Дэлхий нийтээр..
Усны нөөцийн эрх зүйн орчныг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо
УИХ-ын даргын 2026 оны 20 дугаар захирамжаар байгуулагдсан Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажлын хэсэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр “Усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах эрх зүйн зохицуулалтын өнөөгийн байдал, шийдэл” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхбаясгалан удирдаж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Г.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нар оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Усны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Батбаяр Монгол орны усны нөөцийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв. Тэрбээр энэ жилийн байдлаар Монгол Улсын усны нийт нөөц 596 км куб байгаагаас 532 км куб нь нуурын ус болохыг дурдлаа. Үүний 70 хувийг Хөвсгөл нуур эзэлж байгаа нь усны нөөцийн бүтэц эмзэг байгааг харуулж байна гэв.
Мөнх цасны нөөц өмнө нь 44 км куб байсан бол 19.4 км куб болж буурсан бол нийт усны нөөцийн ердөө хоёр хувийг газрын доорх ус эзэлж байгааг онцоллоо. Улсын хэмжээнд газрын доорх усны хяналт шинжилгээний 342 цэг ажиллаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн 61 цэгийг засварлахаар төлөвлөсөн байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас Усны тухай хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчны талаар танилцуулга хийж, ус ашиглалтын дээд хязгаар тогтоох, газрын доорх цэнгэг усны ордыг уул уурхай, үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар мэдээллээ.
Мөн усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох зохицуулалтын давхардал үүсч, зарим бүсэд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдож байгаа асуудлыг хөндсөн байна.
Хэлэлцүүлгийн үеэр хөдөө аж ахуйн салбарын усан хангамжийн асуудлыг мөн хэлэлцэж, худаг гаргах, сэргээн засварлах журам хүчингүй болсонтой холбоотойгоор хөдөөгийн усан хангамжийн эрх зүйн зохицуулалт тодорхойгүй болсон талаар дурдлаа.
Хэлэлцүүлэг ус ашиглалтын зөвшөөрөл, төлбөрийн тогтолцоо, ус бохирдуулагчид хүлээлгэх хариуцлагын асуудлаар үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, холбогдох байгууллагуудын төлөөллөөс хариулт авсан байна.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
