Дэлхий нийтээр..
Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг холбогдох хууль, тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.
Монгол Улсын 2026 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 31.6 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 32 их наяд 980 тэрбум төгрөг, төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3 хувийн алдагдалтай байхаар төлөвлөлөө.
Ирэх жилийн төсвийн бодлого Макро түвшинд төсвийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг хүрсэн түвшнээс бууруулахгүй, улмаар ахиулан сайжруулахад чиглэгдэж байгааг Ерөнхий сайд хэллээ.
D-parliament цахим системээр татварын багц реформын төслийг тавьж хэлэлцүүлж байна. Энэ багц хуулийн төсөл нь нийт иргэд бизнес эрхлэгчдийн 3-4 их наяд төгрөгийн татварын дарамтыг бууруулахад чиглэж байгаа. Төрийн оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, дэмжиж байгаа төсөв гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Засгийн газар анх удаа төсвөө иргэдийн саналд тулгуурлан боловсрууллаа. Төсвийн талаар 186 мянган иргэний саналыг E-Mongolia цахим системээр авсны зэрэгцээ төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зохион байгуулсан олон нийтийн хэлэлцүүлэгт танхимаар болон цахимаар 239 мянган хүн оролцож давхардсан тоогоор 8.8 мянган санал гаргасан нь төсвийн үйл явцад иргэдийн оролцоог анх удаа өргөн хүрээнд хангаж чадсан томоохон арга хэмжээ боллоо гэж үзэж байна.
Иргэд санал өгөхдөө нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, амьдрах орчны аюулгүй-найдвартай байдлыг хангах, төсвийн зардлыг бууруулах, татварын ачааллыг багасгаж орлогоо нэмэгдүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
Иргэдийн саналын дагуу төсөв туссан онцлог зарим арга хэмжээг дурдвал:
1. Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан боловсролд хамрагдалтыг 100 хувьд хүргэх, анги бүлгийн хүүхдийн тоог стандартын түвшинд хүргэж бууруулах зорилт тавьж байна. Дунд хугацаанд буюу 2028 он хүртэл 95 цэцэрлэг, 108 сургуулийг шинээр барьж, шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг хангах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ирэх онд улсын төсөв болон гадаад зээл тусламжаар боловсролын салбарт нийт 1.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлнэ. Түүнчлэн ирэх онд багшийн ажлын ачаалалд нийцсэн цалингийн бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.
2. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаадын зээл тусламжаар нийт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Энэ хүрээнд хавдрын эмнэлэг, эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлэг, зүрх судасны эмнэлгийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ, 17 аймгийн эмнэлгийн барилгыг шинэчлэх, эрчимт эмчилгээ болон яаралтай тусламжийг сайжруулж, нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана.
3. Нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэврийг зургаан хувиар нэмэгдүүлэхэд 378.0 тэрбум төгрөг нэмж хуваарилна.
4. Иргэдийн татварын ачааллыг бууруулах зорилгоор тэдний 1.0 сая төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэн 50 хувьд хүргэнэ.
5.Эрчим хүчний салбарт ирэх онд 3.9 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээс 373.3 тэрбум төгрөг нь улсын төсвөөс, 351.8 тэрбум нь гадаад зээл тусламжаар, 150 тэрбум төгрөг нь бондын эх үүсвэрээр санхүүжигдэнэ. Энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын дийлэнхийг хувийн хэвшил оруулах бөгөөд нийт өртөг нь хоёр их наяд 566 тэрбум төгрөг байна.
6. Ирэх онд экспортын голлох түүхий эдийн үнийн бууралт, дотоодын хэрэглээ, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалан улсын эдийн засгийн идэвхжил удааширч, төсвийн орон зай хязгаарлагдмал байх төлөвтэй байна. Тиймээс төсвийн урсгал зардлыг өмнөх оны түвшинд буюу ДНБ-ий 24.0 хувьд хязгаарлаж, төрийн байгууллагууд хэмнэлтийн горимд ажиллана. Урсгал зардлыг 2025 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлтэй харьцуулахад 641.7 тэрбум төгрөгөөр хэмнэж бууруулна. Хэмнэлтэд төрийн байгууллагуудын урсгал зардал, салбаруудад олгодог татаас, урамшуулал, хүүгийн хөнгөлөлт багтахын зэрэгцээ төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийн төлбөрийг түр хойшлуулах арга хэмжээ багтаж байна.
7. Үндэсний баялгийн сангийн хуримтлал өсөж, арвижиж өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв санд 4,706.1 тэрбум, Хуримтлалын санд 654.4 тэрбум буюу нийт 5,360.5 тэрбум төгрөг болж хуримтлагдаад байна. Ирэх онд Үндэсний баялгийн сан 2,956.1 тэрбум төгрөгөөр арвижих тооцоо гарсан бөгөөд хөрөнгийн удирдлагын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн орон сууцны санхүүжилтийн тогтвортой механизмтай уялдсан бодлогыг банк санхүүгийн тогтолцооны хүрээнд нэвтрүүлнэ. Иргэд E-Mongolia цахим системээс Хуримтлалын сан дахь өөрийн хуримтлалын хэмжээг харах боломжтой. Түүнчлэн ирэх онд ажлын ачаалалд нийцсэн багшийн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж боловсролын салбарын хувьсах зардлыг 100.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ.

Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Үйл явдал2025/06/26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/10/28
Улаанбаатар хотод нэвтрээд буцаж гараагүй хөдөө орон нутгийн дугаартай 49.3 мянг...
-
Дэлхий нийтээр..2022/10/05
АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулав
-
Дэлхий нийтээр..2026/03/10
ГИХГ: Олон нийтийн сүлжээгээр худал зар түгээсэн гадаадын иргэнд арга хэмжээ авл...
