Дэлхий нийтээр..
ТББХ: ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2023 оны тавдугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв.
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголын товч тайланг УИХ-ын гишүүн Г.Ганболд танилцуулсан юм.
Тэрбээр, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нартай хийсэн нэр дэвшигчийн сонсголыг Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар ... эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.”, “21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.”, “21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал нэр дэвшигчийн сонсгол хийсний үндсэн дээр хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн Нэр дэвшигчийн сонсголын үе шатыг баримтлан дараах ажиллагааг явууллаа.
1/ Монгол Улсын Засгийн газар /“Монголын менежментийн манлайлал форум” НҮТББ/-аас нэр дэвшүүлсэн Нямдаваагийн Монсор, Монгол Улсын Засгийн газар /Монголын үндэсний маркетингийн холбоо/-аас нэр дэвшүүлсэн Жаргалсайханы Золзаяа нар нь Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 15 дугаар тогтоолоор баталсан “Нэр дэвших тухай хүсэлт”-ийн загварын дагуу материалаа бүрдүүлж, 2023 оны 01 дүгээр сарын 16-нд Байнгын хороонд ирүүлсэн болно.
2/ 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу “Нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоох, сонсгол даргалагчийг томилох тухай” тогтоолыг баталж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг томилсон.
3/ Сонсголын бэлтгэл хангах хүрээнд:
- Нэр дэвшигчийн мэдээллийг Parliament.mn буюу Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулсан.
- Сонсголын тов, хугацаа, сонсголд оролцогчдыг бүртгэх хуудсыг байршуулсан зарыг Улсын Их Хурлын цахим хуудас, itoim.mn, ikon.mn, 24tsag.mn, livetv.mn, eguur.mn, news.mn, newspress.mn, times.mn, tovch.mn, zarig.mn, Мgl 88.3 фм радио зэргээр 32 хоногийн хугацаанд давтамжтай байршуулсан.
- Мэдээллийн дагуу 1 ажиглагч бүртгүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Байнгын хороо хүсэлтийг хүлээн авсан огноо, цаг, минутаар бүртгэж, баталгаажуулсан.
4 /2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 14.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь хүрэлцэн ирснээр ирц бүрдэх бөгөөд Байнгын хорооноос сонсголд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Г.Ганболд, Д.Тогтохсүрэн, Д.Сарангэрэл, Ж.Сүхбаатар, Н.Энхболд нар хүрэлцэн ирж, ирц бүрдэж, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан болно.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 127 дугаар зүйлд заасны дагуу “сонсголд оролцсон гишүүд сонсгол явуулснаас хойш 2 өдрийн дотор хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайлан гаргана. Тайланд сонсголын дүнд үндэслэн тухайн нэр дэвшигч албан тушаалд шаардлага хангасан эсэх дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана. Тухайн тайланг ажлын 5 өдрийн дотор нэр дэвшигч, түүний санал болгосон этгээдэд хүргүүлж Парламентын цахим хуудаст байршуулах болно.” гэсний дагуу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хаалттай хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонсголын тайланг гаргалаа.
Нэр дэвшигчийн сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигч Н.Монсорыг ажлын хэсгийн тайлан, ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний гишүүнд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр, нэр дэвшигч Ж.Золзаяаг гишүүдийн олонх дэмжлээ хэмээн танилцуулав.
Монгол Улсын Их Хуралд Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд санал болгосон нэр дэвшигчийн талаарх сонсголын тайланг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12.3-т заасны дагуу хаалттай горимоор хэлэлцлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2026/06/18
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжи...
-
Үйл явдал2019/10/24
Монголбанк, СЗХ-ны удирдлагад хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэд...
-
Дэлхий нийтээр..2020/11/18
Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ хэви...
-
Үйл явдал2024/11/08
Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан
