Үйл явдал
ГССҮТ: “Yuang Rung” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээгээ сунгалаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвд Тайванийн эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung”, “Tri service”, “Taichung veterans” эмнэлгийн удирдлага, эмч нарын баг бүрэлдэхүүн энэ сарын 26-нд зочилж, хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулж, сургалт хийлээ.
Уулзалтаар эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, тусламж үйлчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, эмч мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулах, туршлага солилцох чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэх гэрээ байгуулав. Гэрээнд ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах болон холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа.

Мөн эмч нарт зориулж “Yuan Rung” эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч Chen.Cheing-Fu “Biportal endoscopic spinal surgery” сэдвээр лекц уншиж, сургалт явуулав.
Гэмтэл согог судлалын үндэсний төв 2016 оноос эхлэн Тайванийн эмнэлгүүдийн холбоо, “Yuang Rung” эмнэлэгтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд төвийн эмч, мэргэжилтнүүдийг урт болон богино хугацааны сургалтанд хамруулж, хүнд ховор тохиолдлын эмгэгүүдийг тус улсад үнэ төлбөргүй эмчлүүлэх болсон юм.

Түүнчлэн тус улсын эмч, мэргэжилтнүүд ГССҮТ-д үзлэг, оношлогоо, мэс заслын эмчилгээг хамтран хийж, ажлын байрны болон танхимын сургалтыг зохион байгуулахаас гадна “Ковид-19” цар тахлын жилүүдэд 5G цахим төхөөрөмж ашиглан алсын зайнаас хамтарсан үзлэг, оношлогоо, мэс засал эмчилгээг амжилттай хийсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Үйл явдал
ЦУОШГ: Ихэнх нутгаар их бороо орох тул үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Өнөөдөр (2026.08.19) Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар их бороо орох тул голын усны түвшин нэмэгдэх, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Иргэд, аялагч та бүхэн үер, усны аюулаас урьдчилан сэргийлж:
- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх
- Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
- Тээврийн хэрэгслээр зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
- Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
- Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах
Цаг агаарын мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.
Үйл явдал
COP17-д хоол, хүнсний үйлчилгээ үзүүлж буй 30 байгууллагад зөвлөн тусалж байна
ХХААХҮЯ, НХХААГ, НМЭГ-ын улсын болон ахлах байцаагчид Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал (COP-17)-ын хүрээнд Цэнхэр, Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулж буй 30 аж ахуйн нэгж, байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаанд энэ сарын 17-ны өдрөөс эхлэн зөвлөн туслаж ажиллаж эхэллээ.
Тухайлбал, улсын байцаагчид хоол хүнсний чанар, аюулгүй байдал, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, хэрэглэх хугацаа, хоол үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаа, хадгалалтын температурын горим, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй нөхцөл байдал чиглэлээр зөвлөн тусалж байна.
Мөн Катерингийн үйлчилгээний хүрээнд бэлэн хоол, хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж буй авто тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, температурын горим, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн лац ломбын бүрэн бүтэн байдлыг шалгаж, аюулгүй байдлыг хангуулах, илэрсэн зөрчил, дутагдлыг газар дээр нь арилгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Үйл явдал
ОБЕГ НҮБ-Хабитаттай хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтарна
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян COP17-д оролцож буй НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн төвийн хөтөлбөрийн ажилтан Рой Кититэй хоёр талт уулзалт хийлээ.
Уулзалтаар хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцжээ.
Түүнчлэн НҮБ-Хабитат хөтөлбөртэй хамтран хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хошууч генерал Г.Ариунбуян Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон НҮБ-ын хамтын ажиллагаа 2004 оноос эхлэлтэйг уулзалтын үеэр онцолжээ. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр НҮБ-ын Гамшгийн үнэлгээ, зохицуулалтын баг Монгол Улсад ажиллаж, гамшиг, осолтой тэмцэх үндэсний чадавхад хөндлөнгийн үнэлгээ хийсэн байна.
Өдгөө Онцгой байдлын байгууллага НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн хор уршгийг арилгах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм.
Энэ удаагийн уулзалтаар талууд хамтын ажиллагааг хотын гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн бэлэн байдлыг сайжруулах бодит төсөл, хөтөлбөрөөр өргөжүүлэх боломжийг онцлон хэлэлцжээ.
-
Дэлхий нийтээр..2026/02/10
“Эрдэнэс Тавантолгой”-н уурхайд баяжуулах үйлдвэрийн тэжээлийн нүүрс тээврий...
-
Хэн юу хэлэв...2022/03/17
З.Мэндсайхан: Хүнсний ногоочдыг дэмжсэн чухал шийдвэрүүдийг Засгийн газрын хурал...
-
Дэлхий нийтээр..2025/10/31
Д.Тайван: СХД-ийн 129 дүгээр сургууль орчмын авто замын ажил ирэх сард дуусна
-
Дэлхий нийтээр..2022/10/05
АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулав
