Дэлхий нийтээр..
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ
Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төслөөс хамгийн түрүүнд хэрэгжиж, өгөөжөө өгч эхлэх эдийн засаг, стратегийн өндөр ач холбогдолтой төсөл юм. Улсын Их Хурлын зүгээс төслийн санхүүжилтэд шаардлагатай нийт 1 тэрбум 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг 2017, 2019 онуудад тус тус соёрхон баталсан бөгөөд 2024 оны жилийн эцсийн байдлаар төслийн хүрээнд 268.8 сая ам.долларын эх үүсвэрийг ашиглаж, төслийн нийт ажлын гүйцэтгэл 23.5 хувьтай байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.
"КОВИД-19" цар тахлын дараах тээвэр ложистик, бараа материалын үнийн өсөлт, түгээлт, тээвэрлэлтийн дэд бүтцийг манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохируулах зэрэгтэй холбоотойгоор теникийн зарим нэмэлт, өөрчлөлт оруулах болсон нь төслийн хэрэгжилтийн явцад зардлыг өсгөхөд нөлөөлсөн. Нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийн тодотголыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2023 оны 09 дүгээр сард хэлэлцэн, төслийн нийт өртгийг 1 тэрбум 698 сая ам.доллар болгож, баталсан. Үүний дагуу Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-д шаардлагатай нэмэлт санхүүжилтийн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сард энэтхэгийн талд хүргүүлэн шийдвэрлүүлэхээр ажилласны үр дүнд, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын зүгээс зээлийн хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан ёсоор шийдвэрлэсэн гэв.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банк хооронд Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурсныг Б.Жавхлан сайд онцлоод уг нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээр нь өмнөх 236.0 сая ам.долларын зээлийн дүнг нэгтгэснээр 700.0 сая ам.доллар, зээлийн нөхцөл нь өмнөх зээлийн адил жилийн 1.75 хувийн хүүтэй, үйлчилгээний шимтгэл болон хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл тус бүр 0.5 хувь, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, нийт 20 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй гэж байлаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Д.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр, Б.Жаргалан нар асуулт асууж үг хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн, улсын төсвөөс болон бусад эх үүсвэрээс эл төсөлд нэг ч төгрөг нэмэхгүй, мөн зээл нэмж авахгүй, төслийг 36 сарын хугацаанд нь зайлшгүй ашиглалтад оруулах асуудлыг Улсын Их Хурлаас гаргах шийдвэрт тусгуулах саналтай байна гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Энэ төслийг анх хэлэлцэж эхлэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийн эцсийн бүтээгдэхүүн нь импортын түлшнээс хямд байх ёстой гэдгийг би хөндөж байсан. Иймд үндэсний үйлдвэр учраас импортын түлшнээс үнэтэйгээр монголынхоо хэрэглэгчдэд нийлүүлэх, үнэ нь өндөр байсан нөхцөлд зээлээ эргүүлэн төлөх боломжтой байна гэдэг асуудлыг цаашид ярихгүй гэдгийг онцгойлон анхааруулав.
Түүнчлэн гишүүд газрын тос боловсруулах үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) бий эсэх, усны нөөц болон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан судалгаа хийлгэсэн талаар болон энэтхэгийн талаас 11 дүгээр сарын 26-нд шийдвэр гаргасан байхад Монгол Улсын 2025 оны төсвийн төсөлд тусгаагүй шалтгааныг илүүтэй лавлаж байлаа.
“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, Тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас зарласан тендерт энэтхэгийн “Инженерс Индиа” компани шалгарч газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г хоёр жилийн хугацаанд хийж, гүйцэтгэсэн. ТЭЗҮ-ээр үйлдвэр барьж байгуулбал Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр ашигтай гэсэн шийдвэр гарсны дагуу Монгол Улсын Засгийн газар 2017 онд тус үйлдвэрийг барихаар шийдвэрлэсэн. ТЭЗҮ-ийг “Инженерс Индиа” компани боловсруулж, Итали улсын “Кинетикс технологи” компани хөндлөнгийн хяналтыг тавьж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хэлэлцэн, хүлээж авсан хэмээн хариулав.
Мөн үйлдвэрийн байршил сонгосон шалтгаан нь усны эх үүсвэртэй холбоотой. 2012 онд Сайншандын аж үйлдвэрийн парк цогцолборын хүрээнд хийсэн судалгаануудаар Бор хөөврийн говийг усан хангамжаар ашиглах хамгийн тохиромжтой хувилбар гэж тогтоосон. Ингээд тухайн үеийн Байгаль орчны яамны Усны нөөцийн газрын 2014 оны тогтоолоор Бор хөөврийн говийн гүний уснаас Сайншандын аж үйлдвэрийн паркт баригдах үйлдвэрүүд болон газрын тос боловсруулах үйлдвэрийг усаар хангана гэсэн шийдвэрийг гарсан. Энэ шийдвэрийн дагуу тус үйлдвэрийн усан хангамжийг Бор хөөврийн говиос хангахаар шийдвэрлэсэн гэсэн тайлбарыг өгөв.
Харин Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭКСИМ банкны хариу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гадаад харилцааны яамаар дамжин ирсэн гээд зээлийн ашиглалтыг том дүнтэйгээр урагшлуулъя гэвэл Төсвийн тухай хуулийн хүрээнд төсвийн зардалд заавал суулгах зохицуулалттай тул төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй нөхцөл байдал үүснэ гэж байлаа.
Ингээд Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/16
Бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаатай хориглолоо
-
Дэлхий нийтээр..2026/03/06
Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
-
Үйл явдал2022/05/04
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Дэлхий нийтээр..2025/01/03
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо төрийн албан дахь хүний эрхийн нөхцөл байдалтай та...
