Дэлхий нийтээр..
Хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд
Эх сурвалж: Монголбанк
- Монголбанкнаас гаргасан шийдвэрийн дагуу иргэд хэрэглээний зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж, хугацааг сунгах боломжтой болсон. Гэвч энэ шийдвэр өнөөг хүртэл банкуудад хэрэгжихгүй байна гэх гомдол их байна. Уг шийдвэрийн хэрэгжилт өнөөг хүртэл яагаад хангалтгүй байна вэ?
- 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хуралдаанаар ипотек, цалин, тэтгэвэр болон бусад хэрэглээний зээл хэлбэрээр иргэнд олгосон зээлийн хувьд хуваарийн дагуу эргэн төлөлт хийлгүй 15 хоногоос хэтэрсэн тохиолдолд зээлийн чанарыг бууруулдаг байсныг 90 хоног хүртэл сунгах шийдвэрийг гаргасан (https://www.mongolbank.mn/news.aspx?id=2472&tid=1). Харин Мөнгөний бодлогын хорооны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны хуралдаанаар хэрэглээний зээлд мөрдөгдөх өр, орлогын харьцаа (60 хувь)-ны болон хугацаа (30 сар)-ны дээд хязгаараас шалтгаалан нөхцөл өөрчлөх боломжгүй байгаа, эргэн төлөлтийн хүндрэлд орчихсон байгаа хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байна. Энэ шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн хэрэгжээд явна. Өр, орлогын харьцаа болон хугацааны хязгаарын хүрээнд байгаа зээлүүдийн хувьд зээлийн гэрээний нөхцөлөө өөрчлөөд явж байгаа.
- Дээрх шийдвэрийн хүрээнд хэрэглээний зээлийн хугацааг сунгахад зээлийн үлдэгдэл дүнд өөрчлөлт орох уу?
- Зээлдэгч банктайгаа тохиролцон зээлийн хугацааг сунгахдаа үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж буй хугацаанд хүүний төлбөрийг төлөхгүйгээр хойшлуулсан тохиолдолд хуримтлагдсан хүүний төлбөрийг үлдэгдэл хугацаанд тархаан байршуулах (хүүг капиталжуулах) дүнгээр өсч болно. Бусад тохиолдолд өөрчлөлт орохгүй.
- Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад иргэд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?
- Иргэдийн орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой. Банкны зүгээс байгууллагын тодорхойлолт эсвэл дансны хуулга болон бусад холбогдох материалууд дээр үндэслэн орлого тасалдсаныг тогтоож болно.
- Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг зээлийн төлөлтийг царцаах гэж ойлгох тал байна. Дээрх шийдвэрийн гол агуулга нь юу вэ?
- Эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор иргэдийн орлого буурч, хэрэглээний зээлийн эргэн төлөлт саатах эрсдэл бий болж байгаа тул системийн тогтвортой байдлыг хангахын тулд зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн санхүүгийн чадавхтай уялдуулах шаардлага үүссэн. Иймд нөхцөлийг нь өөрчлөх шаардлагатай хэрэглээний зориулалттай зээлийн хувьд хугацааг нь 12 сараар сунган эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх боломжийг банкууд болон зээлдэгчдэд олгож байгаа. Энэ арга хэмжээ нь нэг удаагийн арга хэмжээ бөгөөд хэвийн зээлийн ангиллыг өөрчлөхгүй байх 90 хоногийн хугацаанд (7 дугаар сарын 31-нийг хүртэл) багтаан банкууд зээлдэгчид тохиролцон эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэх юм. Энэхүү арга хэмжээний үр дүнд зээлдэгчдийн зээлийн сарын төлбөр буурч, зээлдэгчийн гар дээр үлдэх орлого нэмэгдэнэ.
- Банкуудад албан ёсны шийдвэрийг хүргүүлсэн үү? Бодлогын шийдвэр гаргалт, түүний хэрэгжилтийн уялдаа, холбоог хэрхэн хангаж байна вэ?
- Мөнгөний бодлогын хорооны дээрх шийдвэрийн тогтоол дээр үндэслэн Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж банкуудад хүргүүлсэн. Тиймээс хэрэглээний зээлийн хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх шийдвэр нь 4-р сарын 14-ний өдрөөс эхлэн бүх банкууд дээр хэрэгжээд явна.
- Хэрэглээний зээл авсан бүх зээлдэгчид зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараар сунгах уу?
- Зөвхөн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас (i) зээлийн эргэн төлөлт доголдсон, (ii) орлого нь буурч, зээлийн анхны гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон зээлдэгчдийн хувьд энэхүү хөнгөлөлтөд хамрагдах юм. Харин орлогын хэмжээнд өөрчлөлт ороогүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжтой зээлдэгчдийн хувьд энэ хөнгөлөлт хамаарахгүй.
- Хэрэглээний зээл авсан зээлдэгчийн орлого буураагүй ч өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болж, орлогогүй болсон тохиолдолд энэ хөнгөлөлтөд хамрагдах боломжтой юу?
- Боломжтой. Гэхдээ зээлдэгч нь нэгдүгээрт, ажилгүй болсон иргэнийг өөрийн өрхийн гишүүн гэдгийг, хоёрдугаарт, тухайн өрхийн гишүүн нь түр хугацаанд ажилгүй болсныг нотлох шаардлагатай.
- Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?
- Үгүй. Зээлдэгч нь банктайгаа тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хугацааг сунгаж болно.
- Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?
- Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэчлэх шаардлагатай байдаг. Банкны зүгээс таны банк болон бусад санхүүгийн байгууллагад төлөх өглөгийг, орлогод харьцуулан тооцоолно.
- Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулахад өр, орлогын харьцаа нь 60 хувиас өндөр байгаа зээлүүдийн хувьд хугацаа сунгаж болох уу?
- Болно. Ялангуяа өмнө нь өндөр Өр орлогын харьцаагаар авсан зээлүүдийг 12 сараар сунгасан ч Өр орлогын харьцаа нь 60 хувиас давах тохиолдол гарахыг үгүйсгэхгүй.
- Хэрэглээний зээлийн үлдэгдэл хугацааг 12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?
- Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа (30 сар) болон өр, орлогын харьцааны (60 хувь) хязгаарлалтын хүрээнд боломжтой. Жишээлбэл, зээлийн хугацаа 10 сар, зээлдэгчийн өр, орлогын харьцаа 60 хувиас бага тохиолдолд банк болон зээлдэгчид тохиролцон зээлийн үлдэгдэл хугацааг 20 хүртэлх сараар сунгах боломжтой юм.
Харин Монголбанкнаас тогтоосон макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн үлдэгдэл хугацааг зөвхөн 12 хүртэлх сараар 1 удаа сунгах боломжтой.
- Зээлийн хугацааг 12 сараар сунгахдаа хүүний төлбөрийг 3 сараар хойшлуулсан тохиолдолд нийт 15 сараар зээлийн үлдэгдэл хугацаа уртасна гэсэн үг үү?
- Үгүй. Макро зохистой бодлогын хязгаарлалтуудын хүрээнд нөхцөлийг нь өөрчлөх боломжгүй зээлүүдийн хувьд зээлийн хугацааг сунгах нийт хугацаа 12 сараас хэтрэхгүй бөгөөд 3 сараар хойшлуулж байгаа нь 12 сардаа багтана.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
