Үйл явдал
БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаярын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд 2026.06.22 БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газар (AFAD)-ын дарга Али Хамза Пехливан, Худалдааны сайд Өмер Болат, Туркийн Барилгачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй тус тус албан уулзалт хийлээ.

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Дотоод хэргийн яамны харьяа Гамшиг, онцгой байдлын удирдлагын газрын дарга Али Хамза Пехливантай уулзах үеэрээ гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, мэдээллийн технологид суурилсан орчин үеийн шийдлүүдийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Тодруулбал, Турк Улсын AFAD байгууллагын гамшгийн удирдлагын нэгдсэн мэдээллийн сан, мэдээллийн технологид суурилсан удирдлагын тогтолцоо нь гамшгийн эрсдэлийг шуурхай үнэлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулахад өндөр үр дүнтэй туршлага болж байгааг онцолж, энэхүү туршлагаас суралцах сонирхолтой буйгаа илэрхийллээ.
Мөн онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг AFAD-ийн Зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаанаас туршлага судлуулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах ажиллагаа болон гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд агаараас тандалт, үнэлгээ хийх зориулалттай дэвшилтэт технологийн дрон нийлүүлэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар онцоллоо.

Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Худалдааны сайд Өмер Болаттай уулзах үеэрээ Монгол Улс “Эдийн засгийн тусгай бүсийн тухай” хуулийн төслийг боловсруулж буй талаар танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой орчин бүрдүүлэх, нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлэх, татварын уян хатан зохицуулалт бий болгох чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар санал солилцов.
Талууд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг бүрдүүлэх нь худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал суурь болохыг онцолж, хоёр улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа тодотгож байна.

Мөн Шадар сайд Н.Номтойбаяр БНТУ-ын Анкара хотноо Туркийн Барилгачдын холбоо (TCA)-ны Удирдах зөвлөлийн гишүүд болон контрактор компаниудын төлөөлөлтэй уулзаж, Хархорум хотын төлөвлөлт, хот байгуулалтын төсөл, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааны боломжийн талаар хэлэлцэв.
Уулзалтаар Туркийн барилгын компаниудыг Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүдэд оролцуулах, тээвэр логистик, төмөр зам болон дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Талууд Монгол, Туркийн стратегийн түншлэлийг худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарын бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийллээ.
Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Дэлхий нийтээр..2025/05/26
АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмжээ
-
Дэлхий нийтээр..2025/10/03
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/03/31
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Чөлөөт бүс2022/01/07
Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр 2021 онд тэргүүлсэн 10 улс
