Дэлхий нийтээр..
УИХ: Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр, тус хуулийг боловсруулах үйл явц, хуулийг боловсруулах шаардлага хийгээд төслийг боловсруулахад хэрхэн ажилласан талаараа танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар захирамжаар байгуулсан. Уг ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулах ажлын хүрээнд парламентад суудалтай намууд болон бусад намууд, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын төлөөллийг хангасан олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг, уулзалт, ярилцлага хийсний зэрэгцээ хуулийн төслийн талаарх санал авахаар Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн бүх намуудад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр илгээж хуулийн төсөлд Улсын Их Хурал суудал бүхий бүх намуудаас болон бусад улс төрийн намуудын саналыг авсан талаар танилцуулаад Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулсан зарчмын шинжтэй өөрчлөлтийн талаар илтгэсэн юм.
Эцэст нь хуулийн төсөл батлагдсанаар улстөрийн намын эрх зүйн орчин сайжирч энэ хүрээнд гарах үр дүнг танилцуулж, улмаар улс төрийн намын шинэтгэлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын үндэс болсон иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөө баталгаажиж, намд итгэх иргэдийн итгэл дээшилж, төрийн бодлого, шийдвэр гаргах явцад ард иргэдийн шууд оролцоо нэмэгдэж, улс төрийн намуудад өрсөлдөөний ижил нөхцөл бий болгож, авлигын түвшин бууруулахад эерэг үр дүн авчирна гэв. Түүний дараа УИХ-ын гишүүн Н. Сарангэрэл Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа.
Тэрбээр, улс төрийн намуудын чиг үүрэг, дотоод зохион байгуулалтыг ардчилсан зарчимд нийцүүлж, нийт үйл ажиллагаа, хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалтыг ил тод, нийтэд нээлттэй болгох хэрэгцээ шаардлага үүссэн зэрэг хуулийн төслийг боловсруулах болсон үндэслэл, шалтгааныг дурдаад, гарах үр дүнг илтгэсэн. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг улс төрийн намд хяналт тавих Сонгуулийн ерөнхий хорооны эрх, үүргийн талаар, жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн улс төрийн намын дотоод ардчиллыг хэрхэн хөгжүүлэх, намыг үүсгэн байгуулах гишүүдийн тооны босго, намын анхан шатны байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой зохицуулсан эсэх, Улсын Их Хурлын гишүүн А.Адъяасүрэн намын дэргэд бодлогын судалгааны байгууллага заавал байх шаардлагатай эсэх, тус байгууллага нь сангийн хэлбэртэй байх эсэх, түүний санхүүжилтийн талаар, Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хоёр удаа дараалан нэр дэвшүүлэн оролцоогүй тохиолдолд Сонгуулийн төв байгууллага намыг идэвхгүйд тооцох шийдвэр гаргах зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан намыг идэвхгүйд тооцох шийдвэрийг хэрхэн гаргах, төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг хуулийн ямар шаардлага хангасан улс төрийн намд олгох, түүний хувь хэмжээний талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намыг энэ хуульд нийцүүлэн дахин бүртгэх эсэх, улсын төсвөөс намуудад олгох төрийн санхүүжилтийн хувь хэмжээ үйл ажиллагаанд нь хүрэлцэхүйц байхаар тооцсон эсэх, санхүүжилтийн үр дүнг хэрхэн үнэлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь улс төрийн намын болон сонгуульт гишүүний татварын хэмжээ, түүний бүрдүүлэлт, хүний нөөц, цалингийн систем, улс төрийн намд бүртгэлтэй хөрөнгө, түүнээс олох орлогыг хэрхэн тооцох талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил улс төрийн намын дотоод ардчиллын асуудлыг хэрхэн зохицуулсан, намын хандив, сонгуулийн үед олгох санхүүжилтийн хувь хэмжээ, хуулийн хэрэгжилтийг хэрхэн хангах, хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын зохицуулалтын талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар улс төрийн намын дотоод ардчиллыг хөгжүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байх зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгахад анхаарч ажиллах нь зүйтэй талаар саналаа илэрхийлсэн болно. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 90.9 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн болно гээд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг Та бүхнээс хүсье гэв.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүд намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, санхүүжилтийг ил тод нээлттэй болгох, дотоод ардчиллыг сайжруулах, хариуцлагажуулах зэрэг асуудлуудын хүрээнд Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийтийн мэдээллийн тухай хуулийн дагуу улс төрийн намууд 68 төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх учиртай. Тухайлбал, чиг үүрэг, үйл ажиллагаа, төсөв санхүү, худалдан авах үйл ажиллагаа, хандив гэх зэрэг мэдээллээ илгээх ёстой. Улс төрийн намын хуульд дээрх 68 төрлийн мэдээллийг машинд унших байдлаар нийтэд ил тод мэдээлэх асуудлыг хуульчилж болох эсэхийг асуусан. Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, улс төрийн намууд санхүүжилт буюу хандив, тайлан, үйл ажиллагаагаа ил болгох талаар тусгайлсан дөрвөн бүлэг орсон. Хэлэлцүүлгийн явцад хариуцлагын тогтолцоог сайжруулах заалтуудыг нэмж болно гэв. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа улстөрийн намуудаас болон иргэдээс хэрхэн санал авсан бэ, намын дотоод ардчиллыг сайжруулахад ямар заалт орсон, хууль хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, намын хатуу гишүүнчлэлээс татгалзах өөрчлөлтийн талаар төсөлд ямар заалт туссан бэ, Х.Болорчулуун мөн намын хатуу гишүүнчлэл ард түмнийг талцуулж байна, тухайлбал, сумын төвд намын үүр байх шаардлага байгаа эсэх талаар асуув.
Ажлын хэсгээс УИХ-ын гишүүдийн асуултад дараахь байдлаар хариуллаа. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 улстөрийн намуудаас санал авч, 10 гаруй удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нэгдсэн үндэсний байгууллага болон бусад хүний эрх, улстөрийн чиглэлийн судалгаа хийдэг олон улсын байгууллагуудаас санал, зөвлөмж авсан. Улстөрийн намыг харицлагажуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх талаар заалтууд орсон. Тухайлбал, тогтсон хугацаанд зохион байгуулалтын хурлаа хийдэггүй нам олон байна. Хэрэв цаг хугацаандаа хурлаа хийхгүй бол идэвхгүй болгох, татан буулгах хүртэл заалт орсон. Хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр өргөн барьсан.
Мөн хуулийн төсөлд намын хатуу гишүүнчлэлээс татгалзах заалтууд орсон. Төсөлд улс төрийн намын гишүүн, дэмжигч гишүүн, сонгуульт гишүүн гэж ангилсан. Тухайлбал, татвараа төлдөг, намын дотоод сонгуульд санал өгөх эрхтэй бол улстөрийн намын гишүүн гэж үзнэ. Харин намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, татвар төлөхгүй бол дэмжигч гишүүний ангилалд хамаарна. Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх эрх чөлөөнд хөндлөнгөөс шахалт үзүүлдэг байдлыг хаах тусгайлсан бүлэг оруулж өгсөн. УИХ-ын сонгуулийн тухай хууль, Улстөрийн намын тухай хуулиуд “хүйн холбоотой”. Тиймээс зарим зохицуулалт нь уялдаа холбоотой учраас нөхөгдөөд явах боломжтой. Түүнээс гадна энэ удаагийн хуулийн шинэчлэл улстөрийн намууд бодлогын институц болгон төлөвшүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх чухал заалтуудыг оруулсан. Улстөрийн намууд жилийн санхүүжилтийнхээ тодорхой хувийг судалгаа хийх, хөгжлийн бодлогоо боловсруулах чиглэлд зарцуулдаг байхаар тусгасан. Өөрөөр хэлбэл, улстөрийн нам мөрийн хөтөлбөрөө улс орны хөгжлийн бодлоготой уялдуулан боловсруулах ёстой. Хэрвээ үзэл бодлоороо нэгдэж, улстөрийн нам байгуулж байгаа бол хариуцлагажуулах талд чухал заалтууд орсон. Гэхдээ 10 мянгаас дээш хүн амтай суурин газар л улстөрийн нам байгуулна гэвэл Үндсэн хуулийн зөрчил үүснэ. Өөрөөр хэлбэл, цөөн хүн амтай газар амьдарсныхаа төлөө нам байгуулах эвлэлдэн нэгдэх эрхээ хуулиар хасуулна гэсэн үг. Улс төрийн нам өөрийн нэгж байгууллагыг байгуулах эсэхээ дүрмээрээ зохицуулж болно гэв. УИХ-ын гишүүн Х.Бадылхан, С.Чинзориг нарын гишүүд хуулийн төслийн 27. 3-т нийт сонгогчдын 2-оос дээш хувийн санал авсан намыг төрөөс санхүүжилнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, энэхүү 2 хувь гэсэн заалтыг тодруулах, мөн парламентад суудалгүй нам ч санхүүжилт авахаар заалт оруулсан үндэслэл юу болох талаар асуусан.
Я.Содбаатар, хуулийн төсөлд төрөөс улс төрийн намд өгч буй санхүүжилтын зарцуулалт, тайлан, хяналтыг цогцоор авч үзэхээр тусгалаа. Тухайлбал, сонгогчдын парламентад өгсөн саналтай уялдуулж санхүүжилт өгөх заалт оруулсан. Сонгогчдоос санал авч чадахгүй бол тухайн нам ард түмний дэмжлэггүй байна гэсэн үг. Нийт сонгогчдын 2-оос дээш хувийн санал авсан намд санхүүжилт олгоно гэж заасан. Сүүлийн дөрвөн удаагийн сонгуулийн үр дүнг авч үзвэл энэхүү босгыг давах нам цөөхөн байна. Тухайлбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, “Шударга ёс эвсэл”, Иргэний зориг гэсэн дөрвөн нам сонгогчдын 1 хувийн, 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН, АН, МАХН, Тусгаар тогтнол- Эв нэгдлийн эвсэл болон Бүгд найрамдах нам тус бүр 1 хувийн босго давжээ. Харин 2020 оны сонгуулиар 1 хувийн босгыг 4-5 нам давсан байна. Тиймээс 36 нам бүгдээрээ санхүүжилт авна гэж ойлгож болохгүй. Сонгуульд оролцохгүй намууд бас байна. Ийм намыг идэвхгүй болгох, улмаар татан буулгах арга хэмжээ авахаар төсөлд туссан.
Мөн улс төрийн үйл ажиллагааны зардлыг багасгах, намд өгч буй хандивыг тодорхой болгох заалтууд орсон. Нэг хуулийн этгээд эцсийн өмчлөгчөөрөө 27 сая төгрөг буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн байдлаар, хувь иргэн улстөрийн нэг намд нийлбэр дүнгээрээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэн буюу 6 сая төгрөг хүртэл хандивлах боломжтой. Мөн санхүүжилтийн зарцуулалтыг хуульчлан заахаар тусгаж байна. Тухайлбал, зардлынхаа 15 хувийг бодлого боловсруулах судалгаанд, 15 хувийг иргэдийн соён гэгээрүүлэх улстөрийн боловсролд, 20 хувийг нийгмийн тодорхой бүлгүүдийг дэмжихэд зарцуулахаар зааж өгөх жишээтэй. Зардлын тайланд аудит оруулах, олон түмний өмнө нээлттэй хэлэлцэх зэрэг өөрчлөлт орж байна гэв.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа хуулийн ач холбогдолыг үнэлж, авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох, улстөрийн намд итгэх иргэдийн итгэлийг эргэн олж авах зэрэгт ахиц гарах ёстой гээд намын дотоод ардчиллыг хөгжүүлэхэд ямар заалт орсон тухай асуусан бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар, намыг идэвхгүйд тооцох, татан буулгах, өөрчлөн байгуулах, үйл ажиллагааг зогсоох, тараах зэрэгт төрийн оролцоо давамгай байгааг анхаарсан эсэх, УИХ-ын гишүүн Ц.Туваан улстөрийн намыг хэрхэн бүртгэх, тамга тэмдэгийн холбоотой заалт орсон эсэх талаар асуув.
Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, одоогийн хуулиар улстөрийн нам байгуулах процесст нэлээн өндөр шаардлага тавьж, бүртгэчихээд цаашдын үйл ажиллагааг хяналтгүй орхидог. Намууд бүртгүүлсэн бол цаашдын үйл ажиллагаа нь хяналтгүй байна. Тиймээс намуудын өдөр тутмын үйл ажиллагааг хянан зохицуулж байх төрийн байгууллага байх ёстой гэж үзсэн. Сонгуулийн төв байгууллагыг хянаж явах зохимжтой гээд чадавхийг нэмэгдүүлэхээр заалт оруулж ирсэн гэж хариуллаа.
Ажлын хэсгийн гишүүн, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх А. Бямбажаргал, 2021 оныг хүртэл хэрэг хянан шалгах ажиллагааны журмаар намыг бүртгэж ирсэн. Өөрөөр хэлбэл, гурван шүүгчийн саналаар намыг бүртгэх, эс бүртгэхийг шийдэж иржээ. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр Сонгуулийн төв байгууллагад өргөдлөө гаргасны дараа тодорхой шаардлага хангасан тохиолдолд Улсын дээд шүүхэд шилжүүлэхэд нийт шүүгчийн хуралдаанаар намыг бүртгэх, эс бүртгэх асуудлыг шийдэхээр тусгаж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш Сонгуулийн төв байгууллага намыг бүртгэсэн гэрчилгээг 5 хоногийн дотор гаргаж өгөх ёстой гэж тусгасан. Намыг бүртгэх үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн байгууллага оролцохгүй болсон гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар, улс төрийн намууд ард иргэдийн хүсэл зориг, санал бодлыг илэрхийлж чадаж байна уу гэсэн асуултад иргэдийн 87 хувь нь “чадахгүй”, 46,5 хувь нь улс төрийн намууд хэрэггүй, улс төрийн нам өөрөө авлигыг өдөөгч хүчин зүйл хэмээн хариулсан байна. Тиймээс улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл суларсан нь ардчиллын нэр хүндэд нөлөөлж байна. Хуулийн төсөлд улс төрийн нам ард түмний хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж чадах улстөрийн институц байх суурь ойлголтыг буй болгох, дотоод ардчиллыг бэхжүүлэх, санхүүжилтийг ил тод олон нийтийн хяналтад байх чиглэлд ямар заалт оруулсан талаар асуулаа.
Я.Содбаатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулан 18 жилийн дараа шинэчлэн найруулж, УИХ-д өргөн бариад хэлэлцүүлж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд улс төрийн намын талаархи гурван чухал заалт орсон. Эдгээр заалтын дагуу намыг дагасан шүүмжлэлүүдийг засах чиглэлд хуулийн төслийг боловсруулсан. Улстөрийн нам бодлогын институц байхын тулд хөгжлийн бодлогоороо өрсөлддөг, үзэл санаа, үнэт зүйлээрээ эвлэлдэж, хариуцлагатай хүчин болон төлөвшиж, хөгжихөд энэхүү хуулийн шинэчлэл оршиж байна. Тухайлбал, намын санхүүжилтийг ил тод байхаас гадна төсвөөс өгч буй мөнгөний зарцуулалтын зориулалтыг хүртэл нарийвчлан зааж өгсөн. Хандив нэрээр өгч буй авлига, хээл хахуулийг зогсоох, нэг хүний эсвэл хэсэг бүлэглэлийн нам байхыг хязгаарлаж, дотоод ардчиллыг бэхжүүлэх, хариуцлагажуулахад анхаарсан гэв. Үдээс хойших нэгдсэн хуралдаанаар асуулт, хариулт үргэлжиллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
Дэлхий нийтээр..
“Al Jazeera”-гийн сэтгүүлч амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийллээ
-
Дэлхий нийтээр..2021/06/11
Нисэх онгоцны шинэ буудал долоодугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ
-
Дэлхий нийтээр..2021/11/07
Европт нэрээ гаргасан Монголын хамгийн анхны төгөлдөр хуурчийг өнөөдөр нэхэн дур...
-
Дэлхий нийтээр..2025/01/24
Айл өрхөд шинээр мөрдөж буй цахилгааны үнэ
-
Дэлхий нийтээр..2025/12/31
Өнгөрсөн 7 хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 241 хэргийг ...
