Дэлхий нийтээр..
БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг энэ сарын 17-нд бүртгэнэ
1. Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл
- Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 09:00- 17:30 цагийн хооронд зөвхөн дурдсан өдөр, цагт нэвтэрч бүртгэл хийлгэнэ/
- Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
- Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлнэ.
- Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн 5 асуултын 3 асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
- Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
- Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
- Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./
- Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна
- Үйлчилгээний салбарт сонгон шалгаруулж авах хүний тоо 207
- 2023 оны бүртгэлд хамрагдсан иргэдийг бүртгэхгүй.
2. Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл
- Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
- Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ.
- Бүртгэлийн хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 17-ны өдөр 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/
- Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.
3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага
- 18- 39 настай байх (1983 оны 4-р сарын 19-нөөс 2005 оны 4-р сарын 18-ны өдрийн хооронд төрсөн байх);
- Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
- БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
- БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
- БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
- Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
- Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
- Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.
4. АНХААРУУЛГА
- ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРИЙГ WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MN, WWW.MONKOR.NET ЦАХИМ ХУУДСАНД ТУХАЙ БҮРТ ЗАРЛАН МЭДЭГДЭНЭ.
- СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ИРГЭДЭЭР ДАМЖУУЛАН АЛИВАА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ.
Эх сурвалж. ХХҮЕГ
Дэлхий нийтээр..
Кушнер: Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явц 30 хоногийн дотор эхэлж магадгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Жаред Кушнер Газын зурвасыг цэрэггүйжүүлэх үйл явцад ойрын 30 хоногт бодит ахиц гарч магадгүй гэж мэдэгдлээ.
Кушнер наймдугаар сарын 17-нд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай Иерусалимд уулзсаныхаа дараа Fox News-т ярилцлага өгөхдөө эхний ээлжид зэвсгийг ашиглалтаас гаргах ажиллагаа эхэлж, дараагийн 60-90 хоногт газар доорх хонгилуудыг хаах ажил урагшилна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Кушнер Израильд очихоосоо өмнө Египетэд ХАМАС-ын удирдлагын төлөөлөлтэй уулзсан байна. Тэрбээр ХАМАС зэвсгээ хураалгахтай холбоотой амлалтаа бодит үйлдлээр харуулах шаардлагатайг мэдэгдсэн бөгөөд эс биелүүлбэл Израиль цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхэд АНУ болон бусад түншээс илүү хүчтэй дэмжлэг авах болно гэж анхааруулжээ.
АНУ-ын дэвшүүлсэн төлөвлөгөөнд Газын зурвасыг цэрэггүйжүүлэх, ХАМАС-ын зэвсгийг хураах, цэргийн зориулалттай дэд бүтэц болон хонгилуудыг устгах асуудал багтаж байгаа юм. Гэвч уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх дарааллын талаар талуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.
Израилийн тал ХАМАС бүрэн зэвсгээ хураахаас өмнө Газын зурвасаас цэргээ гаргахгүй гэсэн байр суурьтай байгаа бол ХАМАС Израилийн цэргийн ажиллагааг зогсоож, цэргээ татах асуудлыг эн тэргүүнд тавьж байна. Кушнерийн хоёр өдрийн уулзалтуудын дараа ч энэ үндсэн зөрүүг арилгасан тохиролцоонд хүрээгүй гэж Reuters мэдээлжээ.
Кушнер мөн Газын зурвасыг цэрэггүйжүүлэхээс өмнө өргөн хүрээний сэргээн босголтыг эхлүүлэхгүй гэсэн АНУ-ын байр суурийг илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Израильд бодит аюул тулгарсан нөхцөлд өөрийгөө хамгаалах эрхийг нь АНУ хязгаарлахгүй гэж мэдэгджээ.
Уулзалтын үр дүнд Газын зурвасын аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, мөн дэд бүтэц, нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцах хоёр ажлын хэсэг байгуулахаар тохирсон ч энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар талууд эцсийн тохиролцоонд хүрээгүй байна.
Дэлхий нийтээр..
Иран АНУ-ын цэргийг Ормузын хоолой, Персийн буланд нэвтрүүлэхгүй гэв
Ираны Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Амир Хатами АНУ-ын цэргийн хүчнийг Персийн булан, Оманы булан болон Ормузын хоолойн бүсэд эргэн байршихыг Иран зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ.
Хатами наймдугаар сарын 16-нд Тегеранд болсон арга хэмжээний үеэр сэтгүүлчидтэй уулзахдаа АНУ-ын цэргийн хүчийг бүс нутгаас шахан гаргах нь нэгэнт бодит болсон гэж мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын цэргийн бааз, хүчний байрлал өмнөх байдалдаа эргэн орох боломжгүй бөгөөд Иран үүнийг зөвшөөрөхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Энэ мэдэгдэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ормузын хоолойн хяналтын талаар удаа дараа хатуу байр суурь илэрхийлж буй үед гарч байна. Трамп наймдугаар сарын 12-нд АНУ Ормузын хоолойг “бүрэн хянаж байгаа” гэж мэдэгдсэн бол наймдугаар сарын 14-нд Ираныг ялсны дараа тус хоолойг АНУ-ын нутаг дэвсгэр болгон зарлах тухай ярьсан юм.
Хатами Трампын мэдэгдлийг няцааж, Ормузын хоолой дахь Ираны байр суурийг хамгаална гэдгээ илэрхийлжээ. Түүний мэдэгдэлд АНУ-ын цэргийн хүч бүс нутагт эргэн байрших аливаа оролдлогод Иран хатуу хариу үзүүлнэ гэсэн агуулга багтсан байна.
Түүнчлэн Хатами АНУ-ын цэргийн алба хаагчийг байлдааны нөхцөлд хөнөөсөн эсвэл олзолсон тохиолдолд 30 мянган ам.долларын шагнал олгохоо мэдэгдсэн байна. Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр шагналын хөрөнгийг иргэдийн хандиваар бүрдүүлэх бөгөөд эмэгтэй хүн ийм үйлдэл хийсэн тохиолдолд шагналыг хоёр дахин нэмэгдүүлж, 60 мянган ам.доллар болгоно гэжээ.
Ормузын хоолойн хяналт АНУ, Ираны хоорондын сөргөлдөөний гол асуудлын нэг хэвээр байна. Трампын засаг захиргаа АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин хоолойг хянаж байгаа гэж мэдэгдэж байгаа бол Ираны тал стратегийн усан зам дахь өөрийн байр суурийг хадгалсаар байна. Наймдугаар сарын 18-ны байдлаар ч талуудын байр суурь зөрүүтэй хэвээр бөгөөд Ормузын хоолойн хөдөлгөөн бүрэн хэвийн болоогүй байна.
Дэлхий нийтээр..
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
