Дэлхий нийтээр..
Азийн олимпын зөвлөлийн ерөнхий Ассамблей Ташкент хотноо боллоо
Узбекистан улсын Ташкент хотноо АОЗ-ийн 46 дахь удаагийн Ерөнхий ассамблей амжилттай зохион байгуулагдаж гишүүн 45 улсын ҮОХ-д, ОУОХ, ҮОХХ, Олон улсын спорт холбоодын төлөөлөл болон ирэх наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөгчид оролцсон байна.
Ерөнхий ассамблейн үеэр АОЗ-ийн үйл ажиллагааны тайлан мэдээлэл, салбар хороодын тайлан, АОЗ-ийн дүрмийн өөрчлөлт, Харбин 2025 Азийн өвлийн наадмын тайлан, Санъя 2026, Айчи Нагояа 2026 Азийн наадам, Рияд 2026 Азийн танхимын болон тулааны спортын наадмын товч мэдээллүүд явагдлаа.

Хурлын үйл ажиллагаанд Укбекистан улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Шавкат Мирзиёев оролцож, нийт оролцогчдод талархал илэрхийлэв. Ерөнхий ассамблейд ОУОХ-ны гишүүн, АОЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ГХА-ны дарга Б. Баяртуяа нарын төлөөлөгчид оролцов.
Мөн АОЗ-ийн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ража Рандхир Сингх нь эрүүл мэндийн шалтгааны улмаас цаашид албан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн асуудлыг шийдвэрлэх сонгууль өнөөдөр болж Катар улсын ҮОХ-ны Ерөнхийлөгч Шейх Жоаан Бин Хамад Аль Тани сонгогдлоо. Тэрээр АОЗ-ийн 22 дахь Ерөнхийлөгчөөр 2028 оныг дуустал ажиллах бөгөөд энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчгүй ганцаар нэр дэвшсэн юм.
Дэлхий нийтээр..
НҮБ дайн үргэлжилбэл дэлхийд өлсгөлөн нэмэгдэх эрсдэлтэйг анхааруулав
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр (WFP)-өөс 2026 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан мэдэгдэлд дурдсанаар, Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил үргэлжилбэл дэлхийн хэмжээнд нэмэлт 45 сая хүн хурц өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Энэ талаар НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Синди Маккейн анхааруулахдаа, геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд ноцтой дарамт учруулж байгааг онцолсон байна.
Тус байгууллагын мэдээлснээр, дайн, зөрчил нь зөвхөн тухайн бүс нутагт төдийгүй дэлхийн хүнсний хангамж, тээвэр логистик, эрчим хүчний зах зээлд шууд болон дам нөлөө үзүүлж байгаа аж. Үүний улмаас хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт тасалдах, эмзэг эдийн засагтай орнуудын худалдан авах чадвар буурах зэрэг сөрөг үр дагавар нэмэгдэх төлөвтэй байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар хэдийнэ олон сая хүн хүнсний хомсдолд өртөөд байгаа бөгөөд дээрх нөхцөл байдал үргэлжилбэл энэ тоо цаашид огцом нэмэгдэх эрсдэлтэйг НҮБ онцолсон байна. Иймд олон улсын хамтын нийгэмлэгийг зөрчлийг намжаах, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх, хүнсний хангамжийг тогтвортой байлгахад анхаарахыг уриалжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн тогтворгүй байдал нь дэлхийн эдийн засаг, ялангуяа хүнсний аюулгүй байдалд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд энэ чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.
Дэлхий нийтээр..
Хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил хурдасч, дэлхийн өрсөлдөөн шинэ шатанд хүрэв
Сүүлийн жилүүдэд хиймэл оюунд суурилсан технологийн хөгжил эрчимжиж, дэлхийн томоохон компаниудын өрсөлдөөн шинэ шатанд хүрлээ. Үйлдвэрлэл, тээвэр, мэдээллийн технологийн салбарт автоматжуулалт, ухаалаг системийн хэрэглээ эрс нэмэгдэж, хүний оролцоог багасгах чиг хандлага давамгайлж байна.
Хиймэл оюуны шинэ үеийн загварууд илүү нарийвчлалтай, хурдтай ажиллах чадвартай болж, их хэмжээний өгөгдлийг богино хугацаанд боловсруулах боломжийг өргөжүүлэв. Энэ нь бизнесийн шийдвэр гаргалтад шууд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Жолоочгүй тээврийн хэрэгсэл, роботжуулсан үйлдвэрлэл бодит хэрэглээнд улам ойртож, туршилтаас хэрэглээ рүү шилжих үе шат идэвхжив.
Нөгөө талаас дата төвүүдийн хүчин чадал нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ өсөж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн асуудал олон улсын анхаарлын төвд орж байна.
Мөн технологийн энэ хурдац хөдөлмөрийн зах зээлд өөрчлөлт авчирч, зарим ажлын байр буурч, шинэ ур чадварын эрэлт нэмэгдэх нөхцөл бүрдэв.
Иймээс улс орнууд технологийн бодлогоо шинэчилж, инновац, хүний нөөцийн бэлтгэлийг чухалчлах шаардлага улам тодорч байна.
