Үйл явдал
Ерөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулан, иргэдийн санал хүсэлт, сонирхсон асуултад шууд хариуллаа.
Засгийн газраас дэвшүүлж буй “Эрх чөлөөний дөрвөн зам” бодлогын хүрээнд эдийн засгийн чөлөөлөлт, хүний эрхийн чөлөөлөлт, амьдралын чанар болон ногоон хөгжлийн чөлөөлөлт, авлигын эсрэг цахим чөлөөлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тухайлбал, төрийн зардлыг бууруулж, иргэдийн орлогыг хамгаалах, Оюутолгойн өгөөжийг ард түмэнд хүртээх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах, татварын болон тэтгэврийн реформ, 16 мянган өрхийг орон сууцаар хангах, төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, боловсролын салбарт хөрөнгө оруулах, эмийн үнийн дарамтыг бууруулах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх зэрэг бодлогын зорилтыг танилцуулав.

Уулзалтад оролцсон иргэд нийслэлийн дахин төлөвлөлт, орон сууцны хүртээмж, олон жил шийдвэрлэгдээгүй барилга байгууламж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлтэй холбоотой асуудлуудыг хөндөж, холбогдох албаныханд санал хүсэлтээ уламжиллаа.
Дахин төлөвлөлт, Сэлбэ хотын бүтээн байгуулалтад тухайн хорооны иргэд хэрхэн хамрагдах, сонгон шалгаруулалтын шалгуурт тэнцэх боломжгүй иргэдэд ямар нөхцөл, боломж олгох, 20 орчим жил дуусаагүй, эзэнгүй орхигдсон барилга иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учирч буйг хэлж, уг асуудлыг шийдвэрлэхийг хүсэв.
Түүнчлэн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар сургуулийн хашаа руу түрж барьсан барилга 10 гаруй жилийн турш шийдвэрлэгдээгүй байгааг иргэн Н.Даваахүү хөндөж, хууль тогтоомж, эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцэхгүй барилгын асуудлыг шийдвэрлэхийг хүссэн юм. Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 40, 50 мянгатын оршин суугчдын дахин төлөвлөлт, барилгын давхрын хязгаарлалт, соёлын өвд бүртгэхтэй холбоотой асуудал хөндөгдлөө. Иргэдийн зүгээс эдгээр асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэж, оршин суугчдын эрх ашгийг харгалзан үзэх шаардлагатайг илэрхийлэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Сэлбэ хотын бүтээн байгуулалтын хүрээнд 8,575 айлын орон сууц баригдаж байгаа бөгөөд барилгын ажлын гүйцэтгэл 35 орчим хувьтай байгааг танилцууллаа.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа орон сууцжуулах бодлогын хүрээнд хуваарилалтыг квотын зарчмаар, нээлттэй сонгон шалгаруулалтаар зохион байгуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 43 байршилд ногоон байгууламж, цэцэрлэг, сургууль байгуулах боломжийг судлан, иргэдэд ээлтэй орчныг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. 40, 50 мянгатын бүсийн тоосгон барилгуудын дахин төлөвлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор хувийн хэвшлийн оролцоог хангах, барилгын давхрын хязгаарлалтыг дахин нягтлан үзэх чиглэлээр зураг төслийн бэлтгэл ажил хийсэн талаар мэдээлэв. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй барилга байгууламжийн асуудлыг судалж, эрсдэлийг бууруулах, шаардлагатай арга хэмжээ авах чиглэлээр баг гарган ажиллахаа илэрхийлээ.
Уулзалтын төгсгөлд иргэдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэв. Нийслэлийн иргэн та бүхэн “Хотын дарга сонсож байна 150150” тусгай дугаарт санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэх боломжтойг хэллээ.
Үйл явдал
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нисэх онгоцны буудлаас Минск хотын Ялалтын талбайд хүрэлцэн ирж, амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.
Мөнхийн гал нь Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн дайчдын дурсгалд зориулсан Ялалтын хөшөөний дэргэдэх дурсгалын бэлгэдэл юм.
Минск хотыг чөлөөлсний 17 жилийн ойгоор 1961 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Ялалтын хөшөөний суурийн дэргэд Мөнхийн галыг байрлуулж, ЗХУ-ын баатар, хурандаа генерал Алексей Бурдейный асаасан.
Ялалтын хөшөө нь Беларусийн ард түмний дайны үеийн баатарлаг тэмцэл, Минск хотыг чөлөөлсөн үйл явдлыг дурсан хүндэтгэх зорилгоор бүтээгдсэн.
Хөшөөний оройд Ялалтын одонгийн дүрсийг байрлуулж, суурийн хэсэгт дайны түүх, баатруудын гавьяаг харуулсан уран баримлын дүрслэлүүдийг харуулсан.
Ялалтын талбай болон Мөнхийн гал нь Минск хотын аялал жуулчлалын чухал цэг юм.
Үйл явдал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенкогийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний Хурлын Бүгд Найрамдах Зөвлөлийн дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга нар тус тус бараалхана.
Айлчлалын үеэр хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, спорт, магадлан итгэмжлэл, гааль, харилцаа холбоо зэрэг салбарт хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Айлчлалын хүрээнд Минск хотноо “Монгол-Беларусийн бизнес форум”, “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” үндэсний урлагийн тоглолтыг толилуулна.
Монгол Улс, Беларусь Улстай 1992 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Үйл явдал
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 24-ний Бямба гарагт болж өндөрлөлөө.
Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын уугуул, Монгол Улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэв.

Ойн барилдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд аймгийн арслан Б.Баянсүх, цэргийн арслан Б.Өлзийсайхан, улсын харцага Б.Даш, аймгийн начин М.Баяржавхлан, улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарсан юм.
Харин их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Г.Мөнхбаяр, улсын начин Н.Амгаланбаатар нар тунан үлдсэнээс ийнхүү улсын аварга О.Хангай найм даван түрүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй билээ.



-
Үйл явдал2020/11/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно
-
Дэлхий нийтээр..2025/01/20
Нарансэвстэйн боомтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
-
Дэлхий нийтээр..2023/08/21
WRESTLING DAY 6 (8/21) FINALS ULAANBAATAR 2023 EAST ASIAN YOUTH GAMES
-
Дэлхий нийтээр..2021/10/07
Улаанбаатар хотын 382 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ
