Хэн юу хэлэв...
О.Мишээл: Цаг агаар хүйтэрвэл түлшний борлуулалтыг сунгах боломжтой
Энэ тавдугаар сар олон жилийн дунджаас хүйтэн байх цаг агаарын төлөв гарсан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шахмал түлшний олдоц багасах таван сарын 1 гэхэд түлшний цэгүүдийг хаах нь гэсэн яриа гарсан. Тиймээс “Тавантолгой түлш” компанийн Борлуулалтын хэлтсийн дарга О.Мишээлээс дараах тодруулгыг авлаа.
-Шахмал түлшний борлуулалт хэднийг хүртэл явагдах вэ?
- Түлш тавдугаар сарын 15 хүртэл борлуулагдана. Мөн зун ажилладаг борлуулалтын цэгүүд буюу Долоон буудал, Хөтөл гэх зэрэг цэгүүд 15 хүртэл зун борлуулах түлшээ татан авах учиртай. Энэ түлшээ сэрүүн өдрүүд, иргэдийн дунд түлшний хэрэгцээ гарсан үед борлуулдаг юм.
- Тэгэхээр зун ажилладаггүй цэгүүд нь хаагдана гэсэн үг үү. Энэ сар нэлээд сэрүүн байна гэсэн цаг агаарын төлөв гарсан. Тийм болохоор түлшний олдоц багасах байх гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна?
- Бид хэд цаг агаар сэрүүхэн байх юм бол нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газартай ярилцаад гэрээг нэг сар, 15 хоногоор сунгах боломжтой гэж шийдсэн.
- Дүүргүүдэд шахмал түлшний хязгаар тогтоосон гэсэн гомдлыг зарим борлуулалтын цэгийн хүмүүс ярьж байсан?
- Тийм хязгаарлалт тогтоосон зүйл байхгүй. Ер нь бол сарын сүүл болохоор санхүүгээс мөнгө хийлгэдэггүй юм. Сар, сарынхаа тооцоог хийж дуусгах гэж ингэдэг юм билээ. Тэр үед л зарим нэг борлуулагч нараас тийм яриа гарсан байна лээ. Мөн саяхан цаг агаар огцом хүйтэрсэнтэй холбоотойгоор иргэдийн дунд түлшний хэрэглээ нэмэгдсэн. Борлуулалтын цэгүүдийн түлш хурдан дуусаад, түүнийг нь нөхөж ирэх хооронд иргэдээс түлш дууссан байна гэсэн гомдол гарсан. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд 17 гомдол ирсэн. Бид хэд цаг алдалгүйгээр гомдлуудыг хаагаад явсан. Ер нь гэрээнийхээ дагуу тавдугаар сарын 15 хүртэл ажиллаад явна. Хэрвээ цаг агаарын нөхцөл байдал муудаж, шаардлага үүсвэл цааш нь сунгах боломжтой.
- Үйлдвэрийн хэмжээнд өдөрт хэчнээн тонн түлш гаргаж байгаа вэ?
- Төвийн болон зүүн үйлдвэрийн нийт таван шугам ажиллаж байна. Өдөртөө 1000-1250 тонн түлшийг үйлдвэрлэж байгаа.
- Өнгөрсөн намраас хойш хэчнээн тонн түлш борлуулсан бэ?
-Манай үйлдвэр дөрөв дэх өвлөө даван гарлаа. Өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад өнгөрсөн жилийн борлуулалт бага байгаа. 2020, 2021 онуудад 520-550 мянган тонн түлш борлуулагдаж байсан бол 2022 оны есдүгээр сарын 15-наас өнөөдрийг хүртэл 460 орчим мянган тонн түлш борлуулаад байна.
- Түлшний борлуулалт муу байгаагийн шалтгаан юу вэ?
- Өнгөрсөн өвөл дөрөвдүгээр сарын 1 хүртэл түлшийг 50 хувийн хямдралтай үнээр зарсан. Тийм болохоор иргэд түлшийг нэлээд их хэмжээгээр нөөцөлсөн. Тэгээд ч өнгөрсөн жил энэ жилээс харьцангуй тогтуун, дулаахан хавар болсон. тийм болохоор айлууд нөөцөлсөн түлшээ бараг 11 дүгээр сарын 1 хүртэл түлсэн. Тэгэхээр энэ жилийн өдөр тутмын борлуулалт бараг тэр үеэс эхэлсэн гэж хэлж болно. Мөн бид хэд 102 хорооны 2300 орчим айлаас тандалт судалгаа авсан. Уг судалгаагаар 20-30 хувь нь түлш нөөцөлсөн байсан гэж гарсан. Дээрээс нь долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байна гэж гарсан учраас долоо хоногт долоон шуудай нүүрс болгосон.
- Ирэх өвлийн нөөцөө хэдийнээс бэлдэж эхлэх вэ?
- Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд ажлын хэсэг байгуулагдсан. Үүгээр тав, зургаадугаар сард 50 мянган тонн нөөцлөх, найм, есдүгээр сард мөн 50 мянган тонныг нөөцлөхөөр болсон. Энэ сарын нэгэн гэхэд 50 мянган тонн нөөцлөх 23 агуулахыг бэлэн болгоод байна.
Хэн юу хэлэв...
Өглөөний нарыг унтаж алдаж, оройн харанхуйд тог цахилгаан худалдаж авсаар байх уу?
Зуны улиралд Улаанбаатарт нар өглөө 04:59 цагт мандаж, орой 20:40 цагт жаргаж байна. Өөрөөр хэлбэл байгалийн гэрэл өглөө эрт аль хэдийнэ хотыг гэрэлтүүлж эхэлдэг. Гэвч энэ үед олонх хүн унтаж байдаг. Харин орой 20:00 цагаас хойш айл өрх, үйлчилгээний байгууллага, хотын орчин даяараа гэрэл чийдэнгээ асааж эхэлдэг.
Эндээс маш энгийн атлаа бодлогын түвшинд ярих ёстой асуулт гарч ирнэ.
Бид өглөө 05:00-07:00 цагийн хооронд үнэгүй тусаж буй нарны гэрлийг бодитоор ашиглаж чадаж байна уу? Эсвэл оройн 20:00-22:00 цагийн харанхуйг улс даяараа цахилгаанаар нөхөж, байгалийн үнэгүй эрчим хүчийг унтаж өнгөрөөж байна уу?

Эрчим хүчний хэмнэлтийн тухай ярихдаа бид ихэвчлэн цахилгаан станц, импорт, оргил ачаалал, дамжуулах сүлжээ зэрэг том ойлголтыг ярьдаг. Гэвч бодит амьдрал дээр хамгийн өргөн хэрэглээ айл өрх бүрт, байгууллага бүрт, өрөө тасалгаа бүрт зэрэг үүсдэг жижиг жижиг асаалтаас бүрддэг.
Гал тогооны гэрэл, зочны өрөөний гэрэл, хүүхдийн өрөө, ариун цэврийн өрөө, орц, лифт, дэлгүүрийн хаяг, үйлчилгээний газрын гадна дотор гэрэлтүүлэг, гудамж талбайн гэрэл гээд анзаарагдахгүй хэрэглээ нийлээд маш том ачаалал болдог.
Хэрэв нар 20:00 цагийн орчимд жаргаж, хүмүүс шөнө дунд хүртэл сэрүүн байвал айл өрхүүд ойролцоогоор дөрвөн цагийн турш гэрэл асааж хэрэглэнэ. Харин цагийн зохицуулалт хийж, оройн нарны гэрлийг 22:00 цагийн орчим хүртэл ашиглах боломжтой болбол энэ хугацаа хоёр цаг болж багасна. Энэ нь зөвхөн нэг айлын нэг чийдэнгийн тухай асуудал биш. Хот даяар, айл өрх бүрт, байгууллага үйлчилгээ бүрт зэрэг үүсдэг хэрэглээний тухай асуудал юм.
Өөрөөр хэлбэл өглөөний нар унтаж өнгөрөх гэрэл болж, оройн харанхуй цахилгаанаар худалдаж авдаг цаг болж байна. Энэ бол эрчим хүчний бодлогын хувьд зайлшгүй тооцож үзэх ёстой өнцөг.
Гэхдээ энэ асуудал зөвхөн цахилгааны хэмнэлтээр хязгаарлагдахгүй. Оройн нар гэдэг бол гэр бүлийн цаг юм.
Харанхуй эрт болохоор айлын амьдрал өрөө өрөөндөө салдаг. Хүүхэд нэг өрөөнд, эцэг эх өөр өрөөнд, нэг нь утсаа оролдож, нөгөө нь зурагт үзэж, гэр бүлийн хамтын цаг багасдаг. Харин 22:00 цаг хүртэл гэгээтэй байвал гэр бүл хамт алхах, хүүхэдтэйгээ тоглох, ахмад настнаа салхилуулах, хөршүүд уулзах, иргэд гадаа идэвхтэй байх боломж нэмэгдэнэ.
Оройн гэрэл бол зөвхөн нарны тусгал биш. Энэ бол гэр бүлийн харилцаа, хүүхдийн хөдөлгөөн, иргэдийн аюулгүй байдал, хотын амьдралын чанар, сэтгэл санааны тав тухтай шууд холбоотой нийгмийн үнэт цаг юм.
Мөн энэ зохицуулалт бизнесийн байгууллагуудад ч бодит үр ашигтай. Дэлгүүр, кафе, ресторан, үйлчилгээний газруудын хамгийн идэвхтэй цаг ихэвчлэн орой байдаг. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх, хооллох, гэр бүлээрээ гадуур гарах, алхах, үйлчилгээ авах нь нэмэгддэг.
Гэтэл харанхуй эрт болохоор үйлчилгээний байгууллагууд гадна хаяг, заал, үүд, шат, агуулах, хамгаалалтын гэрэлтүүлэг, гаднах талбайн гэрлээ зэрэг асаана. Энэ нь тухайн байгууллагын тог ашиглалт, гэрэлтүүлгийн зардлыг нэмэгдүүлдэг. Харин оройн гэгээ урт байвал гэрэлтүүлгийн хэрэглээ тодорхой хэмжээгээр багасч, үйлчлүүлэгчийн урсгал хадгалагдах хугацаа уртасна.
Өөрөөр хэлбэл оройн нар бол айл өрхийн хэмнэлт төдийгүй жижиг дунд бизнес, үйлчилгээний байгууллагын ашигт ажиллагааг дэмжих байгалийн үнэгүй нөөц юм. Хүмүүс харанхуй болохоор гэр рүүгээ яарах нь нэмэгддэг бол гэгээтэй орой үйлчилгээ авах, дэлгүүр хэсэх, хүүхэдтэйгээ гадуур алхах, гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх боломж илүү уртасдаг.
Ингээд харахад цагийн зохицуулалт гэдэг нь зүгээр нэг цагийн зүү урагшлуулах тухай асуудал биш юм. Энэ бол өглөө ашиглагдахгүй өнгөрч буй нарны гэрлийг оройн хамгийн идэвхтэй, хамгийн хэрэгтэй цагт шилжүүлэн ашиглах тухай асуудал юм.
Үүний үр дүн нь олон талтай байж болно. Айл өрхийн гэрэлтүүлгийн хэрэглээ буурна. Хотын оройн цахилгааны ачаалал багасна. Бизнесийн байгууллагуудын гэрэлд зарцуулах зардал тодорхой хэмжээгээр хэмнэгдэнэ. Үйлчилгээний байгууллагуудын ажиллах, ашиг олох боломжтой идэвхтэй цаг уртасна. Гэр бүл хамт байх, хүүхэд гадаа тоглох, иргэд алхах, хот амьдрах цаг нэмэгдэнэ.
Мэдээж цагийн хөдөлгөөн хийх эсэх асуудалд шууд шийдвэр гаргахын өмнө бодит тооцоо хэрэгтэй. 05:00-07:00 цагийн хооронд ашиглагдахгүй өнгөрч буй байгалийн гэрэл, 20:00-22:00 цагийн хооронд үүсэж буй цахилгаан хэрэглээ, айл өрхийн гэрэлтүүлэг, бизнесийн байгууллагуудын зардал, хотын гэрэлтүүлэг, оргил ачаалалд үзүүлэх нөлөөг нарийвчлан судлах шаардлагатай.
Гэхдээ нэг зүйл тодорхой. Эрчим хүчний хэмнэлт ярьдаг улс байгалийн үнэгүй гэрлийг хэрхэн зөв ашиглаж байгаагаа заавал эргэн харах ёстой.
Нар өглөө эрт мандаж, хүмүүс унтаж байх хооронд гэрэл дэмий урсаж, харин оройн идэвхтэй цагт айл өрх, бизнесийн байгууллага, хот даяараа цахилгаан гэрэл рүү шилжиж байгаа бол энэ нь бодлогын түвшинд ярих асуудал мөн.
Бид өглөөний нарыг унтаж алдаад, оройн харанхуйг цахилгаанаар худалдаж авсаар байх уу? Эсвэл байгалийн гэрлийг хүний амьдралын хамгийн хэрэгтэй цагтай нь уялдуулж ашиглах уу?
Энэ бол зөвхөн цагийн зүүний тухай маргаан биш. Энэ бол эрчим хүч, гэр бүл, бизнес, хотын амьдралын чанарын тухай асуудал юм.
Хэн юу хэлэв...
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 22-нд зохион байгуулна
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр нэр дэвшүүлэн томилогдож ажиллаж байсан С.Алтанцэцэг, В.Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг ажилласан юм.
Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа. Тэрбээр, сонгон шалгаруулалтын зарыг Parliament.mn болон олон нийтийн цахим хуудсаар нийтэлсний дагуу 19 төрийн бус байгууллагаас нэр дэвшигчийн материалыг ирүүлсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо нэр дэвшигчдийн материалтай холбогдуулан Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас шаардлагатай лавлагаа, мэдээллийг авчээ.
Ажлын хэсэг нийт гурван удаа хуралдаж, “Ажлын хэсгийн ажиллах түр журам”-ыг батлан мөрдсөн бөгөөд нэр дэвшигчдийн мэргэжил, нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэхийг харгалзан үзсэн байна.
Сонгон шалгаруулалтын дүнд нийт 19 нэр дэвшигчээс 10 нэр дэвшигчийг Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон холбогдох хууль, журмын шаардлагыг хангаагүй үндэслэлээр хасаж, үлдсэн 9 нэр дэвшигчийг шаардлага хангасан гэж дүгнэжээ.
Хуралдаанаар мөн нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Э.Адъяасүрэн, Ж.Билэгсайхан, Д.Наранцэцэг, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, Б.Энэрэлт, Л.Энхжин, Г.Энхбаяр, М.Төрманлай, Д.Гүн-Үйлс, Ч.Батцэнгэл нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Мөн нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхарыг сонгох тухай тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, эцэслэн баталсан байна.
Хэн юу хэлэв...
Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг
Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
-
Дэлхий нийтээр..2021/11/08
Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ
-
Үйл явдал2020/04/15
Т.Бадрал: Эрээн хотоос 50 иргэнийг татаж авч ирэх шийдвэрийг гаргалаа
-
Дэлхий нийтээр..2021/03/26
Эх орондоо ирэх зорчигчдын нэрсийг гаргахтай холбоотой зохицуулалтад өөрчлөлт ор...
-
Дэлхий нийтээр..2025/09/25
ЗГ: Австрали улстай Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр б...
