ОХУ-аас хүмүүс зорьж ирж хийлгэдэг.
-Засгийн газраас Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг үйлдвэрлэгч нарт олгодог. Гэхдээ бодит байдал ямар байна вэ?
-Яг үнэндээ олддоггүй. Манайх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс 10 сая төгрөгийн л зээл авч байсан. Дээрх зээлийг компанид 20, хувь хүнд 10 саяыг олгодог юм билээ. Нэмж хэлэхэд манайхаас бүтээгдэхүүн худалдаж авсан хүмүүс “Чанар сайтай юм байна” гэдэг. Энэ үгийг хэлсэн хүмүүсийн нэг бол Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц гуай юм. Тухайн үед олон тооны майхан оёулах тендер зарлахад чанараараа тэнцэх нэг ч компани байгаагүй гэсэн. Тэгээд арга ядахдаа урд хөршөөс баахан майхан татсан юм билээ. Дараа нь манай майхныг харчхаад дээрх үгийг хэлж байсан юм. Тэгээд ч тэр хүн 10 гаруй жилийн өмнө манай эгчээр нэг майхан оёулсан нь одоо болтол хэрэглэгдэж байгааг танилцах үеэрээ хэлж байсан.
-Ярилцсанд баярлалаа.
















Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
Хэн юу хэлэв...
COP17-ийн үеэр зарим замаар аюултай ачаа тээвэрлэлтийг хязгаарлана
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 арга хэмжээ энэ сарын 17-28-ны өдрүүдэд болно. Энэ үеэр аюултай ачаа тээвэрлэлтийн талаар Ачаа тээврийн төлөвлөлт, логистик хариуцсан, ахлах мэргэжилтэн Ц.Бямбасүрэн мэдээлэл өглөө.
Уг арга хэмжээ Улаанбаатар хотод зохион байгуулагдах гэж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын А/1067 дугаар захирамжаар бэлтгэл ажлын төлөвлөгөөг баталсан. Энэхүү төлөвлөгөөнд хэд хэдэн байршил зорчих хөдөлгөөнийг хязгаарласан.
Үүнд:
Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвар, Нарантуул ОУХТөвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингаравын гудамж Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжингийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 07:00–21:00 цаг хүртэл хязгаарлана.
Уулзалтад оролцож байгаа зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хүний амь нас, эргүүл мэндэд хор хохирол учруулж болзошгүй аюултай ачаа тээвэрлэж байгаа тээврийн хэрэгслийг наймдугаар сарын 15-ны өдрөөс хориглосон замуудаар 24 цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй тул бусад зам талбайг сонгон зорчихыг зөвлөж байна.
COP17 олон улсын хуралд оролцогсдын аюулгүй байдлыг хангах үүднээс аюултай ачаа тээвэрлэгч 19 аж ахуйн нэгжид мэдээлэл хүргүүлж хамтран ажиллаж байна.
Хэн юу хэлэв...
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замд есдүгээр сард туршилтын галт тэрэг явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцаж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Өнөөдрийн байдлаар төслийн эхний 87.2 км-ийн үндсэн бүтээн байгуулалт дууссан бөгөөд Шувуун фабрик, Туул гол, Эмээлтийн чиглэлд далан, гүүр, хоолой болон төмөр замын дээд бүтцийн ажил үргэлжилж байна.
Төслийн хүрээнд Туул гол дээгүүр 476 метр урт төмөр замын гүүр барьж байгаа нь Монголын хамгийн урт төмөр замын гүүр болох аж. Бүтээн байгуулалтад үндэсний 95 аж ахуйн нэгж, 4000 гаруй монгол инженер, техникийн ажилтан, ажилчин оролцож байгаа бөгөөд төмөр зам ашиглалтад орсны дараа 1000 орчим байнгын ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
Шинэ төмөр замыг Богд уулын урдуур чиглүүлж, нийслэлийн төвөөр нэвтрэх шаардлагатай шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачаа, мөн станцуудын нүүрсийг хотоос гадуур тээвэрлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн эхний шатанд жилд 3.5 сая тонн, цаашид 20 сая тонн хүртэлх ачааг Улаанбаатар хотын төвөөр нэвтрүүлэхгүй тээвэрлэх боломж бүрдэх аж. Ингэснээр өдөрт 316-1800 том оврын автомашиныг нийслэлийн замын хөдөлгөөнөөс гаргах тооцоо гарчээ.
Мөн төмөр замын гармуудаар галт тэрэг нэвтрүүлэхийн тулд авто замын хөдөлгөөнийг хоногт дунджаар хоёр цаг хаадаг хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ хүнд даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн багассанаар нийслэлийн замын ачаалал, агаар орчны бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэхээр тооцжээ.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ төмөр замыг зөвхөн тээврийн дэд бүтэц бус, нийслэлийн аюултай ачаа тээврийг хотын төвөөс гаргах чухал шийдэл гэж онцлов. Тэрбээр 2024 онд газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрсэн ослыг дурдан, цаашид шатахуун, тэсэрч дэлбэрэх болон химийн аюултай ачааг энэхүү төмөр замаар нийслэлийн гадуур тээвэрлэх боломж бүрдэнэ гэдгийг тэмдэглэжээ.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 1.2 их наяд төгрөг бөгөөд урт хугацаанд 294.8 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн тооцоо гарсан байна.
Шинэ төмөр зам ашиглалтад орсноор Хөшигийн хөндий зөвхөн нисэх буудлын бүс бус, Монгол Улсын тээвэр, логистикийн шинэ зангилаа болон хөгжих нөхцөл бүрдэхээр байна. Мөн Зуунмод, Хүннү хот зэрэг дагуул хотын хөгжлийг дэмжиж, Улаанбаатар хотын хүн амын төвлөрлийг сааруулах суурь дэд бүтцийн нэг болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.
Төслийн цаашдын санхүүжилтийг шийдвэрлэх хүрээнд Олон улсын санхүүгийн корпорац болон Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусгах хүрээнд төмөр замын зурваст давхцаж буй газар, цахилгаан дамжуулах болон түгээх шугам, дэд станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Мөн бүтээн байгуулалтын ажлыг чанарын шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2026 оны есдүгээр сард туршилтын галт тэрэгний хөдөлгөөн эхлүүлэх, Хөшигийн хөндийд тээвэр, логистикийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албаныханд даалгалаа.
-
Дэлхий нийтээр..2023/04/13
Нийт нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
-
Үйл явдал2021/08/30
Даваа гарагт ажиллах дархлаажуулалтын цэгүүд
-
Үйл явдал2025/06/26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Үйл явдал2021/06/03
Нийслэлд өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг танилцуулж байна
