Дэлхий нийтээр..
ЭЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг хийв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар явуулах үед Байнгын хорооноос тавьсан хүсэлтийн дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хороогоор дахин явуулахаар шийдсэн юм. Ажлын хэсэг болон ажлын дэд хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд хуралдсан байна. Ингээд нийтийн зориулалттай төмөр зам нь төрийн өмчит буюу төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн өмчлөлд байх, улсын хилийн боомт чиглэлийн болон хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах нь зүйтэй хэмээн үзэж холбогдох саналын томьёоллыг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын Хилийн тухай хуулиар боомтын дэд бүтэц улсын хил дамнасан байгууламж хилийн боомт гэсэн ойлголтыг тодорхойлсон заалтуудтай уялдуулан хөрш оронтой төмөр замаар замын хил дамнасан байгууламж барих ашиглах үйл ажиллагаатай холбоотой асуудал, ялангуяа улсын хил рүү чиглэсэн хил дамнасан төмөр замын өмчлөгч нь 1 хуулийн этгээд байх шаардлага үүсэж байгаатай холбогдуулан саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцууллаа.
Дээрх танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батлут асуулт асууж, хариулт авав. Төмөр замын салбарын ажиллагсдын нийгмийн асуудал, ажлын байрны нөхцөл, хүний нөөцийн бодлогын талаар тодруулсан гишүүний асуултад Ж.Бат-Эрдэнэ гишүүн хариулахдаа “Тус салбар нь хөдөлмөрийн онцлог нөхцөлтэй бөгөөд одоогийнхоо жишгээр дотоод дүрэм, журамдаа нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудаа нарийвчилан тусгаад явах нь зүйтэй гэж үзсэн. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төмөр замын тээврийн байгууллагад 25 болон түүнээс дээш жил ажилласан эрэгтэй, 20 болон түүнээс дээш жил ажилласан эмэгтэй ажилтан төмөр замын тээврийн байгууллагаас өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бол арваас доошгүй сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зохицуулалтыг тусгаад байна. Салбарт хэрэгжиж эхэлж буй томоохон төслүүдтэй холбоотойгоор хүний нөөцийн асуудал хөндөгдөж байгаа. 7000 орчим мэргэжилтэн шаардлагатай гэдэг судалгааны дүн гарсан. Дотооддоо бэлтгэхээс гадна ОХУ, БНХАУ-д төмөр замын салбарын мэргэжилтнүүдийг үе шаттайгаар бэлтгэхээр зохицуулалтуудыг хийж байгаа” гэлээ.
Байнгын хорооны өмнөх хуралдаанаар явуулсан төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор дахин санал хураалт явуулах шаардлагагүй хэмээн Байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг танилцуулаад, ажлын хэсгээс бэлтгэсэн саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалтыг явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтож, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Холбооны Канцлер Фридрих Мерц бараалхлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Германы “Стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.
Мөн 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.
Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
-
Хэн юу хэлэв...2025/04/18
Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй лагий...
-
Үйл явдал2023/06/14
Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/04/10
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Дэлхий нийтээр..2020/10/01
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо
