Дэлхий нийтээр..
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Оюу Толгойн гүний уурхайн талаар Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд хандан Оюу Толгойн гүний уурхайн талаар асуулга тавьжээ. Тэрбээр өнөөдөр (2023.04.14) энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулгадаа, Оюу толгойн гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт гэдэг. Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх өндөр технологийн зэс, алтны уурхайтай болж, олон улсын зах зээлд энэ чиглэлээр томоохон тоглогчдын нэг болно гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна. “Оюу Толгой” ХХК 2021 онд 163,000 тонн зэс үйлдвэрлэсэн. Ил болон гүний уурхай 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажилласнаар жилд 500 мянган тонн зэс олборлохоор төлөвлөж, цаашдын таван жилд дунджаар 350 мянга орчим тонныг авах тооцоотой байна.
Гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр 2023 оны эхний хагас жилд үйл ажиллагаа жигдэрч бүрэн чадлаараа ажиллах, ингэснээр “Оюу Толгой” ХХК 5тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, гурав дахин нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ. Иймд Монгол УИХ-ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн гүний уурхай ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт үзүүлэх үр өгөөжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах зорилгоор дараах асуулгыг тавьж байна.Үүнд:
1. Монгол Улсын ногдол ашиг авч эхлэх албан ёсны баталгаат хугацаа, мэдээлэл, судалгаа ( жил тус бүрээр) ;
2. 2023-2041 онуудад Монгол Улсын төсөвт орох татвар, борлуулалтын орлого, бусад орлогын талаарх эдийн засгийн дэлгэрэнгүй тооцоолол, шууд болон дам үр өгөөжийн талаарх урьдчилсан тооцоо судалгаа;
3. Гүний уурхай ашиглалтад орсноор 2023-2041 онуудад нэг жилд хэрэглэх усны зарцуулалт, ашиглалтын хэмжээ, нарийвчилсан тооцоолол, төлбөр тооцоо, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;
4. Нэг жилд олборлох зэсийн баяжмал доторх алтны хэмжээ болон 1тонн баяжмалд агуулагдах бусад элементүүдийн нэр төрөл, хэмжээг тогтоох, 2023-2041 он хүртэл жил бүрээр гаргасан ойролцоо тооцооллын дэлгэрэнгүй мэдээлэл;
5. Оюу Толгой компанийн олборлож байгаа баяжмалын сорьц дээж, түүнд агуулагдах алт, мөнгө, зэс болон бусад ховор элементүүдийн хэмжээг ил тод, үнэн зөв тогтооход хамтран ажиллах чиглэлээр Засгийн газраас баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээлэл;
6. Гүний уурхайгаас олборлож байгаа алтыг Монголбанк худалдан авах талаар Монгол Улсын Засгийн газраас баримтлах бодлого, авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон энэ чиглэлийн гэрээ хэлэлцээр хийгдэж байгаа эсэх талаарх мэдээлэл;
7. 2022 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын нийт өр 33,4 тэрбум ам доллар байгаа. Үүнээс Засгийн газрын өр 8 тэрбум гаруй ам доллар, Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувь ( Эрдэнэс Оюу Толгой ХХК) -д ногдох Оюу Толгой ХХК-иас Туркойс Хилл Ресурсес Лтд-д төлөгдөх 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хуримтлагдсан 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэсэн. Энэ өр өнөөдрийн байдлаар манай нийт өрөөс хасагдаагүй байна. Үүнийг хасуулах чиглэлээр хийж байгаа ажил, түүний үр дүнгийн талаарх тайлбар;
8. Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа нь Монгол Улсын зээлжих зэрэглэл болон гадаадын хөрөнгө оруулалт татахад сөрөг нөлөө үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар Оюу Толгой төслийн үүссэн 12.5 тэрбум ам долларын өрийг төлүүлэх, багасгах чиглэлээр Засгийн газрын бодлого, яриа хэлцэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд;
9. Монгол УИХ-ын 2021 оны “Оюу Толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай“ 103 дугаар тогтоолыг биелүүлэх чиглэлээр Засгийн газрын хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаарх мэдээлэл зэрэг болно гэжээ.
Асуулгын хариуг УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан хугацаанд ирүүлж, Монгол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна уу! хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэд хандсан асуулгад дурдсан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
-
Үйл явдал2021/09/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Дэлхий нийтээр..2021/03/27
СКАЙтел ХХК “100 бэлэг авах 100 хэрэглэгч”-ийг тодруулна
-
Үйл явдал2022/09/19
Нийслэлийн хэмжээнд 450 цэгээр сайжруулсан шахмал түлш борлуулж байна
-
Чөлөөт бүс2021/03/29
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувьд тарвага амьдрах боломжтой
