Дэлхий нийтээр..
УИХ-ын дарга НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, хатагтай Илейн М.Конкиевич тэргүүтэй төлөөлөгчдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр манай улстай олон жилийн турш хамтран ажиллаж, парламентын чадавхыг бэхжүүлэх тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд талархалтай байдгаа илэрхийлэв.
Хатагтай Илейн М.Конкиевич цаг гарган хүлээн авч уулзаж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын талаар товч танилцуулсан юм.
Тус форумыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-тай хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын зургаан эксперт оролцохоор хүрэлцэн ирсэн. Форум "Жендэрийн тэгш байдлын төлөөх улс төрийн намын манлайлал", "Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүйн шинэчлэл" сэдвийн хүрээнд хоёр өдөр үргэлжилнэ гэдгийг хатагтай Илейн М.Конкиевич тэмдэглэв. Тэрбээр, шийдвэр гаргах түвшинд тэр дундаа парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлэхийн чухлыг онцлоод УИХ-ын даргын хувьд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар, “2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр жил гаруйн хугацаанд Улсын төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, улс төрийн намууд, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагуудыг оролцуулсан цуврал хэлэлцүүлгийг явуулж, санал авсан. Намууд улсын хэмжээнд бодлого, үйл ажиллагаа явуулдаг, санхүүжилт, орлогын эх үүсвэрээ ил тод зарладаг, хөрөнгөө олон нийтэд ил тод мэдээлдэг байх зэрэг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан хуулийн төсөл бэлэн болсон. Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэлээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа ардчилсан улс орнуудад тавигддаг нийтлэг, гол шалгууруудыг хангахыг зорьсон. Мөн төрөөс намуудад үзүүлэх дэмжлэг, санхүүжилтийг ил тод болгох, бодлогын намыг төлөвшүүлэх, жендэрийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй хангах зэрэг зохицуулалтыг тусгасан. Монголын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намын тогтолцооны шинэчлэлийг хийхэд дэлхий дахины ардчиллын гол байгууллагууд болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг байгууллагуудын дэмжлэг, санал зөвлөмж чухал ач холбогдолтой болохыг УИХ-ын дарга онцлон тэмдэглэв.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хатагтай Илейн М.Конкиевичийг “Ирээдүйн төлөөх Бан Ги Мүн” сан, АНУ-ын Стэнфордын Их сургууль хамтран ирэх зургаадугаар сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулганд оролцохыг урьсан юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, УИХ-ын даргын зөвлөх О.Номинчимэг, Английн Ноттингемийн Их сургуулийн дэд профессор, Др.Фернандо Касаль Бертоа болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2025/07/29
Хотын дарга Х.Нямбаатар Бээжин хотын дарга Ин Юнтай уулзав
-
Дэлхий нийтээр..2023/04/14
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд ирэх долоо хоногт...
-
Дэлхий нийтээр..2020/11/19
Нийтийн тээврийг ариутгаж халдваргүйжүүллээ
-
Дэлхий нийтээр..2021/04/05
Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам солино
