Дэлхий нийтээр..
УИХ-ын Тамгын газрын удирдлагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд Улсын Их Хурал болон Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж, байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан үе үеийн ахмадуудаа өнөөдөр /2023.09.27/ хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоонд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нийт 100 гаруй ахмад настан бүртгэлтэй байдаг. Тэдгээрээс төлөөлөл болж өнөөдрийн арга хэмжээнд 60 гаруй ахмад хүрэлцэн ирсэн байв.
Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ахмадуудад Улсын Их Хурлын даргын нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэндчилгээ дэвшүүлж, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ.
Тэрбээр, жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг олон улсын ахмадын өдөр болгож, НҮБ-ын Ерөнхий ассамблей 1990 онд зарласан. Монгол Улсын Засгийн газар энэ өдрийг 1992 онд Монголын Ахмадын өдөр болгосон түүхтэй. Энэ өдрийг дэлхий нийтээрээ 33 дахь жилдээ, Монгол Улсын хэмжээнд 31 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан байнгын ажиллагаатай парламент, түүний Тамгын газрын баганыг тулж, тооныг нь өргөлцсөн Монгол Улсын парламентат ёсыг төлөвшүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Улсын Их Хурлын Тамгын газар хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна хэмээлээ.
Түүнчлэн та бүхний хийсэн, бүтээсэн, удирдсан, манлайлсан чин сэтгэл, хөдөлмөрөөр ямагт бахархаж байдаг гээд, Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагаа хэвийн, чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгааг дурдав. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Тамгын газрын үндсэн чиг үүргээс гадна найм дахь удаагийн Парламентын Тамгын газрын онцлогийн талаар танилцууллаа. Тухайлбал 2019, 2023 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон өөрчлөлтүүдтэй холбоотойгоор 76 гишүүнтэй байсан парламент 126 гишүүнтэй болох гэж байгаа тул Улсын Их Хурлын Тамгын газар шинэ парламентын бэлтгэл хангах ажлыг эхлүүлсэн талаар мэдээлж, санал солилцов.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар126 гишүүнтэй парламентын бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд ахмадуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулж, ахмадуудын хуримтлуулсан туршлага, мэдлэг чадвар, санал бодлыг тусгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосныг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг шинэ шатанд гаргах, парламентын нээлттэй, ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг төлөвшүүлэх зэрэг зорилтын хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулаад, нийт ахмадууддаа эрүүл энх, амьдралын гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Уулзалтад оролцсон ахмадуудыг төлөөлж Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин үг хэлэв.
Тэрбээр ахмадуудын нийгмийн халамж, хамгааллын чиглэлд анхаарлаа хандуулж ажилладаг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээд, цаашид анхаарах болон хамтарч ажиллах ажлуудын талаар санал бодлоо хуваалцлаа. Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын холбоо нь 100 гаруй гишүүнтэй. Эдгээрээс 60 хувь нь 70-аас дээш насныхан, 10 гаруй хувь нь 80-аас дээш насныхан бөгөөд 60 хүртэлх насны хоёр ахмад настан бүртгэлтэй байдаг хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2023/05/04
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло Монгол Улсад албан ёсны айлчла...
-
Үйл явдал2025/04/03
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
-
Тод зураг2020/02/10
Амны хаалт хэрэглэх заавар зөвлөмж дутагдалтай байна
-
Дэлхий нийтээр..2025/07/24
ЗГ: Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт этгээдэд хүлээлгэх ял шийтгэ...
