Хэн юу хэлэв...
Т.Амарзаяа: Дэлхийн таван холбоонд аваргалсан амжилтаа ахиулах болно
Ахлах дэслэгч Б.Алтанцэцэг
Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын хүндийн өргөлт, хүчний бэлтгэлийн тамирчин, Монгол Улс болон ОХУ-ын олон улсын хэмжээний мастер, дэлхийн таван холбооны аварга, Ази тивийн хошой аварга, Монгол Улсын таван удаагийн аварга, ахлагч Т.Амарзаяа. Уг тамирчны амжилтын талаарх мэдээ манай сонин дээр олонтаа хэвлэгдсэн. Даруухан тэр хэдэн өгүүлбэрийн цаана уг тамирчны олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл байгааг харсан тул энэ удаад түүнтэй дэлгэрэнгүй ярилцаж, уншигчдад танилцуулахаар миний бие зорьсон юм. Тэрбээр “Од” фитнесс дээр бэлтгэл хийж байхад нь ийнхүү ярилцлаа.
-Хүндийн өргөлтийн спортын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс ч топ спортуудын дайтай тухайн тамирчны амжилтыг хүлээн авахгүй байх шиг надад санагддаг?
-Хүн бүр энэ спортын дотор нь орж үзээгүй болохоор аргагүй байх. Шинэ тутам хөгжиж байгаа спорт. Европод хөгжлөөрөө дээгүүр байрт ордог. Харин Азид сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа. Ер нь хүн бүр хичээллэдэг, бүх тамирчид хүчний бэлтгэлээ хангадаг спорт гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ спортыг манай улсад хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн. Холбооны анхны ерөнхийлөгч. Манай улсад энэ спорт хөгжөөд 15 гаруй жил болж байна. Монголд хоёр холбоо үйл ажиллагаа явуулдаг. Би “Монголын пауэрлифтингийн хүчний холбоо”-нд харьяалагддаг. Олимпийн бус төрөл учраас улсаас өгөх мөнгөн дэмжлэг гэж байдаггүй. Тиймээс энэ спортыг сонгон хичээллэж байгаа тамирчин амжилт үзүүлж, улс эх орныхоо нэрийг өргөхийн зэрэгцээ амьдралаа авч явна гэдэг нь өөрөө хариуцлага байдаг. Өөрийгөө сорих, илүүтэй хөгжүүлэхийн тулд аль болох шагналтай тэмцээн уралдаанд оролцох шаардлагатай тулгардаг. Өндөр шагналтай тэмцээнийг мэргэжлийн холбоод зохион байгуулдаг учраас аль болох мэргэжлийн холбоонд орох шаардлага тулгардаг гэсэн үг. Гадаадын мэргэжлийн мундаг тамирчидтай өрсөлдөхийн тулд тэдний эдэлж хэрэглэж байгаатай эн зэрэгцэх ёстой. Дэлхий дээр бараг арваад мэргэжлийн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Дотроо мэргэжлийн, сонирхогчдын гэх мэтчилэн хуваагддаг. Бүгд өөрийн гэсэн дүрэмтэй. Хамгийн том нь пропорционал /PRO/ буюу мэргэжлийн төрөл гэж бий. Хамгийн том тэмцээн нь та бүхний мэдэхээр Мr. olуmpia. Энэ төрөлд монгол хүн орно гэдэг хэцүү.
-Яагаад боломжгүй гэж?
-Асар их мөнгө санхүүгийн асуудал яригдахаас гадна мөн шинжлэх ухаанчаар хандах шаадлага гарна. Ямар ч спорт дотроо бохир байдаг. Бүгд л тодорхой хэмжээгээр сэргээш хэрэглэж байгаа. Хамгийн гол нь энэ бүхэн спортын анагаах ухаанаар зөв зохицуулагдах ёстой. Сүүлийн үед зарим тамирчдын боловсрол мэдлэг дутмагаас сэргээшийн асуудал их хөндөгдөх болсон. Угтаа бол тамирчин хүн ямар төрлийн эм бэлдмэл хэрэглэх, зөвшөөрөгдсөн, эс зөвшөөрөгдсөнийг сайтар судлаж мэдсэн л байдаг. Нөгөө талаас нийгмийн шударга бус нөхцөл байдалтай ч холбоотой. Гэхдээ монгол хүний атаархуу чанар ч үүний цаана байгаа.
-Сүүлийн үеийн залуус хүндийн өргөлтөөр их хичээллэдэг болжээ. Төмөр өргөдөггүй залуу ховор болсон нь юутай холбоотой вэ?
-Заавал хүн бүр хүч чадалтай байх албагүй. Нийтийн биеийн тамир тал руу хөгжүүлэх нь зүйтэй гэж боддог. Тухайлбал, өөрийн байгууллага дээр авч ярия. Хилийн цэрэгт алба хаах нэг жилийн хугацаанд залуус өөрийн биеийг хөгжүүлэх бүрэн боломжтой. Дээр үед цэргийн алба хаасан залуусын эр бие чангараад ирдэг талаар их ярьдаг байсан. Одоо харин ямар байгааг хэлж мэдэхгүй байна. Энэ спортоор хэн ч хичээллэх бүрэн боломжтой. Танд 100-200 кг штанг диск, бандан тавиур байхад эхний ээлжинд хангалттай. Ингэснээр биеийнхээ гурван тулгуур булчин, бусад жижиг булчингуудыг хангалттай хөгжүүлчихнэ. Хилээр явахдаа анги, заставуудад сайхан тохижуулсан фитнесийн өрөө байхыг харсан. Алба хаасан хилийн 0166 дугаар ангидаа одоогоос хэдэн жилийн өмнө суулт шахалтын тоног төхөөрөмж өгч байлаа. Хүн ер нь байгаа боломжоо эхлээд ашиглах хэрэгтэй.
-Энэ спортоор хичээллэсэн хүн бүрийн булчин шөрмөс адилхан хөгждөг үү. Хүн бүр амжилтад хүрэх боломжтой юу гэсэн үг л дээ?
-Тухайн хүний удамшлын генд булчин нь хэр өсөж хөгжих хэмжээний эд эстэйгээс хамаардаг болохыг эрдэмтэд баталсан. Тиймээс булчингийн хөгжил султай хүн мянга үнэтэй уураг бодис хэрэглээд өндөр үр дүнд хүрэхгүй гэсэн үг. Энэ талын мэдээллийг олоод уншчих хэрэгтэй юм. Өөрийгөө эхлээд таньж мэдэх хэрэгтэй. Залуус аливаад би би гэсэн хандлагатай болчихсон юм шиг санагддаг. Би хамгийн мундаг гэж өнөөдрөөрөө харагдах гэж хичээдэг. Хүчээр их хэмжээний уураг хэрэглэн булчингаа хөгжүүлж байгаа нь харамсалтай санагддаг.
-Харин та энэ спортод хэрхэн хөл тавьж, өөрийгөө яаж зориулж ирсэн талаар ярьж өгөөч?
-Энэ спортоор хичээллэсэн 10 гаруй жилийн хугацаанд дэлхийн таван холбоонд түрүүлсэн. Зөвхөн нэг биш олон төрөлд нь алтан медаль авсан. Монголд одоогоор таван холбооны алтан медаль авсан тамирчин байхгүй. Гэхдээ би тэр тавын таван алтан медалийг өөрийн болгохын тулд их хөлс хүч урсгаж, санхүүгээ зарцуулсан. Цаашид энэ амжилтаа ахиулах зорилт тавиад байгаа. Олон улсын тэмцээнд оролцоход Монгол Улс гэж төдийлөн мэддэггүй. Ийм олон жишээ надад тохиолдож байсан. Тиймээс ч би давхар эх орныхоо нэрийг танилцуулахын тулд бүх холбооны тэмцээнд оролцох хэрэгтэй юм байна гэж дотроо бодсон. Өөрийнхөө хоббигоор дамжуулан эх орныхоо нэрийг гаргана гэдэг сайхан. Би өөрийнхөө төлөө энэ спортыг сонгосон, хичээллэсэн. Надад л үлдэх зүйл. Аливаад би би гээд байх их дургүй. Зарим хүмүүс намайг өөрийгөө сурталчилах хэрэгтэй гэдэг. Харин би буянаараа болог гэж боддог юм.
-Таныг хүндийн өргөлтийн тамирчин болоход юу нөлөөлсөн юм бэ?
-Арван жилээ төгсөх жил цагдаагийн академи, батлан хамгаалах, хилийн цэрэгт орох боломж надад байсан. Гэтэл аав ээж хоёр дургүйцсэн. Ёстой нэмэргүй гээд тас дургүйцсэн шүү. Аав шигээ малын эмч ээж шигээ холбоо мэдээллийн чиглэлээр суралц гэхээр нь татгалзсан. Ингээд тэдний зөвлөснөөр дуртай дургүй МУБИС-ийн биеийн тамир, эрүүл мэндийн багшийн ангид элсэн орсон. Аав ээж хоёр биеийн тамирын багш болгоод сумд багшлуулна гэж бодож байсан гэсэн. Айлын бага учраас дэргэдээ байлгах гэсэн хэрэг. Гэтэл ах данзан яахав дээ 2008 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, 2009, 2010 онд залуучуудын улсын аваргад түрүүлэн, 2010 онд Азийн аваргаас хүрэл медаль аван урамшиж хүндийн өргөлтийн спортыг хөөхөөр шийдсэн.
-Яг хэдэн оноос тус спортоор хичээллэж эхлэв?
-2008 оноос оюутан байхдаа хичээллэсэн. Оюутан байхдаа сахилгагүйтэж доод оныхныгоо жагсааж явлаа. Монголын мистер З.Мөнх-Эрдэнэ гэж хүний шавь болсон. С.Жаргалсайхан багш хамгийн анх намайг энэ спортод хөл тавиулсан ачтан. Ер нь би багадаа бүх төрлийн бөхийн спортоор оролдож өссөн. Сумын заан цолтой.
-Хугацаат цэргийн албыг хилд хаасан юм билээ. Магадгүй хилчин тамирчин болох гараа цэргийн албанаас эхлэлтэй болов уу?
-2010 онд Хилийн 0166 дугаар ангид хугацаат цэргийн албыг өөрийн хүсэлтээр хаасан. Тухайн үед ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан байсан юм.
-“Хөгшин” цэрэг албанд татагджээ?
-Тийн. 23 настай алба хаасан. Аав, “Манай гэр бүлээс ганцхан цэргийн алба хаагүй хүн нь чи байна. Цэргийн алба хаагаагүй хүнийг ямар эр хүн гэдэг юм. Хүнээс үг сонсож чадахгүй, шанаа авч чадахгүй” гэдэг байлаа. Манай аав гурван жилийн цэргийн албыг хаасан хүн.
-Харин “Хилчин” спорт хороонд хэдэн онд орсон юм бэ?
-2013 онд юм байна. Өөрөө орохыг хүссэн. Талийгаач Д.Дашжамц багш сайхан хүлээж авсан.
-Спорт хорооны хүчний чиглэлийн анхны тамирчин нь биз дээ?
-Тийм. Спорт хороонд орсоор 2014 онд AWC холбооны дэлхийн цомын аваргад түрүүлсэн. Ер нь “Хилчин” спорт хороонд орсноор миний амжилтын үзүүлэлт өндөр гарсан. 2015 онд дэлхийн цомд ахиж түрүүлсэн, 2017 онд мэргэжлийн холбооны дэлхийн аваргад түрүүлж, WPC холбооны 34 дэх удаагийн дэлхийн аваргад түрүүлсэн гээд амжилт маань үргэлжилсэн.
-Нийт 10 гаруй жил энэ спортоор хичээллэж байгаа юм байна. Халгах үе ер нь гарах уу?
-Байлгүй яахав. Одоо ч төмөр өргөнө гэхээр зүрхшээдэг, халгадаг болоод байгаа шүү. Угаас амаргүй спорт шүү дээ.
-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
-Сүүлийн үед энэ “Од” фитнессийг амалж авчихаад байгаа. Жижигхэн, цэвэрхэн орчинтой. Танил ахын фитнес л дээ. Намайг ойлгож тусалдаг сайн аххүү бий. Сэргэлтийн бэлтгэлийг ихэвчлэн энд хийдэг. Харин хүчний бэлтгэлээ “Хархорум”-д хийдэг. Бэлтгэл хийхдээ тоног төхөөрөмжийн байдлыг чухалчилдаг.
-Өөрийн тааваар бэлтгэлээ хийх үү?
-Үгүй. Цаг хугацаатай. Долоо хоногт гурваас дөрвөн удаа бэлтгэл хийнэ. Нэг удаагийн бэлтгэл дээр нийлбэр нь хамгийн багадаа 30 тонныг өргөдөг.
-ДХИС-ийн Хилийн албаны сургуулийн эчнээ ангийг төгссөн гэлүү?
-Хилийн алба, эрхчзүйч мэргэжлээр гурван жилийн эчнээ ангийг суралцан энэ хавар төгслөө. Хугацаат цэргийн албыг нь хаасан. Нэгэнт хилчин нэрийг зүүж яваа тамирчны хувьд мэргэжлийн сургуульд нь сурья гэж бодсон. Хурандаа А.Ууганбилэг нэг удаа хилчин тамирчин ч гэлээ Монгол Улсын хилийн тодорхойлолтыг мэддэг байх ёстой шүү гэж хэлж байсан юм. Хурандаа Д.Мэндсайхан сурах хүсэлтийг минь дэмжиж тусалсан. Ер нь төдийгөөс өдий болтол тусалж дэмжсээр ирсэн олон сайхан хилчид бий. Хилийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын багш Н.Баттулга зааж зөвлөдөг. Хурандаа П.Наранбатад бас их баярлаж явдаг.
-Хилийн албаны чиглэлээр суралцах ямар байв?
-Гоё байсан. Сонирхолтой өнгөрсөн шүү. Хилийн амьдрал хэцүү, нэлээдгүй тэвчээр шаардах байх. Гэхдээ би боддог. Спортынхоо карьерийг дуусгаад хил рүү явна. Заставт ажиллаж үзнэ. Би яаж ч амьдарч, хэн ч болсон хил рүү заавал явна гэж боддог. Хил дээр амьдраад, ажиллаад үзье гэж өөрийн эрхгүй бодогдоод байдаг юм. Миний мөрөөдөл ч гэж болно.
-Арван жилийн өмнө цэргийн алба хаасан дурсамжаас эргэн хамтдаа сөхвөл ямар вэ?
-Эр хүн болж төрснийх цэргийн алба хаах ёстой гэж боддог. Хаахдаа Хилийн цэрэгт хаана гэдэг мөн аз шүү. Монгол Улсын халдашгүй дархан байдлыг хамгаалж тэр онгон дагшин байгальд нэг жилийг өнгөрөөнө гэдэг хүний амьдралын гоё мөч. Хилийн 0166 дугаар ангитай миний сэтгэл салшгүй холбоотой. Тиймээс ч одоо болтол манай анги гэж ярьж явдаг. Тангарагийн баярынхаа бөхийн барилдаанд түрүүлж байлаа. 2009 онд “Монголын хүчтэн” тэмцээнд миний бие оролцож шилдэг есөн хүчтний нэг болсон юм. 21 настай, 80 хүрэхгүй жинтэй залуу 150 кг жинтэй чулуу шидэж байлаа. Энэ тэмцээнд оролцсоныхоо дараа алба хаасан учраас хүмүүс намайг таньдаг байсан.
-Хилийн манаанд олон явсан уу?
-Цөөн явсан. Отрядын төвийн цэрэг байлаа шүү дээ. Бядтай цэрэг гээд их олзолдог байсан. Аж ахуйн ажилд их дайчлагдана. Тэр жилийн урлагийн наадмаар мотоцикль үүрч транс аян дээр бүжиглэж байсан юм. Мотоцикль үүрч бүжиглэдэг цэрэг гэхээр зарим хүмүүс таньдаг. Ахлах түрүүч цолтой албанаас халагдсан.
-Цэргийн албанаас өөрт тань хадгалагдаж үлдсэн үнэт чанар гэвэл?
-Цэргийн албанаас ихийг сурдаг. Ядаж үг дааж сурдаг. Үг даана гэдэг том чанар шүү. Хүн юу гэж ч хэлж байсан хариу үйлдлээ бодож, үгээ цэгнэнэ гэдэг их тэвчээр. Цэргийн алба хүнийг төлөвшүүлдэг юм билээ. Би айлын бага хүүг хэлэх үү анх бол нялцгай л байсан. Ах нар, “Шар будаагаа идчихээд, шанаагаа авчихаад, шаландаа сууцгаа дүү нар” гэнэ. "Шал" гэхэд нь "толь" гээд л лаа, эсгийгээ бариад зүлгэж өгнө шүү дээ. Сайхан дурсамж олон бий.
-Та ингэхэд аль нутгийн уугуул вэ?
-Өвөрхангай аймгийн Хархорин сумынх. Гурван ахтай, айлын бага хүү.
-Ямар ч спортод эрсдэл байдаг шүү дээ. Хичээллэх цаг хугацаа ч гэж байдаг?
-Хүндийн өргөлт экстрем спорт. Нуруу нугасаа гэмтээх, дээрээсээ унагах аюултай. Тиймээс хүндийг өргөх гэж улайрахаас илүүтэйгээр биеийн эрүүл мэндэд анхаарах зорилгоор хичээллэх нь зүйтэй юм болов уу. Мэдээж үе мөчийг хөдөлгөх, хөдөлгөөний дутагдлаас ангижрах зорилготойгоор хичээллэж бололгүй яахав. Биеийн тамирын үүднээс хүчний гурван төрөл буюу хүний биеийн тулгуур гурван булчин болох нуруу, цээж, хөлний хүчийг харуулдаг спорт.
-Одоо та хэдэн кг жинтэй вэ?
-100 кг. Хамгийн анхныхаа тэмцээнд 80 кг-д өрсөлдөж байлаа.
-Энэ спортоор хичээллэхийн ноён оргил нь чухам юу юм бэ?
-Мэргэжлийн холбоонд орж, PRO тамирчин болох явдал. Монгол тамирчид хэвтээ шахалтын төрлөөр чамгүй сайн өрсөлддөг. Харин пауэрлифтингийн төрлөөр дэлхийд өрсөлдөхүйц байж чадахгүй байгаа. Яахав жижиг холбоодын аварга болж байгаа л даа. Монгол тамирчин 82,5 кг-ын жинд хамгийн дээд тал нь 280 орчим кг татах болов уу. Гэтэл дэлхийн шилдэг тамирчид 400 кг хүргэж татах жишээтэй. Монголын нэмэх 120, 130 кг-ын жинд ч энэ жинд хүргэж чадахгүй байна.
-Энэ нь юутай холбоотой юм бэ. Тэд чадаж байхад монгол хүн яагаад гэсэн асуулт надад төрж байна?
-Тийм болохын тулд өнөөх спортын анагаах ухааныг ашиглах болоод сайн дасгалжуулагчийн мэргэжлийн тусламж зөвлөгөө бидэнд хэрэгтэй. Өнөөх л асар их санхүүгийн асуудал ард нь бас яригдана.
-Таны үзүүлсэн оргил амжилт гэвэл?
-340 сууж, хэвтээгээс 200 кг шахаж, газраас 270 кг татсан байдаг. Мэргэжлийн ангилалд орохын тулд суулт, шахалт хоёроо 10-20 кг ахиулах шаардлагатай байгаа. Харин таталтын төрөл болоогүй. Таталтаар дор хаяж 320 кг татах хэрэгтэй. Ер нь 360 сууж, 210 шахаж, 320 татчих юм бол дэлхийн мэргэжлийн ангилалд орох юм даа.
-Та энэ онд ямар тэмцээн уралдаанд хэрхэн оролцов?
-Энэ онд чамгүй амжилттай байлаа. Дөрвөн ч томоохон тэмцээнээс медаль авсан. Хамгийн сүүлд AWPC холбооны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртэн, бүх тамирчдын аварга буюу абсолют цомын эзэн болж, гурав дахь удаагаа дэлхийн цомын тэмцээний аваргаар тодорлоо.
-Аливаа тэмцээн уралдаанд оролцохдоо санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна?
-Хувиараа. Монгол Улс олимпийн төрлийн спортдоо бага зэргийн санхүү хаядаг. Бусад спорт бүгд хөөрхий бор зүрхээрээ явдаг. Гэхдээ энэ спортод дуртай, элэгтэй ах дүү, найз нарынхаа дэмжлэгээр өдийг хүртэл явж ирлээ. Би “Хилчин” спорт хорооны нэр дээр цалинждаг. Энэ нь надад маш их дэмжлэг болдог. Мэдээж ард минь амьдрал бий. Цалингаа амьдралдаа зарцуулна. Дан ганц цалин хаана ч хүрэлцдэггүй. Миний нэг сарын уургийн хэрэглээ багадаа 500 гаруй мянган төгрөг болно. Тэмцээнд явахад хамгийн багадаа хоёр саяас дээш төгрөгний зардал шаардлагатай болдог. ОХУ-д томоохон тэмцээн уралдаан их зохиогддог учраас оролцдог. Зардал мөнгө нь европтой харьцуулахад арай бага тусдаг. Намайг дандаа л Орост тэмцээнд оролцох юм гэж хэлэх хүн байдаг. 144 сая хүнтэй энэ их гүрэнд энэ спорт өндөр хөгжсөн. Топ тамирчид ч олон. Тэр мундаг дасгалжуулагчдаас суралцах зүйл их байдаг. “Хаяанаасаа холдож үзээгүй хүний ухаан босгоноосоо давдаггүй” гэдэг. Яг үнэндээ монгол тамирчдын үзүүлэлт надад сонин биш. Тэр “том амьтад”-ын бэлтгэл сургуулилтыг харж туршлага судална гэдэг надад аз завшаан. Цаашид Орост бэлтгэл сургуулилтаа базаах сонирхол бий. Тэгж байж миний амжилт сайжрах юм болов уу.
-Таны хэлсэнчлэн дан ганц энэ спортод бүхнээ зориулах бус амьдрал үргэлжилж байгаа шүү дээ. Тиймээс таны цаашдын төлөвлөгөө юу байна. Нууц биш бол шүү дээ?
-Магистрт сурах бодол бий. Аливаа спортын ард шинжлэх ухаан бий. Тэр шинжлэх ухааны хүчээр хүн гэдэг ямар хурдтай, тэсвэртэй болохоо харуулж чаддаг. Тиймээс ч суралцах нь чухал гэж бодож байгаа. Гадаад хэл дээр сайн унших судлах шаардлага тулгарч байна. Дан ганц төмөр гэсээр бусад зүйлээ хоцроож болохгүй. Мэдээж мэргэжлийн төрөлд оролцох гэж зүтгэнэ. Хүний амьдрал таашгүй шүү дээ.
-Та ингэхэд хэдэн онд дэд ахлагч болсон юм бэ?
-2013 онд дэд ахлагч цол авсан. Би Хилийн цэрэгтээ баярлаж явдаг. Гадны тэмцээн уралдаанд оролцохдоо цолоо хэлэхэд жаахан тийм байдаг. Олон улсын чанартай тэмцээнд бид эх ороо сурталчилдаг шүү дээ. 2018 онд хилчдийн дунд зохион байгуулагддаг тэмцээнд оролцсон юм. Тэгсэн надтай хамт явсан манай нэг хурандаа дэлхийн аварга хүнийг ахлагч гэх эвгүй юм гээд ахмад гээд бичүүлчихсэн байсан. Энэ тэмцээнд би амжилттай оролцож аваргалсан. Сүүлд сайт дээр нь ахмад цолтой гээд биччихсэн байсан. Тэгж нэг цол нэмж байсан түүхтэй /Инээв.сур/ Гэхдээ цол гэхээс илүү би албандаа мэргэжилдээ эзэн байх ёстой гэж боддог. Дэмжиж туслах, ойлгох хамт олонтой байна гэдэг сайхан. Аль болох чадах зүйлээрээ амжилт үзүүлэхийн төлөө зорьдог.
-Ирэх 2020 онд ямар тэмцээн уралдаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Сүүлийн жилүүдэд урд хөршид энэ спорт хөгжих хандлагатай байна. Он гарангуут бүх Хятадын аваргад оролцох урилга ирсэн. Амжилттай оролцчих юмсан гэж зорьж байна.
-Та энэ спортоор хичээллэснээр өөрт тань үлдсэн мөн чанар юу байна вэ?
-Төлөвшил, хүмүүжил. Үе үеийн тамирчдаа хүндлэх суурин дээр би өөрөө эргээд хүндлэгдэх нөхцөл бүрдэнэ. Сүүлийн үед энэ спортоор хичээллэж байгаа тамирчид энэ спортынхоо мөн чанар, утга учрыг сайн мэдэхгүй байх шиг. Энэ төмрийг өргөснөөр юунд хүрэхээ бодох хэрэгтэй. Хүндлэлийн мөрөөр амжилт ирдэг. Би анх хичээллэдэг байхдаа ах нарын бүх дискийг угсарч өгдөг байлаа. Тэглээ гээд би муудаагүй. Аливаа тэмцээн уралдааны тайзыг засна, дискнүүдийг нь зөөнө. Харин одоо залуусыг тэг гэвэл зугатаах хандлагатай байдаг юм. Хүн аливаа төрөлд амжилт гаргахад ойлгодог дэмждэг ар тал байна гэдэг их чухал. “Хилчин” спорт хорооны үе үеийн удирдлага, хамт олонд энэ дашрамд баярлалаа гэж хэлье. Надад бодож явдаг нэг зүйл бий. Хүн чаддаг зүйлээрээ хувь нэмрээ улс эх орондоо оруулах ёстой. Тиймээс ч хилийн ангиудаар энэ спортыг таниулах, бие бялдраа хөгжүүлэх онолын мэдлэг олгох, зөв хооллолтын чиглэлээр зааварлах юмсан гэж боддог. Монгол Улсын боомт дээр үүрэг гүйцэтгэж байгаа залуус биеийн хөгжил сайхан байх ёстой гэж боддог. Ер нь залуу хүн сайхан бие хаатай байх хэрэгтэй.
-Та өөр ямар чиглэлийн спортоор хичээллэдэг вэ?
-Багадаа барилдаж байсан учраас зун болохоор үндэсний бөхөөр барилдмаар санагддаг. Үндэсний бөхөө хүндэлдэг, дээдэлдэг. Яах вэ наадамд гурван даваатай, найранд гурван дуутай л эр хүн. Монгол эр хүн бүрийн эрхэм чанар энэ байх. Болоогүй ээ, ганц нэг гарын шавьтай. Хүчний бэлтгэлийг хэтэрхий их хийхээр хүний үе мөч хатуурдаг. Тиймээс суллах дасгал хийхэд чөлөөт цагаа ихэнхдээ зориулдаг.
-Тантай ярилцаж байхад шулуун шударга чанар их цухалзах юм. Магадгүй энэ спорттой холбоотой байж болох?
-Би шударгаар хэлье гэвэл хэлчихнэ, асуудалгүй яричихна. Хүнтэй анх яаж харилцсан тэр л зангаараа байдаг. Бусдад чадах зүйлээрээ туслахыг эрмэлздэг. Ер нь хүн олонтой харьцаж байх хэрэгтэй юм билээ. Унших судлах хэрэгтэй юм байна. Хугацаат цэргийн алба хаахын хамгийн гол давуу тал нь олонтой харьцаж сурч байгаад оршино. Олон янзын хүнтэй харилцаж сурах нь нийгмийн дунд төлөвшиж байгаа хэрэг.
-2019-2020 оны зааг дээр амжилттай яваа хилчин тамирчныг уншигчдад танилцуулсандаа миний бие баяртай байна. Ингээд танд уншигчидтай мэндчилэх боломжийг нээлттэй үлдээе?
-Монгол Улсын оршин тогтнохын хамгийн том үндэс нь хил. Хил байж тухайн улс оршин тогтноно. Оросын хилээр гарахдаа авсан цом, медаль энэ тэрээ үзүүлэхэд хүндэтгээд гаргадаг. Алтанбулагийн чиглэлийн Оросын хилчид бүр танидаг болсон. Мундаг шүү гээд баяр хүргэдэг. Тэгэхээр нь би хилчин гэдгээ тэдэнд хэлдэг. Хаана ч явсан Хилийн цэргээрээ овоглож дуудуулах сайхан. Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд спортынхон сайн цуурайтуулж байгаа. Миний бие өөрийн чадах, хүрэх хэмжээнд хүртлээ цаашид зорих болно. Харин спорт одоо боллоо гэсэн цагтаа Хилийн цэргийн албан хаагчийн үүргээ биелүүлнэ. Үндсэн зорилт болох хил хамгаалалтад хувь нэмрээ оруулна гэж боддог. Хилчдээс ихийг суралцах нь дамжиггүй. Үндсэн нэгж нь застав учраас хилийн заставт ажиллаж үзнэ дээ. 2020 он олимпийн жил. Хилчин тамирчдаас олимпийн аварга төрөх болтугай. Олимпийн аваргатай, улсын баяр наадмын түрүү бөхтэй, дэлхийн аваргатай гээд хилчин тамирчид амжилт дүүрэн байх болтугай. Мөн 2020 онд бид улс төрийн сонголтоо хийнэ. Төр түвшин, түмэн олон амгалан, монгол төр үүрд мандан бадарч байг. Монголын ард түмэн эрүүл энх байхын ерөөл өргөе. Дархан хил минь түвшин амгалан, хилийн зөрчилгүй байх болтугай. Монголын мянган мянган хилчид албандаа үнэнч, үүргээ нэр төртэй биелүүлэх болтугай гэж хүсэх байна.
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Үйл явдал2023/09/04
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлсөж, ундаасна
-
Үйл явдал2021/10/28
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ
-
Дэлхий нийтээр..2022/10/11
Гашуунсухайт боомтоор нүүрсний экспорт нэмэгдэж байна
-
Дэлхий нийтээр..2021/03/03
Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын зээлийг арилжааны банкаар олгоно
