Дэлхий нийтээр..
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2025 оны тавдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүллээ.
Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөлөл, хувийн эрх зүйн судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар холбогдох судалгаануудыг хийлгэсэн болохыг О.Алтангэрэл сайд танилцуулсан.
Арилжааны тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд 22 бүлэгтэй, 137 зүйлтэй юм байна. Төсөлд арилжааны эрх зүйн зарчим, арилжааны хууль тогтоомжийг хэрэглэх журам, арилжааны эрх зүйн харилцаан оролцогч буюу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хувь хүн арилжааны үйл ажиллагаа эрхлэх, арилжааны бүртгэлд сайн дурын үндсэн дээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээдүүд, жижиг арилжаа эрхлэгч зэрэг ойлголтын талаарх зохицуулалтуудыг тусгажээ Мөн арилжааны бүртгэлийн ойлголт, тогтолцоо, хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэл буюу төрөлжсөн бүртгэлийн талаар, арилжааны бүртгэлийн үр дагавар (позитив болон негатив), арилжааны нэр, шударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглосон зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачлагч төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдсөн этгээдүүдийн эрх, арилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдол, арилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх, түүний хязгаарлалт, арилжааны төлөөлөгч, арилжааны зуучлагч, арилжааны хэлцлийн нийтлэг зохицуулалт болон бусад гэрээний тусгайлсан зохицуулалтыг тусгасан байна.
Төсөл дэх зохицуулалтууд нь одоо мөрдөгдөж буй Иргэний хуулиар зохицуулагддаг тул энэ хүрээнд Иргэний хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гээд дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.
Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу багцлан боловсруулсан бөгөөд төслийг олон нийтэд танилцуулахаар эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn албан ёсны цахим хуудаст хуулийн төсөл, танилцуулга, англи хэлээрх хувилбар болон холбогдох бусад судалгааг байршуулан иргэд, олон нийт судалж, танилцан, санал өгөх боломжоор хангаж ажилласан байна.
Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.
Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа аж.
Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд дурдсан бөгөөд үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байна.
Эдгээр шаардлагыг үндэслэн Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчмын дагуу шинэчлэн боловсруулан, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах аж.
Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгажээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна.
Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.
Мөн төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн байна.
Мөн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосон байна.
Уг хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэдгийг сайд О.Алтангэрэл тодотгосон юм.
Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар: Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор, иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, олон улсын сайн жишигт хүргэнэ гэж тус тус заасныг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа, шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн сайд О.Алтангэрэл танилцууллаа.
Хуулийн төслөөр одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг шинэчлэн найруулж, Шүүхийн шийдвэр байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Иргэнийн болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төслүүдийг багцлан боловсруулсан талаар үзэл баримтлалд дурджээ.
Хуулийн төсөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа иргэний шийдвэр гүйцэтгэх албыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, олон улсын жишигт нийцүүлж, цэргийн албаны хууль тогтоомж хамаарахгүй, урамшуулалд суурилсан шуурхай, үр дүнтэй тогтолцоог ялгамжтай байдлаар бий болгосон зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэх байгууллага нь цэргиийн байгууллагын статусгүй байхаар, уг байгууллагын албан хаагч нь цалингаас гадна шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авахаар төсөлд тусгаж, ингэснээр улсын төсөвт үүсэх зардлыг хэмнэнэ гэж тооцсон байна.
Хуулийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч, зохих саналыг тусгасан бөгөөд хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг харгалзан үзэж тусгасан гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2021/04/01
Хяналт шалгалтад 918 эм ханган нийлүүлэх барилга байгууламжийг хамрууллаа
-
Дэлхий нийтээр..2025/04/18
“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 10 шинэ автобусыг хот орчмын чиглэлд үйлч...
-
Үйл явдал2020/10/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...
-
Дэлхий нийтээр..2021/04/07
Хөхүүл хүн вакцин хийлгэж болно
