Үйл явдал
Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 140 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хамтарсан хоёр ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалт зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар шалгалтын явц 40 хувьтай үргэлжилж байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж нь зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайргын зориулалттай барилгын чулууг олборлодог байна. Тус ААН-үүдийг шалгахад түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлох, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчих, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг сул мөрдөх зэрэг нийтлэг зөрчил илэрч байгааг албаны хүмүүс хэллээ.

НБОГ-ын газрын хэвлийн хяналт, нөхөн сэргээлт хариуцсан мэргэжилтэн С.Сүхцоож “Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/854 дугаар захирамж, холбогдох гурван яамны удирдамжийн дагуу дөрвөн байгууллагын хамтарсан хяналт шалгалтыг зургаадугаар сарын 15-наас долоодугаар сарын 2-ныг хүртэл зохион байгуулж байна” гэлээ.

НБОГ-ын геологи, уул уурхайн хяналтын улсын ахлах байцаагч Ш.Ачмаа “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд, талбай дээр нь хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрч байна.
Өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа. Тус талбайд аж ахуйн нэгж шаврын ордын нөөцтэй, тоосго үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй боловч өөр төрлийн ашигт малтмал олборлож, элс хайрга угаах үйл ажиллагаа явуулж байв. Уг зөрчлийг бүртгэж, цааш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ. Шалгалтаар аж ахуйн нэгж, байгууллагын зөрчил, дутагдлыг арилгуулж, хуулийн хүрээнд улсын байцаагчийн шаардлага тавьж, зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна” гэв.

Экологийн цагдаагийн албаны байцаагч Б.Хосбаяр “Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын хүрээнд цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан хяналт шалгалтыг хийж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллагад камерын хяналт байгаа эсэхийг шалгаж, зөрчил дутагдлыг илрүүлж, холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.

Налайх дүүргийн ЗДТГ-ын байгаль орчин хариуцсан мэргэжилтэн Б.Батчимэг “Налайх дүүргийн Засаг даргын 2026 оны А172 дугаар захирамжийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын Уул уурхайн аврах 09 дүгээр ангитай хамтран дүүргийн 3, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт нүүрсний олборлолтын лицензтэй талбай болон нийтийн эзэмшлийн талбайд ил цооног, нүх сүвийг илрүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион байгуулж байна. Үзлэг шалгалтаар нийт 62 ил цооног, цөмрөлт илрүүлж, нүүрсний тусгай зөвшөөрөлтэй таван аж ахуйн нэгжид хамаарах талбайгаа аюулгүй болгох хугацаатай мэдэгдэх хуудас өгч ажиллаж байна” гэсэн юм.




Үйл явдал
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Монголын дугуйн холбооны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод дугуйн спортыг хөгжүүлэх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, иргэдийн идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чиглэлээр санал солилцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм. Олон улсын хотуудын жишгээр Туул голыг дагасан экосистем цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, явган хүний зам, гүйлтийн замтайгаар хийгдэнэ. Зайсангаас төв талбай хүрэх гүүрэн байгууламжтай дугуйн замыг 2027 онд барихаар М-Си-Эс групптэй зөвшилцсөн. Нийслэл дугуй унах, дугуйн спортыг дэмжинэ” гэлээ.

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч Б.Гүрсоронзон “Нийслэл олон км дугуйн замыг бодлогоор барьж байгаад нийт дугуйчид болон дугуй сонирхогч залуусын өмнөөс талархал илэрхийлье. Монголын дугуйн холбоо нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлах чиглэлээр гол ажлуудаа хийж байна. Олон улсын жишгийг хангасан дугуйн спортын тэмцээн, уралдаан зохион байгуулна. Өнгөрсөн наймдугаар сард Цонжинболдогт “Gravel Gran Fondo Ulaanbaatar 2026 & Yam Trail Run” олон улсын дугуйн тэмцээнийг зохион байгуулсан. Энэ тэмцээнийг 2027 оны наймдугаар сард мөн хийнэ. Одоогийн байдлаар 20 орчим гадаадын тамирчин оролцох хүсэлтээ илэрхийлсэн” гэв.

Үйл явдал
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн төлөвлөгөөнд 573 ажил тусгаснаас хэрэгжилт 90 хувьтай байна. Давс 10016 тонн, бодис 6140 тонныг нөөцөлсөн. Нэмэлтээр 1000 тонн давс, 1500 тонн бодис худалдан авахаар тендер зарлаад байна.
Мөн давс, бодис цацагч 96, зам цэвэрлэгээний 432 тусгай зориулалтын машин, техникийн бэлэн байдлыг хангаад байна. Нийслэлийн хэмжээнд тохижилт үйлчилгээний чиглэлээр 48 байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс зам, талбайн цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаг орон нутгийн төсөвт 17, хувийн хэвшлийн 20 байгууллага байна. Захирагчийн ажлын албанаас “Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалтыг эхлүүлсэн байна.
Үйл явдал
Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 573 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам, сүлжээний бэлтгэл 94 хувьтай байна.
Инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэл, өргөтгөл бүрэн дууссан. Орон сууцны хороолол доторх салбар шугамын гэмтэл засварлах, бараа материал худалдан авах ажил дуусах шатандаа явж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025-2026 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 57.3 км инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчилсэн. Тухайлбал, 16 байршилд 18.7 км дулааны гол шугам сүлжээ болон орон сууцны хороолол доторх 16.1 км шугамд өргөтгөл, шинэчлэлийн ажил хийсэн. Мөн бохир усны “Туул-1” коллекторын 6 км шугам, борооны ус зайлуулах 17.1 км шугамыг шинээр угсраад байна” гэв.


-
Тод зураг2020/05/27
ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны хяналтын алба элсэлтийн ерөнхий шалгалтын товыг...
-
Дэлхий нийтээр..2021/06/08
Экспортыг дэмжих зөвлөлийн хуралдаан болов
-
Дэлхий нийтээр..2021/11/23
Их, дээд сургуулиудад ажиллаж буй дархлаажуулалтын түр цэгийн тоог нэмлээ
-
Хэн юу хэлэв...2020/08/04
100 айлд үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ
